Их Британийн Элчин сайдын яамны ажилтныг Москвад мэдээлэл дамжуулсан хэргээр Мягмар гаригт баривчилсан талаар Германы Прокурорын газраас өчигдөр мэдээллээ. Их Британи иргэншилтэй, 57 настай ажилтанг Оросын тагнуулын албанд мэдээлэл дамжуулсныхаа төлөө бэлэн мөнгө авсан байж болзошгүй гэж үзэж байна. Түүнийг ажил мэргэжлийнхээ хүрээнд олж авсан мэдээллээ Оросын тагнуулын албаны төлөөлөгчид нэг биш удаа дамжуулсан байж болохыг Германы холбооны ерөнхий прокурорын газраас мэдэгджээ.
Германы хууль тогтоомжийн дагуу тухайн ажилтны бүтэн нэрийг зарлаагүй бөгөөд түүнийг Берлиний ойролцоох Потсдам хотоос баривчилсан аж. Баривчилгааг Герман, Их Британийн эрх баригчдын хамтарсан мөрдөн байцаах ажиллагааны үр дүнд явуулсан байв. Мөн мөрдөх ажиллагааны хүрээнд орон гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн байна. Хүйтэн дайны үед Ким Филби болон "Кембрижийн тав" гэгддэг Британийн бусад тагнуулчид ЗХУ-д мэдээлэл дамжуулдаг байсныг энэ цаг мөчид эргэн дурсаж, цөөнгүй харьцуулалтыг хийжээ.
Их Британийн Аюулгүй байдлын алба болох “MI5” Орос, Хятад зэрэг орнуудаас хийж буй тагнуулын ажиллагааг терроризмын хэмжээнд авч үзнэ хэмээн мэдэгдсэн юм. “MI5”-ын ерөнхий захирал Кен Маккаллум тус албаны Лондон дахь төв байр “Thames House”-д хэлсэн үгэндээ “Гадаадын тагнуулчид эрх бүхий албан тушаалтныг хахуульдан, зөрчил тэмцэл үүсгэж, дэд бүтцийг сүйтгэхийг оролддог” гэжээ. Харин Москва, Бээжин хоёул энэ буруутгалыг үгүйсгэдэг бөгөөд хий хардах байдлаа даван туулахыг Баруунд зөвлөдөг байна.
С.Нарангарав
Эх сурвалж: NBC News
Холбоотой мэдээ