ОХУ-ын Сахалин арал дээр сансарт ниссэн анхны хүн Юрий Гагарины хөшөөг хогон дунд хаясан байжээ. Иймд сансар судлалын "Роскосмос" агентлаг арлын удирдлагуудаас тайлбар шаардсан байна. Ингэхдээ “Роскосмос Сахалин арлын удирдлагуудаас тайлбар нэхэж, хөшөөг сэргээн засварлахыг шаардаж байна” хэмээн бичжээ.
Хөшөө анх Невельск дүүргийн голын ойролцоо овоолготой хог дээр эмхэрч хэмхэрсэн байдалтай олджээ. Хөшөө байсан газарт өдгөө шатахуун түгээх станц барьсан байна.
Энэ талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн даруйд Сахалины захирагч Валери Лимаренко хөшөөг сэргээн засаад, голын эрэг дээр байрлуулахаа амласан аж. Тэрбээр “Энэ бол агуу эх орныхоо ариун түүхийг хүндлээгүй адгийн явдал. Тиймээс Юрий Алексеевич Гагарины хөшөөг нэн даруй сэргээн засна. Тийнхүү есдүгээр сарын 1-н гэхэд хөшөөг шинэ газар байрлуулсан байх болно” хэмээжээ.
Хөшөө анх 2007 онд Невельск дүүргийн үүдэнд байрлаж байв. Харин дүүргийн ахлагч Алексей Шабелникийн хэлснээр хөшөөг хэт хуучирч, засвар авахааргүй болсон учир хаясан аж. Тэрбээр “Бид өнгөрсөн жил Гагаринд зориулж цоо шинэ хөшөө хийсэн. Тиймээс ч хуучныг нь хаясан юм. Гэхдээ хаясан хөшөө яагаад голын эрэг дээр хогон дунд байсныг би ойлгохгүй байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ