“Хурцын” тасгийнхан

Хуучирсан мэдээ: 2021.08.13-нд нийтлэгдсэн

“Хурцын” тасгийнхан

“Хурцын” тасгийнхан

ОРШИХУЙ ЭС ОРШИХУЙ

“Энэ хүндээ хэрэгтэй юмыг нь бэлдэж өгсөн үү. Тамхи тариаг нь дөхүүлж өгөөрэй. Шөнө сүйд болно шүү. Би авч өгч чадахгүй шүү. Надад мөнгө ч алга” гэж богино цамцаа толгойдоо алчуур болгон боож, өмдөө гэдсээ давуулан цээж хүртлээ татсан омогтой эр хаалга саваад гарч одов оо. Бүгд хянагчийн зөвшөөрлөөр орж эсвэл гардаг эл газрын хууль түүнд үйлчилнэ ээ, гонж. Зэрвэс харвал нүд эргэлзэж, эв хавгүй хувцаслаж, зэвүүцэл төрүүлэхүйц үг яриатай, айдас төрүүлэм ааш аягтай нөхдүүдээр дүүрэн эл газрын өвчтнүүдийн энэ мэт авирын цаана нуугдсан сэтгэлийн мухарт эмгэнэлт, өрөвдөлтэй, аймшигтай, гунигт харууслын түүх нуугдана.  Энэ бол бидний дундаас тэсвэрлэхийн аргагүй зовлонд учирч, түүнээсээ болоод сэтгэцэд нь өөрчлөлт орж, нийгмээсээ тусгаарлагдсан хүмүүсийн хорогдох байр. Түүнийг бид “Шар хадны Хурцын тасгийнхан” гэх авай. Тэд бол өвчтэй хүмүүс. Тиймээс ч хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй улс. Тэд аюултай. Өвчин нь сэдэрсэн үед бүр ухаангүй үйлдэл хийх учраас үе үехэн энд тусгаарлан эмчилдэг.

Эрүүл саруулаар сэтгэж, оюун дүгнэлт хийх чадваргүй тэднийг бид галзуу гэлцэх хэрнээ өөрсдөө заримдаа тэднээс дутахааргүй ааш авир, шийдвэр гаргах аж.  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд болж буй үйл явдлыг харвал хачин жигтэй олон алхмууд маань галзуу хүний хийсэн явдал шиг харагдана. Энэ хэрэгтэй холбоотойгоор орсон, гарсан.  Нээсэн, хаасан, нэмэгдсэн, хасагдсан, харлуулсан, цайруулсан баримтууд, түүнтэй холбоотойгоор хүмүүсийн ярьсан, ялласан, буцсан зүйлийг харвал жинхэнэ галзуу хэрэг явдал болно. С.Зориг оршиж байсан. Оршиж ч байгаа. Гэхдээ эс оршсон. Бас оршуулсан. Эл хэргийн араас явсан зарим нь дэвшсэн, зарим нь буруудсан, нэг хэсэг нь үхсэн, нөгөө хэсэг нь сэхсэн.

САЙН ТАГНУУЛ

Эл хэрэгт сэжиглэн Д.Энхбат агсныг Францаас хулгайлан авчирч, эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааг явуулсан хүн гэж ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хэлдэг, ярьдаг. Тэрээр М.Энхболдыг тагнасан, чагнасан хэрэгт бас холбогдож байсан. Харин Б.Хурц хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэг явдлын талаар “Намайг Монгол Улсаас Унгарт суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад “Монголоос Д.Энхбатыг баривчлах гэж төвөөс хүмүүс ирнэ. Д.Энхбат тийм газар байх шиг байна. Тэр хүмүүст Улаанбаатар руу авч явахад нь туслах хэрэгтэй” л гэсэн. Миний оролцоо Францаас барьж, Монгол руу нисгэх хүртэл үргэлжилсэн” гэжээ. Тухайн үед Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан бөгөөд Д.Энхбат агсаныг баривчлах тушаалыг түүнийг өгсөн гэж Б.Хурц хэлжээ. Тэрээр эл хэргээр Германд баривчлагдсан. Эл хэргийг нууцаас гаргах хүсэлтийг 2017 онд Б.Хурц бичгээр өгсөн бөгөөд энэ хоёр хоорондоо хэвлэлээр маргалдах тоолонд ямар нэгэн байдлаар Ц.Нямдоржийг Хятадын тагнуул, Ц.Нямдорж Хууль зүйн сайд болох үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг зогсдог гэдгийг хэлдэг.  Үнэхээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг ял авсаны дараа эрүүдэн шүүх, хүчээр хэрэг тулгасан гэж Ц.Нямдорж сайд хэлж, прокурор Г.Эрдэнэбат, Б.Хурц нарыг шалгах хэрэгтэй гэж мэдэгдэж эхэлсэн.

Ц.Нямдоржийг гүтгэсэн, улсын нууц задруулсан хэргээр 7 жилийн ял авсан ТЕГ-ын дарга асан Ж.Баатар генерал Нямдоржийн тухай захидлаа өгөөд л би тэр орой нь есдүгээр сарын 26-нд халагдсан. Би хэл ам ч хийгээгүй.  Намайг халагдахаас өмнө тодорхой хэмжээгээр оролддог байснаа тэр үеэс эхлэн намайг тагнаж, найз нөхдийг минь шорон оронд хийх гэж оролдож эхэлсэн хэмээн гарч ирсэнийхээ дараахан нь хэвлэлд ярилцлага өгсөн байдаг.

Харин 2017 онд Ж.Баатар генерал “Би 1996 онд биш бүр 1990 оноос л Нямдоржийг хятадын тагнуулын байгууллагатай холбогдсон хэмээн сэрдэж байсан. Хятад улс 1900 оноос хойш Монголд хэрэгжүүлэх тагнуулын бодлогоо боловсруулж эхэлсэн” гэсэн байдаг. Түүнчлэн “Цензургүй яриа” нэвтүүлэгт оролцохдоо нотлох баримтууд нь бий талаар ярьжээ.

Ийнхүү тагнуулын байгууллагыг удирдаж асан хоёр дарга Ц.Нямдоржийг тагнуул гэдэг. Харин мөнөөх тагнуул нь, Японы тагнуул гэх нэрийдлээр хэлмэгдүүлсэн 1937 оныг тэр тоолонд сануулж, өөрийг нь хэлмэгдүүлэх гэж буй тухай ярьдаг билээ. Ганц тодорхой зүйл гэвэл улайдаг тагнуулчийг ямар тагнуул гэх билээ. Тиймээс “учиртай гурван толгойн” учрыг ольё гэвэл яриад байдаг хэргүүдийг нь нууцаас гаргаж үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй. Үнэнээ өчдөг тагнуулч гэж үнэндээ байх уу? Хэрэвзээ Б.Хурц, Ж.Баатар нарын яриад байгаа үнэн бол Ц.Нямдорж 30 жил Монголын төрд шургалсан аюултай этгээд болох бөгөөд тагнуулчийн хувьд сайн тагнуулч болж таарна. Түүнийг илрүүлсэн тагнуулч нар бүр сайн байж таараа.

ЯЛЛАГЧ VS ӨМГӨӨЛӨГЧ

С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэж 2000 онд МАХН (Өнөөгийн МАН) ялалт байгуулав.  Хэрэг гарах үед Д.Мөрөн ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд тэрээр “С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгийг илрүүлнэ” гэж УИХ-ын гишүүн болоод амжсан.  Сонгууль дөхөх үест энэ хэргийн талаар элдэв таамаг гарч, түүгээр сонгуулийн шоу хийдэг төдийгүй бүр хүн хүртэл хулгайлж авчран эрүүдэн шүүж байсан үеийн “яллагч” буюу үүрэг өгсөн хүн нь Ц.Нямдорж байсан гэж боддогоо Б.Хурц хэлжээ.

Хэрэг гарахад анхнаас нь хэргийг газрыг тусгаарлаагүй. Хэн дуртай нь орж гарч байсан нь хэргийг илрүүлэх боломжгүй болгох гээд байсан шиг сэтгэгдэл төрдөг.  Угтаа бол монголын цагдаа ноцтой хэргийн газрыг хамгийн түрүүнд битүүлжилдэг билээ. Гэтэл өнөөдөр хэргийг илрүүлэхийн төлөө явж байж, “яллагчийн” байр сууриас хандаж ирсэн талын хүмүүст гурван шатны шүүхээр ял өгч, хэрэг шийдэгдсэний дараа “өмгөөлөгчийн” байр сууринаас хандах болжээ. Үүнтэй зэрэгцээд юунд оролцож байгаагаа ч мэдэхгүй, шүүх засаглалыг эсрэгүүцсэн учир битүүлэг хүмүүс улстөржсөн жагсаалыг төв талбайд хийгээд амжив. Хачирхалтай нь тэдгээр хүмүүс учрыг нь лавласан хэвлэл мэдээллээс зугтах бөлгөө. Ямар учир байна?

ЯЛЛАГДАГЧ, ХОХИРОГЧ

 Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг  бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Харин үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар (2019 оны зургадугаар сарын 6) бичлэг үзүүлж, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон гэж мэдэгдэл хийв. Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүсэн гэх хэргийг бүрэн шийдвэрлэсний дараагаар эдгээр гурван хүний асуудлыг тавина гэж хуулийн байгууллагынхан хэлдэг. Уг нь шүүхэд суллах эрх мэдэл нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Хуулийн дагуу Засгийн газраас хэрэг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргасан. Хэргийн захиалагчийг илрүүлэхийн тулд нууцлах шаардлагатай гэж хууль, хяналтын байгууллагууд үздэг. Миний хувьд нууцлах зүйл байхгүй гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудлыг УИХ-ын Түр хороо, Засгийн газрын түвшинд дахин ярина” гэж Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерковтой 2019 оны зургадугаар сарын 7-нд уулзахдаа хэлсэн нь бий.

Ийнхүү явсаар яллагдагч нар эрүүдэн шүүлтийн золиос болсон хохирогч нар болохыг шүүх бус улстөрчид зарлачихсан. Ерөнхий сайд ч эл хэргийн үнэн, мөнийг олохоор ажиллахаа мэдэгдсэн. Ажиллаад суллуулсан. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн (2021.03.25) өгчээ.

ГЭРЧ СЭЖИГТЭН

Хэргийг гарах үед хажууд нь хараад байсан хүн бол С.Зориг агсны гэргий Б.Булган. Энэ хугацаанд түүнийг гэрчийн хамгаалалтад авч байсан бол Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээг яллагдагчаар татсаны дараа шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас сэжигтэн болгосон. Түүнийг бас л тодорхой хугацаанд хамгаалалтад авсан эсвэл сэжиглэсэн нь мэдэгдэхгүйгээр хорьж, эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүн асан Л.Болд нар ил болгосон. Бас л ойлгомжгүй асуудал үүссэн билээ. Өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд нар хаана, ямар ажил хашиж явааг харвал тэд хийсэн ажлынхаа хөлсийг авсан мэт хардлага төрнө.

НУУЦ БИШ НУУЦ

Эл хэрэг бүхлээрээ нууцад байгаа. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, сайд асан, ТЕГ-ын дарга аснууд, ялтан Т.Чимгээ ч нууцаас гаргахыг хүсч буй. Гэхдээ зарим нь бас л нууц биш болчихсон. Эрүүдэн шүүсэн гэдэг үндэслэлээ батлахын тулд заримыг нь нууцаас гаргасан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг тагнуул гэх хэрэг зэргээс эхлээд нууцын зэрэглэлтэй атлаа нууц биш болчихсон нэг хэргийг тойрсон олон хэргийн нууц байна. Тэр бүгдийг олон нийтэд бүхлээр нь ил болгож гэмээн сая хэргийн нууц тайлагдах учиртай.

ЗАХИАЛАГЧ ЗАМХАРСАН НЬ

Нэг ойлгомжтой зүйл гэвэл прокурорын зүгээс хэргийг бүхэлд нь нууцаас гаргавал хэргийн захиалагчийг олох боломжгүй болно гэдэг бол ЗГХЭГ-ын дарга тэгж үзэхгүй байгааг дээр дурдсан. Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Хэргийн ул мөрний араас л явна. Гэмт хэрэг үйлдсэн газар захиалагчийн ул мөр байдаггүй. Харин захиалагчийг шалгах үед зарим нэг хүнд энэ хэргийг илрүүлэхгүй байх сонирхол байна. Мөн энэ хэргийг зохиомол гэж байгаа нь өөрөө зорилготой үйлдэл” гэдгийг хэлдэг.  Харин Б.Хурц өгсөн ярилцлагадаа “Ц.Нямдоржийн ойрын хүн нь Б.Сомномдаржаагийн ээжтэй утсаар ярихдаа “Б.Хурцыг бид нар нэг юм зайлуулчихлаа шүү. Одоо та нар гишгээд өгөөрэй” гэж хэлж байсан тухай бичлэг байна гэдэг мэдээлэл надад ирж байсан” гэсэн нь дахиад л Ц.Нямдорж руу асуудлыг чиглүүлэв. Үнэхээр захиалагчийг замхруулах ажил яваад байна уу эсвэл энэ зүгээр шунахайн сэдлээр үйлдсэн ахуйн аллага уу?

Хачирхалтай нь, эрүүдэн шүүлт, хилсээр хэрэг хүлээлгэх, элдэв асуудал гарах болгонд хууль руу чихдэг. Сүүлийн гучин жилд таван удаа Хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж хамгийн сүүлд салбарын сайд байхдаа “Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн шүү дээ. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэж хэлсэн удаатай.

Хамгийн сүүлд Засгийн газрын 100 хоногийн үеэр Ц.Нямдорж  захиалагчийн талаар  "Хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг зарлаагүй, олоогүй байж захиалагчаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү дээ. Хамжигчаар нь Б.Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй сулласан. Э.Бат-Үүлийг 2016 онд яллагдагчаар татсан, 20 хоногийн дараа тогтоолоо хүчингүй болгосон. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг яриад байсан. Ядаж л Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй"  гэсэн. Сонирхолтой биз. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилс хэрэг Ц.Амгаланбаатар гүтгэсэн гээд байдаг хэр нь түүний үгээр Э.Бат-Үүлийг захиалагч гээд зарласан нь ямар ч логикгүй дүгнэлт болж таарна. Ц.Амгаланбаатарын үгээр Э.Бат-Үүлийг захиалагч гэж байгаа бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар алуурчин л байх ёстой. Асуудал хуульд уу, хүнд байна уу?

ГАЛЗУУ ДАХИН ГАРЧ ИРЭВ

Богино цамцаа толгойдоо алчуур болгон боож, өмдөө гэдсээ давуулан цээж хүртлээ татсан эр хожим Вокзал дээр таарсан юм. Ууртай, хурц ааш нь эелдэг, инээд хөөрөөр солиогджээ.  “Улаанбаатар-Эрээн” чиглэлийн галт тэрэгний тасалбар авахаар оочерлон буй уртаас урт дарааллын урд хавьд хүмүүсийг инээлгэн Санта гэх бүсгүйд тасалбар авч өгөхөөр зогсож буйгаа хөгжилтэйгөөр хүүрнэн, хавийнхнаа инээлгээд зогсохыг харахад төрөл арилжсан мэт. Мэнд мэдвэл гайхан харснаа харц бууруулаад бушуухан гүйгээд явчихав. Зарим хүн түүнийг өвчин нь хөдөлсөн үедээ хүний аминд хүрсэн гэдэг бол өөр нэгэн нь хорхойд хоргүй гэх. Тэр үе үехэн тааралддаг юм. Бас алга болдог. Гэхдээ огт өөр өөр араншин гаргадаг билээ. Тийм ээ, тэр “Хурцын тасгийн” хяналтад байдаг хүн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж