Монгол Улс виртуал хөрөнгийн тухай хуультай болно

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

Монгол Улс виртуал хөрөнгийн тухай хуультай болно

Монгол Улс виртуал хөрөнгийн тухай хуультай болно

Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага болох ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын Зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Энэ хүрээнд 2020 оноос эхлэн Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах шаардлагыг судалж эхэлсэн.Үүний дүнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан билээ. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд 2021 оны тавдугаар сарын УИХ-д өргөн барьж, 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын байнгын хорооны 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн аравдугаар тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулсан.

Уг ажлын хэсгийнхэн өнөөдөр /2021.08.12/ хуулийн төслийг хэлэлцэж, Монголбанк дээр хуралдлаа. Хурлаар Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарын мэдээллийг танилцуулав. Тус хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрхзүйн орчин бүрдэж, ФАТФ-ын тенхник хэрэгжилтийг хангах, виртуал хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй аж.

Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “ФАТФ-аас гаргасан нэр томьёонд виртуал хөрөнгө гэж дижитал хэлбэрээр арилжаалагдах, хувирах, шилжүүлэгдэх боломжтой төлбөр тооцоонд эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах боломжтой үнэ цэнийг ойлгоно гэж тодорхойлсон. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь виртуал хөрөнгийг албан ёсны мөнгөн дэвсгэртэд хөрвүүлэх, олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд нь арилжих, иргэн, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс нэг виртуал хөрөнгийг өөр виртуал хөрөнгийн төрөлд эсхүл нэг данснаас өөр дансад шилжүүлэхийг ойлгож байна. Виртуал хөрөнгө нь хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээг өндөр нууцлалтай, түргэн шуурхай, хялбар, зардал багатайгаар хүргэх, уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжгүй этгээд ашиглах боломжтой зэрэг давуу талуудыг үүсгэж байна.
Олон улсын стандартад нийцсэн хяналт, зохицуулалтгүйгээр өмч хөрөнгийг нуун дарагдуулах, хөрөнгийн эс үүсвэрийг нууцлах, татвараас зайлсхийх, гэмт хэрэгтнүүд болон террорист этгээдүүдийн санхүүгийн гүйлгээг дамжуулах, мөнгө угаах болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Виртуал хөрөнгийн зохицуулалттай болсоноор Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх нөхцөл бүрдэхээс гадна олон улсын санхүүгийн харилцаанд оролцож гадаад худалдаа хийхэд шинэ төлбөрийн сонголттой болох, олон улсын төлбөр тооцооны зардал буурах, шилжүүлгийн хугацаа буурах, хөрөнгө оруулагч нарыг татах боломжууд нээгдэх боломжтой” гэдгийг онцоллоо.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж