Хоёр жил шахам анир гүм байсан Гандэнтэгчэнлин хийд өнөөдөр хөл хөдөлгөөнд дарагджээ. Үүдээр нь дүүрэн машин. Хашаанд нь "улаан" дугаартай машинууд эгнэн зогссон нь тус хийдэд том арга хэмжээ зохион байгуулж буйг илтгэх мэт. Хийдийн үүдээр хүмүүсийг шалган оруулж байлаа. Учир нь, Д.Чойжамц хамба ламд "Бат-Оршил" өргөх ёслол болж буй тулд зөвхөн урилгатай, зөвшөөрөгдсөн зочдыг дотогшоо нэвтрүүлсэн. Дуганы хойморт хамба лам завилан суужээ. Эгнээд лам хуварга, зочид төлөөлөгчид нь суусан харагдав.
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс “Хамба номун хан” гавж, Дэмбэрэлийн Чойжамц ламд “Бат-Оршил” өргөх ёслолыг өнөөдөр /2021.8.12/ зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд лам хуваргууд, төрийн өндөр дээд албан тушаалтан, Элчин сайдуудын төлөөлөл, уяачид, бөхчүүд сүсэгтнүүдийн төлөөлөл оролцсон юм.
ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ЛАМ Ч.БЯМБАЖАРГАЛ:
-“Бат-Оршил” өргөх ёслолыг энэ жил анх удаа зохион байгуулж байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн үе үеийн тэргүүн хамба лам нарын удирдан манлайлсан үүрэг, нэр хүнд, үйлс зохиолыг сэргээн тодотгосон түүхэн их үйл явдал болж байна. 17 дугаар жарны Цөөвөр хэмээх үхэр жилийн намрын эхэн сарын шинийн 4-ний бэлгэ дэмбэрэлт сайн өдөр өнөөдөр тохиож байгаа тул хийдээс Хамба номун хан Д.Чойжамц ламтанд даншүг өргөж байна.
Хорин есдүгээр Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Да ламын мяндаг тушаалыг 1986-1992 онд хариуцлагатайгаар хашиж байсан. Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын 2018 оны есдүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тогтоолоор Өндөр гэгээний үеэс улиран залгамжлагдсан Хамба номун ханы дамжлага, Гандантэгчэнлин хийдийн шашинд зүтгэсэн гавъяа, тус хийдийг тэргүүлж байсан тэргүүн хамба нарын үйлс бүтээл зэргийг үнэлэн дүгнэж 1944 оноос тус хийд тэргүүн хамба ламын өндөр мяндаг тушаалыг хашиж байсан хамба лам нарт Хамба номун хан цол хэргэмийг нөхөн өргөмжилөн олгосон түүхтэй.
Уг тогтоолыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 14–ний өдөр зарлиг буулган Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламд “Хамба номун хан” цол хэргэм өргөжилснийг соёрхож баталсан билээ. Иймд өнөөдрийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хэлбэрээр хийж байна" гэв.
Батцагаан цогчэн дуганд зохион байгуулж буй хурал номын үйл ажиллагаанд даган баясахаар ирсэн сүсэгтнүүд халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж оролцож байлаа. Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авсан байдаг. Мөн тусгаар тогтнол болон төр түмний их шүтээн өндөр Жанрайсиг бурханыг дахин бүтээсэндт талархаж явдгаа сүсэгтнүүд хэлж байлаа.
Д.Чойжамц хамбад “Бат-Оршил” өргөх ёслол боллоо
Д.Чойжамц хамбад “Бат-Оршил” өргөх ёслол боллооhttps://news.mn/r/2462039/
Posted by News.mn on Wednesday, August 11, 2021
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ