"Боловсролын салбарт шинэчлэл тасралтгүй явагдаж байх ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.08.12-нд нийтлэгдсэн

ДАМДИННЯМ

"Боловсролын салбарт шинэчлэл тасралтгүй явагдаж байх ёстой"

"Боловсролын салбарт шинэчлэл тасралтгүй явагдаж байх ёстой"

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямтай ярилцлаа.

-Өнгөрсөн хаврын чуулганаар БСШУС-ын байнгын хорооноос Соёлын тухай хуульд онцгой анхаарал хандуулж батлууллаа. Энэ хуульд ямар гол зохицуулалт оров?

-БСШУС-ын байнгын хороо өнгөрсөн хаврын чуулганаар долоон удаа хуралдаж, 18 асуудал хэлэлцсэн. Мөн дөрвөн ажлын хэсэг байгууллаа. 129 саналын томьёолол дээр шийдвэр гаргаж хуулийн төсөл найм, анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт зургаа, эцсийн хэлэлцүүлгийн саналыг хоёр удаа гаргасан. Өөрөөр хэлбэл, эрхлэх асуудлынхаа хүрээнд 15 хууль, хоёр УИХ-ын тогтоол хэлэлцэж баталлаа. Үүнээс Соёлын тухай хууль, Кино урлагийн тухай хуульд онцгой анхаарал хандуулж батлуулж чадлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ч тэр, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуульд туссан мөрийн хөтөлбөрт ч тэр ард иргэдэд таалагдаж, хүлээлт үүсгэсэн зүйл нь Соёлын яамтай болох байсан. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын зүгээс “Монголын соёлыг дэмжинэ. Үүнийг төрийн зүгээс бодлогоор анхаарах цаг нь болсон” гэдгийг хэлж байсан. Ингээд Соёлын яам байгуулагдсан. Гэтэл эрх зүйн орчин нь бүрдээгүй байсан.

Энэ хуульд сүүлийн 15 жил шинэчилсэн найруулга огт ороогүй, олон парламент, ажлын хэсэг, Засгийн газар дамжсан. Соёлын хууль бол соёл урлагийн салбарын Үндсэн хууль л даа. Маш олон жил яригдсан ч, яагаад ч юм бэ батлагддаггүй байсан.

Энэ хуулийг батлуулахын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Соёл гэхээр хүний амьдралын хэв маягаас эхлүүлээд бүх юм ордог, маш өргөн цар хүрээтэй. Иймээс их өвөрмөц юм байна лээ. Соёл гэх энэ өргөн ойлголт, салбарын аль талаас нь эхлэх, аль талаас нь харах тодорхойгүй байсан. Судлаачид, мэргэжлийнхэнтэй ч их ажиллалаа. Энэ хуульд хэд хэдэн онцгой анхаарах зүйлийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Нэгдүгээрт, Төрийн зүгээс соёлын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, соёлын бодлогыг хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэг чиглэлд зохицуулалт хийсэн соёлын малгай хуулийг бид баталж гаргалаа. Энэ хууль батлагдсанаар хэд хэдэн бодит үр дүн гарна. Нэгдүгээрт, Монголын соёлыг хамгаалах, олон улсад түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн залуучуудад хүргэх, Монголын соёлыг баяжуулах чиглэлээрх төрийн зохицуулалт маш тодорхой болсон. Үүний хүрээнд Улаанбаатар хот ч гэдэг юмуу төв суурин газруудад байгаа хуучны барилгууд, урлагийн үнэт бүтээл, хөшөө дурсгал зэргийг соёлын өвийн жагсаалтад бүртгэдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын соёлын үнэт зүйл хэмээн баталгаажуулж гэрчилгээ олгоно. Ингэснээр уг өвийг нураах, эвдэх, гар хүрэх боломжгүй болж хуулиар бүрэн хамгаалагдаж байна гэсэн үг. Жишээлбэл, Гандан, Чойжинламын сүм ч юм уу эсвэл аймгийн төвүүдэд  байдаг сүм, соёлын бусад үнэт өвийн эргэн тойронд өндөр барилга бариад хаачихсан тохиолдол олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ хуулиар эргэн тойрны харагдах нөхцөлийг хангах үүднээс өндөр барилга барихгүй байх зохицуулалтыг тусгасан. Жишээ нь, АНУ-ын Вашингтон хотод Харандаа барилгаас өндөр барилга барихыг хориглодог. Яг үүнтэй ижил зохицуулалтыг хийсэн. Соёлын яам байгуулагдсантай холбоотойгоор соёлын газрууд аймаг орон нутаг, дүүрэгт байгуулагдах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр бүтэц нь байхгүй, соёлын хэлтэс гэдгээр явж байна. Тэгвэл энэ хууль батлагдсанаар тусад нь соёлын газар олгож бий болгоно. Тэнд ажиллаж байгаа ажилчид орон нутгийн нэмэгдэл авна, хэдэн жил ажиллаад ямар нэмэлт урамшуулал авах, ямар хөрөнгө оруулалт хийх, аймаг, орон нутаг ямар эрх, үүрэг хүлээх, төв яам ямар эрх хүлээх вэ гэдэг тусгай зохицуулалтыг бүрэн хэмжээнд хийсэн.

-Кино урлагийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг батлах нийгмийн шаардлага нь юу байсан юм бэ, хуулийн гол зохицуулалтын талаар яривал?

-Соёлоо хамгаалж, өмгөөлөхөөс гадна соёлоор бизнес хийх, эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олох, шинэ соёлуудыг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэл рүү ямар өөрчлөлт оруулах, бодлогыг төр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг суурийг тавьсан. Үүнийг дагаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль удахгүй хэлэлцэгдэх ёстой. Үүний эхлэл нь Кино урлагийг дэмжих тухай хууль болсон. Кино урлагийг дэмжих тухай хууль нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн анхдагч хууль. Энэ хууль бол кино урлагийн бизнесийн орчинг дэмжих, Монгол орныг сурталчлах, гадны хөрөнгө оруулалтыг татах, кино урлагийн салбарт ажлын байрыг бий болгох, эдийн засгийн тусдаа салбар үүсгэх эрх зүйн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирээд кино хийхэд Монголд гаргасан зардлын 30 хүртэлх хувийг буцааж өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Ер нь дэлхийн улс орнууд ийм жишгээр өрсөлддөг л дөө. Жишээ нь, Унгар улс гэхэд кино урлагийн бизнесийн салбар руу асар хүчтэй орж ирж байна. Тэд Унгар улс болон Дэлхийн хаана ч хийсэн Унгар улсын тухай киноны нийт зардлын 30 хувийг өгч байна. Манайх зөвхөн Монголын нутагт гаргасан зардлын 30 хувийг буцааж өгнө гэсэн зохицуулалтаар явж байгаа юм. Жишээ нь, нэг кино 200 сая ам.доллар зарцуулаад 1 тэрбум долларын ашиг олж байсан тохиолдол байна. Холливудын гэдэг ч юм уу, эсвэл Каннын кино хийгдэхээр манайд ирлээ гэхэд бид орчныг нь бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, Монголд ирээд кино хийхэд хямд, таатай нөхцөлтэй хуулийн зохицуулалттай, эдийн засгийн хувьд ашигтай, гарсан кино нь Монгол орныг сурталчилж, энэ нь эргээд Монголдоо ашгаа өгдөг байх ёстой. Мөн кино хийх явцад бий болдог ажлын байрт монгол хүн ажиллаж, цалин авах болон бусад бүх ханган нийлүүлэлтийг хийнэ. Үүнээс гадна Монголын уран бүтээлчид тэр хүмүүстэй хамт ажиллаж чадваржиж, чанаржиж үлдэнэ. Энэ бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь нь.

-Дотоодын кино үйлдвэрлэгчдээ яаж дэмжих вэ?

-Дотоодын кино үйлдвэрлэгчдээ дэмжих сантай болж байгаа. Уг сангаар дамжуулж олон улсад өрсөлдөх чадвартай кинонуудыг төрөөс санхүүжүүлнэ, хөнгөлөлттэй зээлээр дэмжинэ. Тодорхой хувийг эргүүлж авна. Санд төвлөрсөн мөнгөөр дараагийн уран бүтээлээ дэмжинэ. Ингээд эргэх холбоотой бизнесийн суурийгньтавьсанхуульболсон. Намрын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль болон бусад дагалдах хуулийг оруулж ирж хэлэлцүүлэх гээд Соёлын яамныхныг шахаад сууж байна. Соёлын өвөө хадгалж хамгаалах нь тусгаар улсын үүрэг мөн. Гэхдээ түүнийгээ хоол болгож идэх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь, Энэтхэгийн Тажмахал байна. Хятадын Цагаан хэрэм, Хориотой хот байна гэх мэтээр бүтээлч үйлдвэрлэлийг бий болгож, орлого олж байгаа газруудыг дурдаж болно. Манайд Хархорин, Гандан, Бурхант зэрэг байна. Үүнийгээ бид яаж бизнес болгож, яаж орлого олох юм бэ гэдэг зохицуулалтаа хийх ёстой. Дэлхийн улс орнуудын түүхэн дурсгалт газрыг үзэхээр ирсэн нэг жуулчин дунджаар 2-3 мянган ам.доллар тухайн улсдаа үлдээдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид энэ том боломжийг ашиглаж аялал жуулчлалыг дэмжих ёстой. Аялал жуулчлалыг дэмжихэд кино урлаг их чухал байдаг. Тиймээс хамгийн түрүүнд кино урлагийн хуулийг барьж авч, батлууллаа.

-Хөдөө орон нутагт байдаг хиргисүүр, буган хөшөө, сүг зураг гэх мэт соёлын үнэт өвийг хамгаалах ямар зохицуулалт орсон бэ?

-Соёлын газар байгуулагдаж соёлын хэлтсийн ажилтнууд бий болно. Эдгээр ажилтнууд эртний өв соёлыг хамгаалах эрхтэй болж байгаа. Одоо бол очиж сануулах, эсвэл цагдаа, мэргэжлийн хяналт л дууддаг үүрэгтэй шүү дээ. Тиймээс энэ хуулийн ү р дүнд соёлын өвийг хадгалж хамгаалах, шаардлагатай бол торгодог, цагдах, дүгнэлт гаргадаг эрх бүхий этгээд этгээд томилогдоно. Ийм эрх бүхий соёлын элч төлөөлөгчид ажиллаж байж бид өвөө хадгалж хамгаална. Монголын түүхтэй холбоотой Монголын газар нутаг дээр байсан соёл иргэншилтэй холбоотой асар их үнэт олдворыг хулгайлж, тонож дээрэмдэж байгаа. Үүнийг зогсоох цаг нь болсон.

-Боловсролын багц хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар боловсролын салбарт ямар ахиц дэвшил гарах вэ?

-Одоогийн байдлаар өргөн баригдсан долоон хууль байна. Энд хэд хэдэн онцлог бий. Ер нь боловсролын салбарт шинэчлэл тасралтгүй хийгдэж байх ёстой. Шинэчлэл гэхээр “Сайд солигдох бүртээ боловсролын хуулийг өөрчилж шинэчлэх гэлээ” хэмээн шүүмжилдэг. Гэхдээ үе үеийн сайд, Засгийн газар, УИХ шинэчлэл хийхээс өөр аргагүй юм билээ. Учир нь бид 70 жил явчихсан зөвлөлт маягийн системийг солих ажлыг сүүлийн 31 жил хийж байна. Тиймээс боловсролын салбарын юу нь болж, юу нь болохгүй байна, төгсөж гарч байгаа залуус олон улсад өрсөлдөх чадвартай болж чадаж байгаа эсэхэд тасралтгүй анхаарч, засвар хийхээс өөр арга байхгүй.

Боловсролын багц хуульд энэ удаа өөрчлөлт оруулахдаа УИХ-ын түүхэнд байгаагүй хамгийн том ажлын хэсэг байгуулагдсан. Долоон салбар хуулийн ажлын хэсэг байгуулагдаж, 23 гишүүн энэ хуулиудын ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Өмнө нь боловсролын хуульд өөрчлөлт оруулахдаа Дээд боловсролын хуулийн төсөл ч гэдэг юм уу, эсвэл Сургуулийн өмнөх боловсролын хуулийн төсөл гээд дандаа тус тусад нь оруулж ирдэг байсан. Энэ удаа бид цогцоор нь харж байгаад бүтэн системээр нь уялдаа холбоотойгоор өөрчилье. Ингэхдээ монгол хүн гэж ямар хүн байх ёстой юм бэ. Ирээдүй хойч үеийн хүүхдүүд Монголын боловсролын системээр боловсроод гарахдаа ямар чадвартай болох ёстой юм бэ. Яслиасаа цэцэрлэг, цэцэрлэгээсээ бага сургууль, бага сургуулиас ахлах сургууль, ахлах сургуулиасаа МСҮТ эсвэл их, дээд сургуулийн алийг нь сонирхож байгаа түүн рүү орох, бүтэн системээрээ явахад хүмүүс юу юуг туулах ёстой вэ. Үүний үр дүнд ирээдүйн монгол иргэн ямар хүн болж гарч ирэх ёстой юм бэ гэдгийг тодорхойлсон цогц хуулийг батлуулна. Өөрөөр хэлбэл, Монголын боловсролын системээр боловсруулагдсан иргэн олон улсад өрсөлдөж чаддаг байх ёстой. Нөгөө талаас ирээдүйн иргэнийг бэлдэж гаргаж ирэх багш сургуулийн ажилтан албан хаагчдын цалин урамшуулал, нийгмийн баталгааг яаж хангах юм бэ. Сайн ажиллаж байгаа нь яаж урамшууллаа авах юм бэ, муу ажиллаж байгаа нь яаж энэ салбараасаа гарч байх юм бэ. Үүнийг бэлддэг тогтолцоо нь ямар байх юм бэ. Хэн хариуцах юм бэ. Багш нарыг ажлын байранд нь хэн сургаж, чадваржуулах юм бэ. Багш гэдэг оролцогч талд яаж анхаарах вэ гэдэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. Гуравдугаарт, эцэг эхийн оролцоо буюу бусад оролцогч талын боловсролын салбар дахь оролцоо ямар байх юм бэ. Компаниуд, төр яаж оролцох юм бэ. Мөнгө санхүүгээр яаж дэмжих юм бэ. Төгсөгчид нь яаж оролцох юм бэ. Энэ бүхний эцэст олон улсын стандарт руу хэрхэн ойртох юм бэ. Энэ зохицуулалтыг энэ өөрчлөлтөөр хийх ёстой. Бүх оролцогч талуудын асуудлыг шийдэх хэмжээнд энэ өөрчлөлтийг хийнэ. Намрын чуулганы хамгийн том реформын шинжтэй хууль бол боловсролын салбарын хууль. Намрын чуулганы турш явах том сэдэв бол энэ. Энэ салбарт ажиллаж байсан хүмүүстэй нэгдсэн ажлын нэг хэсэг гаргая гэж явж байгаа. Энэ хүрээнд оролцогч талуудыг бүгдийг нь оролцуулсан улс даяар хамарсан хэлэлцүүлгийг өрнүүлнэ. Боловсролын яамнаас удахгүй зохион байгуулна. Байнгын хорооноос дэмжээд явна. Бүх оролцогч талын санал, санаалчилгыг авч байж энэ хууль цааш хэлэлцүүлэгдэнэ. Дээд боловсролын салбарт гэхэд бусдаас хуулдаг, төгсөөд гарч байгаа хүмүүсийн ажлын байранд тэнцэж байгаа эсэх, дипломтой ажилгүйчүүдийн тоог яаж хязгаарлах, захиргааны аргаар дээд боловсролын сургуулийг хаах юм уу, эсвэл эдийн засгийн аргаар зохицуулах ёстой юу, аль мэргэжлийг дэмжих юм бэ, эцэст нь төгсөөд гарч ирэх мэргэжилтэнг хаана ажиллуулах юм бэ гэх мэтээр зах зээлийн баримжаатай мэргэжлийг эзэмшүүлдэг тогтолцоог Дээд боловсролын хуулиар хийх ёстой.

-Хүмүүнлэг боловсролын тухай хуульд ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Мэдлэг чадвартай хэрнээ сэтгэлгүй гэдэг яриа хүмүүсийн дунд нэлээн байдаг шүү дээ. Сэтгэл чухал, гэхдээ манай боловсролын тогтолцоо зөв хүнийг бэлтгэх ёстой гэсэн философийг гаргаж өгөх ёстой. Зөв хүнийг бэлдээд тэр нь тодорхой боловсролтой, олон улсад өрсөлдөх чадвар бүхий мэдлэг чадвартай, түүнийгээ амьдралдаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Уг нь манай энэ гавал л даа. Даанч толгойгоо ашиглаж чадаагүй” гэсэн яриа олон сонсож байсан байх. Гэтэл монгол хүн Монголын боловсролын тогтолцоогоор ороод гарахдаа системээс их, бага хэмжээгээр мэдлэгээ олоод гарах ч хамгийн гол нь зөв монгол хүн болох ёстой. Өрөвдөж энэрдэг, эх орондоо хайртай, зөв бурууг ойлгодог, нийгмийн соёлтой, нийтийн төлөө бодож чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, ур чадвартай болох ёстой. Түүнээс бүхнийг мэдэх боломжгүй. Дэлхийн ертөнцийн мэдлэг хэдэн триллионоор үржиж байна. Супер компьютерийн дараагийн үе рүү орчихсон. Зөв буруу гэсэн хоёрхон хариуг компьютер гаргадаг байсан бол одоо хэдэн арван хувилбараар гаргаж сонголт хийлгэдэг түвшин рүү ирээдүй оччихсон байна. Дэлхий ертөнцийн хөгжил сансрын хурдаар явж эхэлж байна. Мянган долларын компьютерт хүн төрөлхтний бүтээсэн бүх мэдээлэл орж болж байна. Хиймэл оюун ухаан бий болж байна. Материал судлалын шинэ тооцоолол бий болоод эхэллээ. Заавал лабораторид хийхээс илүү шууд компьютерээр тооцоолол хийж болж байна. Техник, технологийн хурдтай хөгжлөөр ковидын вакциныг хагас жилд ч хийдэг болох боломжтой болох байх гэж ярьцгааж байна. Энэ бол мэдээллийн технологи, дэлхий ертөнцийн мэдээллийн хурд хаана явж буйг харуулж байгаа юм. Энэ эрин рүү шилжиж байхад Монголын боловсролын тогтолцоо хэнийг, хаана зориулж бэлдэх ёстой юм бэ гэдгээ тодорхойлох цаг болчихсон. Тэгэхээр нэгдүгээрт, сэтгэлтэй монгол хүн. Хоёрдугаарт, ур чадвартай монгол хүн байх ёстой. Тэр ур чадвараа ашиглаад аль ч салбарт хөрвөж чаддаг хүнийг бий болгох ёстой. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар хүн гурван мэргэжил эзэмшиж байж одоогийн нийгэмд амьдралаа залгуулж чаддаг болно гэсэн байгаа юм. Өмнө нь хуульч мэргэжилтэй бол тэр чиглэлээрээ насаараа ажиллаад болдог байсан бол одоо хуульч дээрээ нэмээд хосолсон хоёр мэргэжил эзэмших нь. Тэгэхээр хүн өөрөө мэргэжил, мэдээллээ ашиглаж чадах чадвартай болох ёстой. Тиймээс энэ үүд хаалгыг нь нээж өгөх нь чухал.

-Нийт сурагчдын 47 хувь хичээлийн хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарсан. Хичээл хоцрогдлыг яаж арилгах вэ?

-Дэлхий даяар бид өмнө нь тулгарч байгаагүй хэцүү цаг үетэй нүүр тулж байна шүү дээ. Сурагчдын хичээлийн агуулгын хоцрогдол түвшинээсээ хамаарч 40-60 хувийн хоцрогдолтой байна. Манай байнгын хорооноос өнгөрөгч хоёрдугаар сард хичээл хоцрогдлыг нөхөхөөр Засгийн газарт чиглэл өгсөн. Боловсролын яам төлөвлөгөө боловсруулж хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас боловсруулаад бэлэн болгочихсон байгаа. Удахгүй хэрэгжүүлнэ. Ингэхдээ сурагчдын амралтыг ашиглаж хоцрогдлыг нөхнө. Үүний тулд багш нарт ямар санхүүжилт өгөх, ямар программ оруулах юм бэ гэдэг төлөвлөлт янз бүрийн хувилбараар орж ирж байна. Хэдийгээр цар тахалд бид үнэтэй цаг хугацаагаа өгсөн ч бидэнд нэг том боломжийг харууллаа. Өөрөөр хэлбэл, боловсрол болон эрүүл мэндийн салбарын аль бүтэхгүй байгаа зүйлийг харуулж өглөө. Бид аливааг зовлон гэж харахаасаа илүүтэй давуу тал гэж харах ёстой юм байна. Болохгүй байгаа бүхнийг харуулчихсан бол үүнийгээ яаж засах ёстой талаар ажиллах ёстой шүү дээ. Тэгэхээр бид боловсролын салбарт цахим шилжилтийг хийх хэрэгтэй. Дэлхий нийт үүн рүү явж байна. Ямар ч тохиолдолд гэртээ аюулгүй сууж байгаад боловсрол авдаг систем рүү шилжчихлээ. Тиймээс энэ давуу талаа ашиглах хэрэгтэй. Онлайнаар үзчихсэн хичээлийг тооцох, дүйцүүлэх боломжийг Боловсролын багц хуулиар зохицуулна. Хоёрдугаарт, үзчихсэн мэдлэгийг нь хөндлөнгийн үнэлгээний системээр үнэлж хаана явааг бодитоор гаргаж, дутуу юм юу байна гэдгээ хараад явдаг болох ёстой. Энэ эрх зүйн зохицуулалтыг хуульд тусгана.

Боловсрол бол асар үнэтэй бүтээгдэхүүн. Хүн амьдралдаа зайлшгүй хөрөнгө оруулах ёстой зүйл.

Хятад, АНУ-ын аав, ээжүүд хүүхдийнхээ боловсролд бүх хадгаламжаа зориулдаг. Байраа жижигсгэж, сургуулийнх нь ойролцоо жижигхэн байранд ирж амьдардаг.Ингэж дараагийн үедээ амьдралаа зориулдаг. Тиймээс боловсрол гэдэг бол сурагч, сурган хүмүүжүүлэгчийн асуудал биш. Эцэг эх заавал оролцох ёстой. Өнгөрсөн хугацаанд багш нарын ачаалал асар өндөр болчихсон. Хэрэгтэй хэрэггүй баахан анкет, асуумж бөглөсөөр байгаад ажлын цаг дуусдаг. Ингээд хүүхэдтэйгээ ажиллах цаг байдаггүй, норм нь хэтэрчихсэн. Одоо үүнийг болиулах ёстой. Ази, Номхон далайн бүс нутагт танхимын сургалтыг хаасан ядуу буурай тавхан орон байгаагийн нэг нь манайх. Би хувьдаа 100 хувь танхимаар хичээллэх ёстой гэж үзэж байгаа.

Дарханы замын ажил хэр ахицтай явж байна. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж чадах нь уу?

-Дарханы зам бол манай улсын эдийн засгийн гол контор л доо. Намайг 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох үед Дарханы замын төсөл эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд энэ асуудлыг тасралтгүй хөөцөлдөж байна. Хүний өөрийн хамаагүй, аль ч сайд, хэн ч байсан хамаагүй хөөцөлдөж, шаардлага тавьж байна. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад ажил харьцангуй урагшилж байна. Гэхдээ санаанд хүрэхгүй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй нэг, гурав, тавдугаар багцын ажил дууссан. Замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хийсний дараа 133 км газар бүрэн хэмжээнд удахгүй нээгдэнэ. Үлдсэн 90 гаруй км замын ажлыг хийх ёстой байсан ч ажлаа хийлгүй зугтчихсан хятад компанийн маргаан арай гэж дуусч байна. АХБ-наас өмнөх гүйцэтгэгчийнхээ маргааныг эцэслэж байж дараагийн гүйцэтгэгчийг оруулж ирнэ гээд хүлээлгэчихсэн байсан. Шинэ гүйцэтгэгч нар удахгүй орж ирэх байх. Хоёр, дөрөвдүгээр багцын суурийн ажлыг энэ жил нэлээн шахна. Замын ажил хийхэд бараг хоёрхон сар үлдлээ шүү дээ. Хасах таван градус руу орчихоор замын ажил зогсчихдог. Үүнээс гадна энэ жил их бороо устай байна. Зам тээврийн яамны нөхдүүдтэй өдөр шөнөгүй хэрүүл хийж байна. Хоёр, дөрөвдүгээр багцын суурийн ажлыг энэ жил дуусгаад, ирэх жилийн өдийд гэхэд АХБ-ны суурийн ажил дуусчихаасай билээ гэж үнэхээр хүсч байна. Тэр замаар би байнга зорчдог болохоор иргэдэд тулгараад байгаа асуудлыг сайн мэдэж байгаа. Зам тээврийн төслийн нэгжийнхэнтэй ярьж байгаад иргэдийн хяналтыг давхар оруулъя гэж бодож байна. Иргэдийн зүгээс “Энэ машинууд нь хөдлөхгүй байна. Өглөө босохгүй юм. Орой эрт бууж байна” гэх зэрэг гомдол их ирдэг. Тиймээс иргэдийн хөндлөнгийн хяналтыг бий болгоё гэж бодож байгаа. Дарханы замын асуудлаас болоод Т.Халтар сайд бид хоёр хонь, чоно шиг л үзэж байна. Тэр хүн хөөрхий ажлаа хийгээд явж байгаа нь мэдээж. Гэхдээ дутуу юм байна шүү дээ. Мөнгө, компаниуд нь байна. Гэтэл ажил явахгүй байна. Энэ бол цэвэр зохион байгуулалтын асуудал. Үүнээс гадна ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр дахь эгнээ нь хажууд нь тавигдаж байгаа. Эхний ажлын явц 30 хувьтай байна. Ирэх оны өдийд дуусгана гээд байгаа. Гэхдээ би итгэхгүй байна. Ямартаа ч 2023 оны төгсгөл гэхэд Дарханы замын бүтээн байгуулалт бүрэн дуусгачихаасай гээд шүдээ зуугаад зүтгэж байна. Хэл ам хийгээд яваад байхаар нэг талдаа бас хэцүү юм. Гэхдээ ард иргэдийн амьдрал, амь настай холбоотой асуудал учраас ард нь хурдан гарна. Ирэх жилийн өдийд эхний хоёр урсгал нь дуусчихаасай гэж бодож байна.

-Таны тарвага агнасан зураг сошиалд үе үе гарч ирэх юм. Тэр хэзээний зураг вэ. Буу нь зөвшөөрөлтэй байсан юм уу?

-Өөрийн албан ёсны цахим хуудсаараа үүнтэй холбоотой тайлбараа хийсэн ч гуйвуулаад өдөр, шөнөгүй сошиалаар сэвээд байхаар нь судалж үзсэн. Ганц компьютерийн ард нэг нөхөр суучихаад хоёр гурван мянган хүний нэрийн өмнөөс бичээд байдаг тролл юм байна лээ. Энэ бол ардаа эзэнтэй. Эзэн нь тодорхой. Ялж, ялагдаж чаддаггүй нэг нөхөр  санхүүжүүлдэг юм байна лээ. Би сошиалаар явж байгаа гүтгэлэгт анхаарлаа хандуулдаггүй. Ард иргэд ч шалдар булдар худал мэдээлэлд анхаарал хандуулдаггүй байх гэж боддог. Шал дэмий юманд мөнгөө үрж байхаар Дарханчуудын сайн сайхан зүйлд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж заримдаа боддог. Худлыг мянга давтвал үнэн болчихно гэж бодоод байх шиг байна. Энэ зургийг байсхийгээд л гаргаад цацах юм. Яг үнэндээ тэр зурагнаас болоод хэн хохироод байгааг мэдэхгүй байна. Тарваганы хорио тавигдчихсан байх үеийн буюу 13 жилийн өмнөх зураг. Зөвшөөрөлтэй ангийн буугаар агнасан. 13 жилийн өмнөх шигээ залуу харагдаад байгаа юм байлгүй.

-Хаврын чуулганаар Соёлын тухай хууль хэлэлцэх үеэр та Б.Пүрэвдорж гишүүнтэй ширүүхэн ам зөрсөн. Энэ үер хэлсэн үг тань нэлээд шүүмжлэл дагуулсан шүү дээ. УИХ-ын гишүүн ёс зүйн хувьд чуулганы танхимд хараалын үг хэлэх нь зохимжгүй юм биш үү?

-Мэдээж таагүй үг хэллэг хэрэглэх буруу. Тухайн үед Соёлын хуулийг унагаах гээд дайраад байхаар нь "Монголын соёлын эсрэг явсан хэнийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй" гээд л хэрэлдчихсэн хэрэг л дээ. Өмнөх парламентаас дахин сонгогдсон туршлагатай цөөн гишүүдийн нэг гэдэг утгаараа Б.Пүрэвдорж гишүүнийг хүндэлдэг. Гэхдээ Манай Улсын үүх түүх, соёлын дархлааг хамгаалах, хөгжүүлэх хууль хэлэлцэх үеэр санал зөрөлдөх үед түүнд нь тохирсон хариуг нь өгсөн юм. Ажил хийгээд явж байхад аль муудалцаж, сайдахыг тэр гэх вэ. Харин олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ тухайн үедээ цахимаар уучлал хүссэн.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж