Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Цар тахлын нөлөөгөөр олон аж ахуй нэгж хөл хорионд орж, ашиг орлого, ажлын байраа алдсан. Тиймээс Засгийн газраас эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ бодлого хэр үр дүнтэй байна. Эдийн засгийн нөхцөл байдал яг ямархуу байна вэ. Яг бодитоор нь та дүгнэж хэлээч?
-Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хүндэрсэнтэй холбоотой төсвийн алдагдал өссөн, эскпорт төсөвлөсөн хэмжээнд хийгдээгүй гээд маш олон асуудал байна. Уг нь дэлхийн түүхийн эдийн үнийн өсөлт өндөр байгаа ийм нэн таатай нөхцөл байдлыг бид зөв ашиглаж чадсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй. Харамсалтай нь, үүнд зохистой менежмент хийж чадаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг иргэд өдөр тутмын худалдан авалтаараа мэдэрч байгаа.
-Шатахууны үнийн өсөлт, Замын-Үүдийн түгжрэл эдийн засагт нэмэр дээр нэрмээс болчихлоо. Тэгэхээр эдийн засгийн хямрал хэдий хугацаанд үргэлжлэх бол. Энэ талаар таамаг байна уу?
-Зөвхөн цар тахал, ачаа бараа болон бензиний үнээс шалтгаалаагүй. Дээр нь Монгол Улсын эдийн засгийн суурь нөхцөл байдал муу байгаа. Монгол Улс нийт 32.4 тэрбум ам долларын гадаад өртэй байна. Эдгээр өрнүүдийн эргэн төлөгдөх хугацаа энэ жилээс эхэлж байсан. Ийм үед цар тахал гарч нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн. Эдийн засгийн хямралтай энэ үед вакцинжуулалт болон цар тахлыг даван туулахтай асуудалтай бүх зүйл шууд холбоотой байгаа болохоор таамаг дэвшүүлэх хэцүү байна. Ер нь бол 2022 ондоо энэ байдал үргэлжлэхээр л байх шиг байна. 2022 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь вакцинжуулалтад хамрагдана гэсэн тооцоо гарсан.
-УИХ-ын дарга Г.Занданшатар Төв банкинд том мөнгөн дэвсгэрт буюу 50 мянгатын дэвсгэртийг хэвлүүлэх талаар судалгаа хийхийг үүрэг болгосон. Энэ нь эдийн засагт ямар ашигтай эсвэл хохиролтой вэ?
-Том мөнгөн дэвсгэртийг улс орнууд өөрийн мөнгөний ханшийн сулралыг удаашруулахын тулд гаргадаг. Гэхдээ тухайн оронд хангалттай хэмжээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт болон гадаад хөрөнгө оруулалт байгаа бол энэ нь эдийн засагтаа үр өгөөжөө өгдөг. Монгол Улсын хувьд эдийн засаг нь төрөлжөөгүй, ихэнх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ гадаадаас импортолж байгаа үед эдийн засагтаа илүү сөрөг нөлөөтэй. Хэрвээ ийм нөхцөл байдалтай байвал инфляцийг өдөөж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ маш хурдацтай өснө гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үнэ чөлөөтэй өснө. Тэгэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч хяналтаас гарна.
Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар буурна, зарим хүмүүс их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч нөөцлөх болно. Жишээ нь, Венесуэл, Зимбабве зэрэг орнууд гиперинфляцитэй тэмцэхэд ийм алхамууд авч хэрэгжүүлж байгаа боловч ямарч нэмэр болоогүй.
-Том мөнгөн дэвсгэртийн сөрөг тал нь юу вэ?
-Хамгийн том сөрөг дагавар нь бол инфляци. Инфляци өсч бүх бараа бүтээгдэхүүн огцом өснө. Төгрөг цаас л болно гэсэн үг. Авч буй цалин мөнгөөрөө юүч худалдаж авч чадахгүй болно.
-Уул уурхайн салбараас орж ирэх орлого, боломжууд буурснаар ажилгүйдэл нэмэгдэж, орлого тасалдаж байгаа энэ үед гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Мэдээж, гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Монгол Улсын эдийн засгийн хувьд бүр ч чухал. Гадаадын хөрөнгө оруулалтынхаа бодлогыг гаргаад, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан төрийн институци, төрийн байгууллагуудын уялдаа холбоо зэрэг асуудлууд маш чухал. Тэгэхгүй гадаад хөрөнгө оруулалт татах нь дан ганц гадаад хөрөнгө оруулалтын газрынх н биш.
-Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг ЖДҮ-чдэд олгож эхэлсэн. Тухайлбал, 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон гэж Сангийн яам мэдээлж байна. Энэ зээлийн хүрээнд эдийн засаг эргэлтэнд орох уу?
-ЖДҮ-дэд санхүүжилт олгох нь чухал. Зөвхөн санхүүжилт олгохоос гадна бизнесийн үйл ажиллагаа дэмжсэн томоохон шинэчлэл буюу реформууд хэрэгтэй гэж харж байна. Компаниудын үйл ажиллагаанд маш олон байгууллагаа оролцдог. Тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулдуулах, бизнесийн үйл ажиллагааг аль болох хөнгөвчлөх хэрэгтэй.
-Цар тахал эхэлснээс хойш гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Үүний сөрөг нөлөө юу вэ. Урт хугацаанд юу хүлээж байгаа вэ?
-Аливаа улсын хувьд экспорт, гадаад хөрөнгө оруулалт чухал байдаг. Гадаад хөрөнгө оруулалт орж ирж байж л технологийн шинэчлэл, шинэ ажлын байр, цаашлаад гадаад валют орж ирдэг. Ер нь бол гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой татах тал дээр олон ажлууд хийх шаардлагатай. Эдийн засаг нь сайн байх үед нь хөөж туугаад, муудсан үед нь хадаг барьж гүйгээд баймааргүй байна. Урт хугацаандаа гадаад хөрөнгө оруулалт татах нэлээд хүндрэлтэй байх болов уу.
-Аж ахуйн нэгжүүд хямралын үед ажлын байраа хадгалж, алдагдалгүй ажиллахын тулд зардлаа бууруулахаас гадна ямар чиглэл барьж ажиллах хэрэгтэй вэ?
-Цар тахалтай ийм хүндрэлтэй байх үед аж ахуй нэгж аль болох боломжийн арга хэмжээгээ авчихсан гэж би бодож байна. Үйл ажиллагааг нь дэмжих, аль болох ажлын байр хадгалж үлдэхэд нь төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ нь шууд утгаараа мөнгө өг гэж байгаа юм биш. Аль болох үйл ажиллагааг нь хөнгөчвлөх, дэмжих, ойлгох хэрэгтэй.
Энэ эдийн засгийн хямрал бол ердийн хямралаас тэс өөр, цар тахалтай холбоотой болохоор бид өөрөөр сэтгэж, хамтарч ажиллаж, нэг нэгнийгээ дэмжиж байж л даван тулж чадна.
Холбоотой мэдээ