Сүүлийн өдрүүдэд “Х Богдыг залах гэж байна” гэсэн шуугиан хойно гарсан түймрийн утаатай зэрэгцэн Улаанбаатарыг бүрхлээ. Ингэхдээ хэний үр удам тодорсон, үндэс мөчир нь ямар хүн бэ гэдгийг өөр өөрсдийнхөө шүүн хэлэлцэх нь нэн сонихон. Өмнө нь, манай бийлэгжүү улстөрчид өөрсдийн ач, зээгээ өргөмжлүүлэхээр зулгаа барсан яриа бишгүй гарч, олныг ангайлгаж байсан. Ялангуяа нөлөө бүхий улстөрчид хэрхэн хөгөө чирсэн тухай тэр тоолонд гарсан биз ээ. Монголчууд улстөржихөөрөө хоёр намд хуваагдан талцдаг бол шашны хувьд илүү олон хуваагдана. Бурхны шашинтнууд гэхэд л дотоо шарын улааныхан гэж цэхэлзэх нь энүүхэнд бол христийн үй олон урсгалтнууд чимээгүйхэн нэгдэн хоёуланг нь үгүйсгэх жишээний. Ядуу орны ядарсан иргэдийн ахуйн асуудалд дөрөөлөн Монголд өндийсөн христийн шашин өнөөдөр жин дарна уу гэхээс цөөдөхгүй болсныг УИХ-ын гишүүдээс харж болно. Бодит үнэн гэвэл бурхны гэгдээд буй шашинтнууд хэлбэр төдийхөн бол христийнхэн илүү үзэл бодол нь бат нот тогтсон агаад татвараа байнга тушааж, өөрсдийн шашинтнаа амьдрал ахуйд нь нөлөөлөхүйц дэмжлэг үзүүлж, тэр ч бүү хэл сонгуулиар нэгдсэн зохион байгуулалтад орохуйц хүчтэй үйл ажиллагаа явуулж, үнэнчээр хандах аж. Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний эрх хойно яалтай билээ. Гэхдээ бид шашны асуудалд болгоомжтой хандахгүй бол гадны улс орнуудын санаархал ч үүгээр дамжин орж, өсвөр үеийнхэн, нийгмийн эмзэг бүлгийнхэнд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулдаг болсон нууц биш.
ХУВИЛГААД ХОЁР ХУВИЛСАН НЬ
XIV Далай ламын сүүлчийн айлчлалыг шууд эсэргүүцэж “урд, хойд хөршийн байр суурийг хүндлээгүй хэрэг болно” гэж жирийн лам хүн бус улстөрчийн байр сууриас хэвлэлийн бага хурал хийж, үнэн голоосоо ундууцаж байсан шашны хүн бий. Түүнтэй агаар нэг үгийг УИХ-ын чуулганы танхимд ам алдсан, гадаадын тагнуул гэгддэг нөлөө бүхий улстөрч ч бас бий.
“Монголын бурхны шашинтны шинэ төв”-ийн тэргүүн буюу өөрийгөө хамба номуун хан хэмээн өргөмжилсөн “Их хүрээ” хийдийн хамба тэрээр тийн мэдэгдэл хийсэн нь ч учиртай.
Урд хөршөөс санхүүжилт авч, Төв Гандантэгчилэн хийдийн үйл ажиллагааг эсэргүүцдэг, үл хүлээн зөвшөөрдөг талаарх түүний баримтууд бишгүй л байдаг.
Үйл явдлын дэс дарааллаар нь харвал, Үндэсний эрх чөлөөгөө дахин сэргээсний 105 жилийн ойгоор IX Богдын хойд дүр хэмээн нэгэн хүүгийн зураг сошиал ертөнцөөр ил болсон.
Учрыг нь ойлгоогүй хүмүүс зарим нь итгэж, үлдсэн нь гайхаад хоцорсон. Тэгвэл Далай ламын айлчлалаар “Х Богдыг тодруулах гэж байна. Монголд Богд хэрэггүй” гэж хэвлэлийн хурал зарлан шуугиулж байсан З.Санждорж өөрийнхөө хувилбарыг Х Богд хэмээн өргөмжилж, хиазтай дээлээр хувцаслан, сэнтийд суулгасан хүүгийн зураг бүхий “Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 105 жилийн ойгоор халхын Х Богдыг сэнтийд нь заллаа” гэх мэдээллийг гаргасныг интернэтээр хайвал гараад л ирэх болов уу?
Тэр хүү яван явсаар өөрийнх нь хүү болж таарсан. Анзаарвал тэрбээр “Шар ордон”, “Их хүрээ” гэхчилэн Богдтой холбоотой, түүний байрлах ордны болон харъяалах сүм хийдүүдийн нэрийг өөрийн эзэмшлийн байрандаа өгсөн байдаг. Ингээд бодвол эсэргүүцсэн шалтгаан нь ядах, төдөх зүйлгүй ойлгогдох билээ.
Түүний хардаж байсанчилан Х Богдоор тодруулсан хүүхдийг Далай лам айлчлалаараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улс төр, өөр олон шалтгааны улмаас балчир Богдыг зарлаагүй билээ.
Төв Гандантэгчинлэн хийдээс З.Санждоржийн энэ бүхнийг үгүйсгэж ирсэн билээ. Эрх мэдлийн төлөөх энэхүү зовлон ганцхан Х Богд дээр ч гарсан юм биш. Түүний өмнөх дүр болох IX Богдоор ч хоёр талд, хоёр хүн тодруулж л байсан. Бурхны шашны гурван өндөрлөг гэгддэг Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба хутагтын хойд дүрийг нөгөө хоёр нь хүлээн зөвшөөрч баталгаажуулдаг. Ингэхдээ улс төрийн ашиг сонирхлын үүднээс асуудал дандаа маргаан дагуулж иржээ. Ванчин Богд л гэхэд XIV Далай ламын тодруулсан, Хятадын Засгийн газрын өргөмжилсөн гээд хоёр хүн бий. Далай ламын өргөмжилсөн нь амьд сэрүүн нь үл мэдэгдэх бол Хятадын Засгийн газрын өргөмжилсөн Ванчин лам гэн гэн гарч ирж, энх тунх, эрх чөлөөтэй амьдарч буй тухайгаа гэгээн дүрээ харуулаад эргээд алга болдог.
Тиймээс ч тэрхүү Хятадын Засгийн газрын тодруулсан Ванчин Богд Далай ламын хүлээн зөвшөөрсөн Монголын Х Богдыг хүлээн зөвшөөрнө гэдэг эргэлзээтэй. Хятадын эрх баригчид ямар сонирхолтой байгааг л тэрээр дагах билээ. Зөвшөөрөх нь байтугай Далай ламын айлчлалаас болж монголчуудад Гадаад хэргийн яамнаас нь сануулга өгч нот бичиг илгээж байсан. Энэ явдлыг ч Далай лам урьдаас тооцсон байсан бөгөөд түүнээс,
-Х Богдыг тодруулах явцад ямар асуудал гарах бол оо. Таны хүлээн зөвшөөрөөд буй хүүхдийг Ванчин Богд хүлээн зөвшөөрөхгүй ч байдаг юм уу. Ийм ойлгомжгүй асуудал бий болвол яах вэ. Та ямар бодолтой байна гэдгийг асуухад,
-Тийм ээ, тийм. Ванчин Богд одоогоор хоёр болчихоод байна. Магадгүй ирээдүйд Далай лам хоёр ч болж магадгүй. /инээв/ Тэгвэл гайхаад байх зүйл биш ээ. Улс төрийн асуудал бол жаахан шалтгаан гарахад л хувирч өөрчлөгддөг. Гол нь бурхны ном, ишлэл, онолын сургаалиа сонсч, мэдэж, хүртээж, дэлгэрүүлэх нь чухал. Түүнээс биш Ванчин Богд, Далай ламыг залчаад яваад байх нь чухал биш. Би Далай лам гээд хүнтэй дээрээс харилцах нь утгагүй. Бурхны сургаальд хуврагууд бурхны шашныг авч явна гэсэн болохоос биш ганц лам гээгүйг санах хэрэгтэй хэмээн хариулж байв. Хожим нь тэрээр өөрийнх нь хувилгаан дүр өөрөөр нь дуусгавар болно гэж мэдэгдсэн билээ. Ингэх болсон шалтгаан нь бас л хоёр дүр тодруулж, улс төрийн шоглоом болно гэхээс болгоомжилсон хэрэг.
МАРГААН ТАРЬСАН ЁСЛОЛ
Х Богдын тухай яриа гарах болсон шалтгаан нь өнөөдөр болох Бат оршил өргөх ёслолтой холбоотой. Энэхүү ёслолыг “Даншиг гэдэг нь монголоор Бат оршил гэсэн утгатай. Бат оршилыг жил бүр зуны сүүл сард өргөх бөгөөд сайн өдрийг хүрээний Эрдэнэшанзадба нарын газраас сонгон үзүүлж урдаас зарлал гаргана. Богдын өлмий бат оршихыг ерөөх ёслол” /Н. Магсаржав “Монголын шинэ түүх” 2010/ гэж тайлбарласан байдаг. Энэ талаар Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц “Тэргүүн хамба ламд бат оршил өргөх хурал номын үйл ажиллагаа болно. Бат оршил өргөх хурал гэдэг нь шашны ёслол юм даа. Хамба ламдаа зориулан урт наслахын тухайд лам нар хааяа нэг бат оршуулах тухай ном уншдаг. Энэ үеэр Номун хан өргөмжлөлийг давхар гардуулна” гэж "News agency"-д тодруулга өгсөн юм.
Нэг ёсондоо Монголын бурхны шашин албан ёсны тамга, тэмдэгтэй тэргүүнтэй болж байна гэсэн үг. Хожмоо Х Богдыг залахад албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх хүн нь Д.Чойжамд хамба ч болох биз ээ. Үүх түүхийг нь харвал Өндөр гэгээн Ламын гэгээний хүрээг байгуулж, Өндөр гэгээнийг Гандангийн анхны хамба Номун ханд өргөмжилж байжээ. Өөрөөр хэлбэл, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамбад олгодог цол аж. Тиймээс хутагт хувилгаадыг хувилж, сүсэгтэн олныг талцуулахгүйн тулд буух эзэнтэй, буцах хаягтай болгож албажуулж байна гэж ойлгууштай юм уу?
ЗӨВХӨН МОНГОЛДОО
Анхдугаар Богд Монгол хүн байсан бол III Богдоос эхлэн Түвд хүнийг тодруулж ирсэн бөгөөд тэд бүгдээр 6-38 насандаа учир битүүлгээр нас баржээ. VIII Богд хэдий Түвд хүн ч Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг оройлон оролцсон нь түүнийг багаас нь эхлэн Монголд сургаж, монгол хүүхдүүдтэй тоглуулж, Монгол багш нараар ном заалгаж, өв соёл үүх түүхээ зааж жинхэнэ утгаараа монгол хүн болгон төлөвшүүлсний гавьяа гэлтэй.
Харвардын “коммунистууд” гэдэг шиг Монгол хүн ч тархиа угаалгаад харьжсан үзэл бодолтой болчихсон жишээ өнөөгийн улстөрчдөд олон. Сүүлийн үед бурхны шашинтнууд ч Лхаст явж ном үздэг болоод удсан. Бурхны шашин ёс төдий байгаад буйн цаад учир шалтгаан харийн хэлээр номоо уншдаг заадаг явдал. Үүн шиг Х Богдыг тийшээ явахаас илүүтэй Монголдоо сургаж, өөрийн гэсэн онцлогтой бурхны шашнаа илүү дэлгэрүүлбэл бидний энэ их хуваагдал, хагарал арилах мэт. VIII Богдын үеийн Монголын бурхны шашин өөрийн гэсэн онцлогтойгоор хөгжсөн төдийгүй ХIII Далай ламыг ном хаялцан ялсан тухай баримтнууд бишгүй бий.
Далай лам Монголд ирэхэд хүрээний лам нартай цогчин дуганд дагуулууд нь ном хаялцжээ. Хоёр талаас ээлжлэн босч ном хаялцсаар орой болох үед Түвд лам нар босохоо байж, Далай лам өөрөө босон ном хаялцаж эхэлсэн гэдэг. Энэ явдлыг,
-Өндөр цагаан нь босоод ирлээ
Өвгөн сахалт нь уйлаад уналаа гэж монгол лам нар шоолж байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байна.
1419 онд үндэслэсэн Түвдийн гол сүм болох Сэра хийдийн 69 дэх хамба нь 1993 оныг хүртэл Монгол хүн байжээ. Түүхийн нугачаад Хятадад эзлэгдэн сүм хийдийг нурааж байхуйд Сэнгээ гэвш гэх Монгол хүн сэргээн засварлуулж, шашныг нь хөтөлж, дэлгэрүүлсэн тухай ч баримтууд олон аж.
Энэ бүхэн нь монголчууд өөрийн гэсэн онцлогтойгоор бурхны шашныг хөгжүүлж ирсэн төдийгүй хөгжлийн хувьд зарим талаараа илүү гарна уу гэхээс дутахгүй байсныг Далай лам багшаар Монгол хүнийг тохоон томилж байсан үлгэр домог шиг үүх түүхүүд гэрчилнэ.
Тиймээс бурхны шашнаа бодит мөн чанараар нь хөгжүүлье гэвэл Түвдээс авчирсан элдэв эд бэлгийн зүйлс бус үнэн мөнийг нь таньж, өөрсдийн гэсэн онцлогтойгоор дэлгэрүүлмээр. Алийн болгон биесээ боргож суух билээ. Бидэнд дутагдан буй нэгдмэл бодлого, нэг үнэт зүйлс нь энэ ч байж мэднэ. Сэтгэл юуг нь эзэмдсэн байхад бие нь хаа холдох вэ гэж их хаан захисан биш бил үү?