Олимпийн алтан медальт "НЭХМЭЛЧИН" | News.MN

Олимпийн алтан медальт "НЭХМЭЛЧИН"

ХҮМҮҮС

Олимпийн алтан медальт "НЭХМЭЛЧИН"

Олимпийн алтан медальт "НЭХМЭЛЧИН"
Great Britain's Tom Daley knits in the stands during the Women's 3m Springboard Final at the Tokyo Aquatics Centre on the ninth day of the Tokyo 2020 Olympic Games in Japan. Picture date: Sunday August 1, 2021. (Photo by Joe Giddens/PA Images via Getty Images)

Нэгдсэн Вант улсын хамгийн алдартай тамирчдын нэг, ЛБГТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалагч, чин зоригт, олимпийн алтан медальт усанд шумбагч, нэхмэлчин залуу Том Далейг энэ долоо хоногийн ХҮМҮҮС буланд онцолж байна.


Одоогоос 16 жилийн өмнө "BBC" агентлагт “Би олимпод оролцож, алтан медаль авмаар байна. Хэрвээ алтан медаль авч чадахгүй бол дараагийнхад нь дахин оролцож, болохгүй бол дахин оролдсоор авахдаа л нэг авах болно” хэмээн инээмсэглэн ярьж байсан нүдэндээ галтай, 11-хэн настай хүүг зарим хүн санаж магадгүй.

Тэгвэл эсгий сунаж, Далей өссөөр өдгөө 2021 онд хүүгийн мөрөөдөл биелж тэрбээр гэр бүлдээ, ард түмэндээ Токио-2020 олимпийн алтан медалийг өөрийн нэхсэн  уутандаа нандигнан авч харилаа.

Улсынхаа далбааг мандуулан алтан медаль хүртэн зогсохдоо Далей өнөөдрийг хүртэл мөрөөдлийнхөө төлөө хөлс, хүчээ харамлаагүй шигээ нулимсаа ч бас харамласангүй. Тэгвэл энэ өндөрлөгт хүрсэн түүний амжилтын замналыг эргэн санаж, хамтдаа сонирхоцгооё.

Далейн алтан медалийн ард 15-хан насандаа дэлхийн аварга болсон, хоёр ч удаа олимпоос хүрэл медаль хүртсэн гээд тоолж барамгүй олон жижиг, том амжилтууд, оролдлогууд, асар их хөдөлмөрийн баталгаа, түүх, хатаагүй хөлс, эгшээгүй нулимсны мөр бий.

Бага насандаа Далей сургууль дээрээ үргэлж дээрэлхүүлдэг жаал байлаа. 2011 онд аав нь 40 насандаа өөд болсон нь түүнд хүнд цохилт болж байв. Дээр нь бэлгийн чиг хандлагаа илчлэхээс айж, 2013 он хүртэл удаан хугацаанд хав даран нууж явах нь хүүгийн хувьд амаргүй дарамт болж байжээ.

Гэхдээ зовсоны эцэст жаргал, сайн санааны үзүүрт шар тос бэлдэхээ тэнгэр бурхан мартаагүй бололтой. Үнэнч шударга зан, шаргуу хөдөлмөрөөр харвасан сум шиг урсаад өнгөрсөн хэдэн жилийн дараа Том Далей Нэгдсэн Вант улсын хамгийн алдартай, чансаатай шумбагч, нэр хүндтэй гей тамирчин, ЛБГТИК+ нийгэмлэгийн үлгэр жишээч, соён гэгээрүүлэн төлөөлөгч болж чаджээ. Гэвч хэвлэл мэдээллийнхэн, хэрэгт дурлагчид түүний хувийн амьдралыг тайван орхилгүй багагүй залхаах таагүй тавилан нэр хүндийн сүүдэрт нуугдаж байх нь тэр.

Харин одоо 27 настай, олимпийн алтан медальтан, бяцхан хүүгийн аав тэрбээр өнгөрсөн амьдралаа бодохоор хэчнээн тууштай, шаргуу байснаа өөрөө ч гайхдаг гэнэ. Тэрбээр “Хэрвээ миний хүү 11 нэгэн настайдаа миний ярьсан шиг зүйл яриад эхлэх юм бол би маш их гайхаж, “Хүүе, хүү минь, аядаж үз! Хүүхэд шиг тоглож наад” гэж хэлэх байх. Гэхдээ энэ түүх минь миний мөрөөдөл ердөө хүүхдийн гэнэн хүсэл байгаагүй гэдгийн баталгаа юм даа” гэж ярьжээ.

Токиогийн олимп бол Далейн оролцсон дөрөв дэх олимп бөгөөд магадгүй мөрөөдлөө биелүүлэх сүүлийн бодит боломж байв. Тиймдээ ч түүний эцэг эх, нөхөр гээд ойр дотныхон нь Далейг ихэд дэмжин, найдвартай түшиг тулгуур болж, мөрөөдөлдөө хүрэхэд нь дэм болжээ.

Далей “Би Риогийн олимпоос алтан медаль авна гэж их итгэлтэй оролцсон. Гэвч бүх зүйл талаар болж, тэр бүхэн надад ертөнцийн төгсгөл юм шиг мэдрэгдэж байлаа. Харин гэр бүл минь надад их тус болсон. Ялангуяа нөхөр минь миний амжилтад хүрэх зам дуусаагүй гэдгийг үргэлж сануулан намайг тайтгаруулж байв. Уг нь хүү Робби маань аавынхаа алтан медаль авахыг дэргэдээс нь үзэх учиртай байлаа. Гэхдээ нөхцөл байдлаас болоод тэд намайг зурагтаар л үзэж суусан юм. Хэдий тийм ч хүү минь надаар их бахархаж байгаа гэсэн. Надад маш сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан аж.

Далей цаг үргэлж олимпоор “амьсгалж”, зөвхөн олимпийн төлөө л амьдардаг байжээ. Түүний дурссанаар Далей 11 настайдаа  2004 оны Афины олимп үзэж, усанд шумбах спортод улам ихээр дурлаж байсан гэнэ. Тухайн үед Нэгдсэн Вант улсын Леон Тайлор, Пит Уотерфилд нар эх орондоо мөнгөн медаль авчирч байв.

Харин дөрвөн жилийн дараа гэхэд Далей шүтээнүүдээсээ ч илүү нэр хүндтэй тамирчин болжээ. Тэрбээр ердөө 13 настайдаа 2008 оны Бээжингийн олимпд оролцох эрх авч, зураглаач бүрийн дуран зөвхөн түүний үйл хөдлөл бүрийг алдалгүй бичиж авахын тулд хичээж байлаа.

Тэрбээр Бээжинд медалийн төлөө өрсөлдөөгүй ч хүн бүр залуу тамирчинг гайхан шохоорхож, “Бяцхан Далей” хэмээн нэр алдрыг нь цуурайтуулж эхлэв. Далей ингэж цоо шинэ од болон мандсан юм. Гэвч бүх зүйл тийм ч энгийн, хялбар байсангүй.

Эх оронд нь ойр дотны хүмүүс нь  ихэд бахархан хүндэлж байсан ч зарим хүмүүс түүнийг шүүмжилж, гадуурхаж, маш муухай хандаж, дээрэлхэж, шоолж эхэлсэн байна. Хожим өөрийнх нь дурссанчлан хүмүүсийн гадуурхалт  маш хүндээр туссан тул Далей дахин бэлтгэл хийхээс эмээж, амжилт гаргахдаа эргэлзэж, сургуульдаа явахаа ч хүртэл болиод, гэрийн багш хөлслөн, олны нүднээс нуугдаж амьдрах болжээ.

Дараа жил нь Далей Ромд болсон тэмцээнд оролцож, 15 настай дэлхийн аварга болсон юм. Медалиа авчхаад зогсож байхад нь түүний аав Роб сэтгүүлчдийн урдуур өрсөн очиж, хүүгээ чанга тэврээд ямар их бахархаж байгаагаа хэлж байлаа. Харамсалтай нь, Роб 2006 онд тархины хавдартай хэмээн оношлогдож, өвчиндөө шаналж явсан аж. Энэ бол Далей аавынхаа амьдралын сүүлийн жилүүдэд амжиж бахархлыг нь төрүүлсэн торгон мөч байв. Хэдийгээр гурван жилийн өмнө Роб хавдрынхаа 80 хувийг мэс заслаар авуулсан ч тэр явдлаас хойш хэдхэн сарын дараа ямар ч найдваргүй болсноо мэдсэн гэдэг. Харамсалтай нь Роб 2011 оны тавдугаар сарын 27-нд Лондонгийн олимп болохоос ердөө 14 сарын өмнө энх амгалангийн оронд нойрсжээ. Аав нь нас барахаасаа өмнө өдөр бүр өөрөөс нь Лондонгийн олимпод оролцох эрхээ авж чадсан эсэхийг нь лавлан асууж, заавал хамт очиж дэмжихээ амладаг байсан талаар Далей хожим дурссан юм.

Тэрбээр “Аав минь Баасан гаригт өөд болсон харин Бямба гаригийн өглөө би усанд шумбах бэлтгэлээ хийж байлаа. Түүнийг оршуулах ёслол Лхагва гаригт болсон, гэвч би ёслолыг дуусгаж чадалгүй тэмцээндээ явсан. Одоо эргээд бодоход амьдралд усанд шумбахаас илүү чухал зүйлс байдаг юм байна. Гэхдээ 2012 оны олимп аав бид хоёрын хамтдаа мөрөөдөж байсан маш чухал үйл явдал байсан учир би бүх хүчээ дайчлан оролцсон” гэж дурссан юм.

Робыг тэнгэрт хальснаас хойш Далей ээж, дүүгийнхээ гол түшиг тулгуур болж, гэрийн эзний үүргийг гүйцэтгэж байв. Хэдийгээр сэтгэл санаагаар унаж, их жин хаяж, спортын замналаа дуусгаж ч магадгүй байдалд очсон ч тэрбээр Лондонгоос хүрэл медальтай гэртээ ирсэн юм. Чухам тэр медаль түүнд дахин урам хайрлаж, 2016 оны Риогийн олимпд хүч үзэх итгэл болсон гэдэг.

Хэдий гаднаа амжилттай, сайн яваа харагдавч Далей сэтгэл дотроо үргэлж гашуудаж, гуниглаж явсаар эцэст нь сэтгэл зүйн эмчилгээ хийлгэн энгийн амьдралаа орж байлаа. Түүнээс гадна бэлгийн чиг баримжаагаа хав дарж нуух нь түүнд улам хэцүү, дарамттай болсоор сэтгэлийг нь зовоох бас нэг бул хар чулуу байжээ.

Хэдий тийм ч Далей бэлтгэл сургуулилалтаа таслалгүй хичээсээр байсан юм. Тэрбээр 19 настайдаа Барселонд болсон 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож зургадугаар байранд оржээ. Түүний дараа Далей Лос Анжелест очсон нь амьдралыг нь өөрчлөх том алхам болсон байна.

Цаг ямагт бүх хүний нүдэнд ил амьдрах хүүд дарамттай байв. Ялангуяа бэлгийн чиг хандлагаа ойлгох гэж хичээж байсан тухайн үед үргэлж элдвийг асууж лавлах сэтгүүлч нар түүнийг залхааж гүйцжээ.

Удалгүй Далей "нөхөртэй"-гөө танилцаж, 2013 онд албан ёсоор өөрийн бэлгийн чиг хандлагаа зарласан нь мөрөн дээрээсээ маш том ачаа авч хаях шиг мэдрэгдсэн гэнэ. Түүний нөхөр бол Оскарын шагналт кино зохиолч, продюсер Дастин Ланс Блак. Гей гэдгээ зарласны дараа Далей юунд ч санаа зовохоо байж, айдсаа даран, зөвхөн өөрөөрөө байхын жаргалыг мэдэрсэн гэдэг.

Асар том айдсаасаа ангижирсан Далей спортдоо эргэн төвлөрч, шаргуу бэлтгэсээр 2016 оны Риогийн олимпоос дахин нэг хүрэл медаль өвөрлөсөн юм. Тухайн үед Далей алтан медалийн төлөө өрсөлдөхүйц хэмжээнд бэлтгэгдсэн байсан ч эцсийн мөчид бүх зүйл буруугаар эргэж, биеэ хүссэнээрээ хөдөлгөж чадаагүйн улмаас бүтэлгүйтсэн байна. Чухам юу тохиолдсоныг тэрбээр одоо ч гайхаад олдоггүй гэнэ. Олимпийн дараах хэвлэлийн хурал дээр Далей Токиогийн олимпоос заавал алтан медаль авахаа амлажээ.

Эцэст нь Токиогийн олимп. Далей болон түүний хамтрагч Лео нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Хятадын баг байлаа. Бараг л робот шиг төгс үзүүлбэр үзүүлдэг хэмээн алдаршсан хятад тамирчид болох Чен Айсен, Цао Юань нар энэ удаад ч гэсэн дийлдэшгүй гэдгээ баталж, төгс үзүүлбэр үзүүлцгээсэн аж. Харин Далей, Ли нар маш сайн өрсөлдсөн ч оноо нь алтын төлөө өрсөлдөхөд тийм ч хангалттай биш байв. Тиймээс тэд хамтдаа илүү их хичээх хэрэгтэйгээ ухамсарлаж, сүүлийн өрсөлдөөнд бүх хүчээ шавхжээ. Үр дүнд нь тэд дөрөвдүгээр үед гайхамшигтай оролцож, Хятадын тамирчдаас маш бага онооны зөрүүтэйгээр илүүрхэж чадсан байна.

Шүүгч нар түүний хувь заяаг шийдэх мөч дахин ирэхэд Далейн хувьд цаг хугацаа зогссон мэт санагдаж байжээ. Эцэст нь Хятадын тамирчдын нийлбэр оноог зарлахад Далей хамтрагч Лигийн мөрийг түшээд уйлж эхэлсэн байна. Зөвхөн тэр ч биш, багийн бүх гишүүд, дасгалжуулагч нарын сормуус нулимсаа даалгүй хацар луугаа унагаж байв.

“Би өдгөө хорин жил усанд шумбаж байна. Гэвч болсон явдалд одоо ч итгэж өгөхгүй байна” хэмээн Далей хэлжээ. Энэ бол Нэгдсэн Вант улс усанд шумбах төрлөөр олимпоос анх удаа алтан медаль хүртэж буй үйл явдал юм.

Түүнээс гадна энэ бол Далейн бурхан болсон аавтайгаа 20 жилийн өмнө эхлүүлж байсан замналын оргил, мөрөөдлийн биелэл билээ.

“Би жаахан хүү байхдаа өөрийгөө гадны хүн, бусдаас дэндүү өөр гэж боддог байлаа. Нийгмийн хүссэн хүн байж чадахгүй байгаа хүү ирээдүйд хэн ч биш болох юм шиг санаж байв. Харин одоо бол анги хүн олимпд өрсөлдөж, тэр байтугай алтан медалийн эзэн болж чадаж байгааг харуулсан минь олон хүүхдүүдэд итгэл найдвар бэлэглэж, юунаас ч айх хэрэггүйг ойлгуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Чи хэн ч байлаа гэсэн, чи хаана ч төрсөн хамаагүй чи олимпын алтан медальтан болж чадна. Учир нь би чадлаа” хэмээн Далей сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж