Хонхны жингэнээ ойртож, хичээлийн шинэ жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Цар тахлын нөхцөл байдлаас болж танхимын хичээлдээ сууж чадаагүй сурагчид хичээлийн шинж жилээ догдлон хүлээсээр. Энэ хичээлийн жилд танхим болон цахим сургалтыг хослуулах шийдвэрийг салбарын яамнаас гарсан.
Цэцэрлэг, сургуулиуд эздээ хүлээн авах бэлтгэлдээ оржээ. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчит 148 ерөнхий боловсролын сургууль, 275 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 21 нь халдварын эрсдэлтэй бүс буюу Covid-19 халдварын шинжилгээ, дархлаажуулалтын цэгээр ажилласан. Хичээл орох болсон учраас нийслэлийн Онцгой комиссоос ариутгалын ажлыг энэ сарын 16-ны дотор дуусгахыг үүрэг болгожээ. Харин бусад төрийн өмчит боловсролын байгууллагын удирдах албан тушаалтнууд өчигдрөөс /2021.8.11/ ажилдаа орж эхэлж байгаа учраас ариутгалын ажлыг 25-ны дотор дуусгах ёстой аж. Удирдлагууд өөрсдийн сургууль, цэцэрлэгийн гэрээт байгууллагуудтай харилцан тохиролцож, өдрөө товлож анги, танхимыг бүрэн халдваргүйжүүлэх юм.
УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ Ч АРИУТГАЛЫГ БҮРЭН ХИЙСЭН
143 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ Т.МӨНХТУУЛ:
-Манай цэцэрлэгийн хувьд хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажил 90 хувьтай явж байна. НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу вакцинжуулалтын цэгээр ажиллаж байсан учир голомтыг бүрэн халдваргүйжүүлэх болсон. Түүний дагуу манайх анги танхимын тодорхой хэмжээний засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ Баасан гаригт ариутгалын компани ирнэ. Халдваргүйтгэлийг бүрэн хийчихвэл бид хашааны тохижилт, тоглоом суурилуулах зэрэг ажлаа хийгээд хүүхэд хүлээж авахад бэлэн болж байна. Сурагчдаа хүлээж авсан ч ариутгалыг хоёр цаг тутамд тогтмол хийж, их цэвэрлэгээг хуваарийн дагуу хийх учир халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрсдэлгүй орчинд сурган хүмүүжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.
Харин 31, 23, 50 дугаар сургууль дээр очиход удирдах албаны хүмүүс байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байв. Ямартай ч боловсролын газраас сүүлийн хоёр жил Covid-19 улмаас анги, танхим, сургуулийн урсгал засварын мөнгийг олгоогүй. Түүнээс болж бороо, цас орохоос дээврээс ус гоожих зэрэг хүндрэл учирдаг талаар ажилтан нь ярилаа.
Эдийн засгийн нөхцөл байдал яваандаа сайжрахаар улирал тутмын урсгал засвараа хэвийн хийхийг Нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн гэв.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 45 ДУГААР СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ Г.МӨНХЖАРГАЛ:
-Ариутгалын ажил дууссан. Одоо ЭЕШ-д анги танхим бэлтгэх, сурагчдаа хүлээж авах бэлтгэх ажил хангагдаад явж байна. Сургуулийн хувьд зайлшгүй хийх ёстой засвар, тохижилтын ажлууд бий. Мэдээж, хөрөнгө төсөвтэй холбоотойгоор хараахан шийдвэрлэж чадаагүй. Боловсролын газраас бидэнд наймдугаар сарын 20-ноос урсгал засварын мөнгийг олгоно гэсэн. Хэрэв урсгал засвар хийхээр бол юуны түрүүнд шат болоод анги танхимын хана, тааз зэргийг засварлах шаардлагатай болсон. Бусдаар хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулахад багш ажилчид бүрэн бүрэлдэхүүнээр ээлжийн амралтаасаа ороод ирвэл асуудал гарахгүй гэж бодож байна. Цар тахалтай холбоотойгоор анги танхимд суралцах хүүхдийн тоо, зай барих, ариутгалыг тогтмол хийхийг дор бүрнээ анхаарч байгаа.
НОК-ООС ӨГСӨН ҮҮРГИЙН ДАГУУ ШИНЖИЛГЭЭ БОЛОН ДАРХЛААЖУУЛАТЫН ЦЭГҮҮДИЙН АРИУТГАЛЫГ УЛС ХАРИУЦНА
Нийслэлийн боловсролын газраас өгсөн мэдээллээр шинжилгээний болон дархлаажуулалтын цэгээр ажиллаж байсан дараах сургууль, цэцэрлэгийн ариутгалын төлбөрийг НОК-оос гаргахаар болжээ. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 13, 20 дугаар сургууль, Эрдмийн өргөө цогцолбор, 96 дугаар цэцэрлэг- Сан хими ХХК
- Баянзүрх дүүргийн 14, 33, 69 дүгээр сургууль- Түвшинбилэг төгөлдөр ХХК
- Сонгинохайрхан дүүргийн 81 дүгээр сургууль, 104 дүгээр цэцэрлэг- Улаанбаатар ариусгал ХХК
- Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургууль, 69, 109, 143 дугаар цэцэрлэг- Ариун сан нар ХХК
- Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, дөрөвдүгээр цэцэрлэг- Хунт хайрхан ХХК
- Хан-Уул дүүргийн 7, 34, 52, 130, 41, 15 дугаар сургууль болон Удирдлагын академи, Монгол-Солонгосын коллеж- Шинэ ариусгал ХХК зэрэг зургаан ариутгалын компанид нийслэлийн дүүргүүдийн сургууль, цэцэрлэгийн ариутгалын ажлыг гэрээний дагуу даалгажээ.
Бусад сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай боловсролын газраас цахим хурал хийж, гэрээт компаниудтайгаа холбоо барьж, яаралтай ариутгалыг хийлгэхийг үүрэг болгосон байна. Зарим дүүргийн шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүд байрлаж байсан сургууль, цэцэрлэгүүддээ голомтын болон гадна орчны ариутгалыг бүрэн хийж дуусчээ. Сургууль, цэцэрлэгүүддээ халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдээ чанартай гүйцэтгэх, багш, ажилчид, хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг үүргийг бүх боловсролын байгууллагад зөвлөж байгаа бөгөөд цаашид урсгал засварын мөнгийг олгох тухай яригдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар урсгал засвар, тохижилтын ажлын төсөвгүй ч улсын цэцэрлэг, сургуулиуд ариутгалаа ихэнх нь хийлгэж сурагчдаа хүлээж авахад бэлэн болжээ.
Гэрэл зургийг Г.ЭНХЖИН
Холбоотой мэдээ