Мьянмар улс Ланкан-Меконг хамтын ажиллагааны тусгай сангийн хүрээнд 21 төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг БНХАУ-аас хүлээн авсан талаар төрийн мэдээллийн хэрэгслүүд Мягмар гаригт мэдээлэв. Санхүүжилт шилжүүлэх гэрээнд Мьянмарын Гадаад хэргийн сайд У Вунна Маунг Лвин болон БНХАУ-аас Мьянмарт суугаа Элчин сайд Чен Хай нар гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслүүд нь уламжлалт бус аюулгүй байдал, хүний нөөц, соёл, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, шинжлэх ухаан, технологи, хилийн худалдаа, аялал жуулчлал, санхүүгийн салбаруудыг хамарснаас гадна малын өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажлуудыг мөн багтаажээ.
Гэрээг үзэглэх ёслолын ажиллагааны үеэр У Вунна Маунг Лвин “Мьянмар улс Ланкан-Меконг орнуудын тогтвортой хөгжил, нийтлэг ашиг сонирхлын төлөө чин сэтгэлээсээ хичээн ажиллаж, батлагдсан төслүүдийг өгөгдсөн цаг хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх болно” гэдэг амлалтыг өгөв. Мьянмар дахь Хятадын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Ланкан-Меконг хамтын ажиллагааны тусгай сан Мьянмарын 73 хөтөлбөрт туслалцаа үзүүлжээ.
Хятад улс 2016 оны гуравдугаар сард Ланкан-Меконгийн зургаан орны дэвшүүлсэн жижиг, дунд хамтын ажиллагааны төслүүдийг дэмжих зорилгоор энэхүү тусгай санг санаачилжээ. Ланкан-Меконгийн зургаан улсад Хятад, Камбож, Лаос, Мьянмар, Вьетнам, Тайланд зэрэг орон багтдаг байна.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: Xinhua agency
Холбоотой мэдээ