Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ОЮУТАН, СОНСОГЧ, ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, АЖИЛ ХАЙЖ БУЙ ИРГЭД УРГАЦ ХУРААЛТАД АЖИЛЛУУЛНА
Их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна Хөдөлмөрийн гэрээ байгуулаад цалинтай ажиллана гэж Хүнс, хөдөө аж ахуй Хөнгөн үйлдвэрийн сайд хэллээ.
Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах үүднээс ургац хураалтад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр саадгүй нэвтрүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Ургац тээвэрт ашиглагдах улсын чанартай автозамын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг дуусгах, авто болон төмөр замын тээврийн асуудлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.
Энэ онд улсын хэмжээнд 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385 мянган га-д улаанбуудай, 19 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 616.6 мянган га-д тариалалт хийжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 26.7 мянга, төмс 1.6 мянга, хүнсний ногоо 877 га-гаар тус тус ахиу байна.
Байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан таримлын соёололт удааширсан, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн, Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаар ургац хураалтад ажиллах техник, сэлбэг хэрэгслийн татан авалт удаашралтай байна. Тиймээс энэ жилийн ургац хураалтын ажилд хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү байхаар байна.
ТОКИО-2020 ЗУНЫ ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОНО
“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнана.
Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгалаа.
СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛНЫ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ НЭМЭВ
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1500, 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1800 төгрөг байхаар тус тус тогтоолоо.
Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны өдрийн зардал 900 төгрөг байжээ.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ХУУЛЬД ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ХАНГАСАН ЗААЛТ НЭМЭХЭЭР ТУСГАВ
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх иргэний эрх, үүрэг” гэсэн 14 дүгээр зүйлд “тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэх” эрхийг хангасан заалтыг нэмж байна.
Мөн хуулийн “Аймаг, нийслэл, сум дүүргийн… Засаг даргын бүрэн эрх” гэсэн 16, 17 дугаар зүйлд “харъяа нутаг дэвсгэрийн хүрээнд газрын хэвлийн баялгийг ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлт болон эрх бүхий байгууллагаас хяналтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар иргэдэд нээлттэй мэдээлэх, байгаль орчны төлөв байдлын мэдээлэлд тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах” гэсэн үүрэгжүүлсэн заалтыг нэмэхээр тусгасан байна.
ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ 223 КМ АВТО ЗАМЫГ ИРЭХ ГУРВАН ЖИЛД БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн. УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх юм байна.
Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо судалгаа хийж аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй ажээ.
Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71,5, гол ба туслах 73,5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана. Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
2020 ОНД ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД 427 МЯНГАН ХҮН ХАМРАГДЖЭЭ
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндлийн байгууллагаар дамжуулан зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа.
Монгол Улсын Засгийн газар 2018 оноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Төсвийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.
18-аас дээш насны даатгуулагчид насны бүлгээс шалтгаалан 43-75 мянган төгрөгийн, 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой байна.
2020 онд эрт илрүүлгийн үзлэгт нийт 427,700 хүн хамрагдаж, 6,6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан бол энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 38,957 даатгуулагч үзлэгт хамрагдаж, 1,55 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
ЭМЧ, ЭМНЭЛГЭЭС ИРГЭДЭД ОЛГОДОГ ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТЫГ E-MONGOLIA СИСТЕМД ОРУУЛНА
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ашиглаж буй 12 төрлийн эмнэлзүйн программ хангамжийн өгөгдөл солилцох хөгжүүлэлтийн ажил дуусаж, эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтээ цахимаар нэхэмжлэх боломжтой болжээ. E-Mongolia системд Эмнэлгийн магадлагааг нэмж оруулжээ. Эмнэлгийн хуудас болон эмч, эмнэлгээс иргэдэд олгодог бусад дөрвөн төрлийн лавлагаа, тодорхойлолтыг оруулахаар бэлтгэж байна.
Товч мэдээ
- Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ашиглалтын өмнөх захиргааг ирэх сард байгуулна
- “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа.
- Түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой түрээслэгч иргэдээс тавьж байгаа шаардлагын талаар Барилга, хот байгуулалтын сайд танилцуулга хийв. Үүсээд байгаа өр, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгалаа.
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлдбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтын дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд халамжаас хөдөлмөрт чиглүүлэх бодлогыг тусган, 2021 оны аравдугаар сард багтаан зохих журмын дагуу Засгийн газарт танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгав.
- УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нарын санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Холбоотой мэдээ