АНУ-ын Флорида муж улсад 2018 онд 18 настай Камерон Херрин гэгч замаар гарч явсан ээж, охин хоёрыг дайрч хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Ийнхүү энэ оны дөрөвдүгээр сард шүүхээс түүнд 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч хэрэг төсөөлөөгүй байдлаар эргэж олон мянган хүн түүнд хэтэрхий хүнд ял оноолоо гэж үзэн цахим орчинд хөдөлгөөн өрнүүлжээ. Хэргийг эргэн сөхвөл, Флорида муж улсын Тампа хотын иргэн 24 настай Жессика Райзингер Раубенолт болон түүний нэг нас найман сартай охин Лиллиа нарыг замаар гарч явахад нь автомашинаар уралдаж явсан залуус дайрч хөнөөсөн. Тухайн үед тэрбээр цагт 100 миллийн хурдтай давхиж явжээ.
Гэвч яллагдсанаас хойш хэрэгтэн Камерон Херрин царайлаг төрхийнхөө ачаар шүтэн бишрэгчдийн хүрээлэлтэй болж олонд танигдсан байна. Түүний тикток хуудсыг хоёр сая хүн дагаснаас гадна зарим нь түүнийг ийм урт хугацаанд шоронд суухад “хэтэрхий хөөрхөн” байна гэж үзсэн юм. Цаашлаад Херринд хоёр дахь боломж олгох ёстой гэсэн давлагаа тикток хуудсыг хэсэгтээ донсолгожээ. Тухайлбал, Херринтэй холбоотой тиктокийн бичлэгийг үзсэн давталтын тоо 2.2 тэрбумд хүрсэн бол “#justiceforcameron” хаштагийг 26.1 сая удаа үзжээ. Бичлэгүүд Херриний шүүх хуралд байх үеийн дүр төрхийг голчлон харуулсан байх аж.
Тухайлбал ял сонсгох мөчид тодорсон нүдний харц болоод ус уухаар маскаа авах үеийн дүр төрх зэргийг сайтар буулгасан байв. Түүнээс гадна твиттер, инстаграм хуудсуудад ч түүний талаарх постууд тавигдаж, “Change.org petition”-д тавигдсан түүний ялыг хөнгөрүүлэх уриалгад 28 мянган хүн гарын үсгээ үлдээжээ. Мөн 594 мянган дагагчтай Ханна Кош наймдугаар сарын 4-ний өдөр тикток хуудаснаа Херринийг хэтэрхий хүнд ял авсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд түүний талаар тикток дээр өрнөсөн сэтгэгдлүүдээс хуваалцсан байв. Сэтгэгдлүүдийн дотор “Тэр алуурчин биш”, “Ийм гэмгүй хүнийг уучлах хэрэгтэй”, “Хөөрхий хүү”, “Тэр үүнийг санаатайгаар үйлдээгүй” гэсэн байхад зарим нь “Хөөх, түүний нүдийг хараач”, “Дэндүү хөөрхөн юм аа” гэх мэтээр бичжээ.
Гэвч Херрины ээжид хүү нь ийн гэнэтийн байдлаар од болсон нь таалагдаагүй болохыг “The Times” сонинд өгүүлсэн байна. Тэрбээр хүүд нь зарим хүмүүс эрүүл бус байдлаар татагдаад байх шиг санагдсан гэжээ. Хүмүүс Херринийг дэмжиж байгаа нь түүнд анхандаа сайхан санагдсан ч сүүлдээ байдал эвгүй тийшээгээ эргэсэн аж. Тухайлбал, түүн рүү тасралтгүй захиа бичиж шөнө дунд хүртэл залгаж ярьдаг болсноос гадна гэр бүлийн гишүүдийг нь сошиал орчинд мөшгиж, Хэрриний сүйт бүсгүйн хуудсыг хакердсан байна.
Энэ нь шоронд хоригдож буй залууг сошиал орчинд дэмжихээс гадна түүнд галзуу мэт татагдах үзэгдэл АНУ-д гарсан анхны тохиолдол биш юм. Өмнө нь 2020 оны тавдугаар сард Коннектикутын их сургуулийн 23 настай оюутан Питер Манфредониагийн аллагад буруутгагдсан өсвөр насныхан мөн олон олон фентэй болж байжээ. Харин хохирогчдын ар гэрийн хүн болох бүсгүйн эр нөхөр, охины эцэг Дэвид Раубенолт хэрэгтэн эрийг хэзээ ч уучлахгүй гэж мэдэгдсэн билээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: INSIDER
Холбоотой мэдээ