Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Э.Энхбат Солонгост эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь одоо ч дээрдэхгүй эмчилгээний зардал нь хүрэхгүй байгаа тул эмчилгээ нь зогсонги байдалд орсон гэж өмгөөлөгч нь мэдээлсэн удаатай.
Харин Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудаснаа өнөөдөр /2021.08.11/ "Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Тэд маань бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад "Аав минь одоо босоод ирээч" гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байна. Тэднийгээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм” гэж бичжээ.
Дашрамд дурдахад, тавдугаар сарын 20-нд Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ