Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Н.Энхбаярын ИХ САНАСАН ГАЗАР!

Тамга ч үгүй, нам ч үгүй болсон Н.Энхбаяр “их санасан газар есөн шөнө хоосон хонож” мэдэх дур зураг харагдаж байна. Түүний эртний бөгөөд эдүгээгийн хүсэл нь Э.Батшугарыгаа парламентын гишүүн болгох. Үүний тулд тэрбээр тамгаа зарж, ноосоо тушаасан билээ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үүх түүх нэг, үндэс, үзэл баримтлалт нэг коммунистэуд нэгдэж, нийлж байгаагаа зарлахдаа Н.Энхбаяр татан буугдсан МАХН-аас нийтдээ 2000 гаруй хүнийг МАН-ын удирдах албан тушаалд тавих тохироо хийсэн тухайгаа хэвлэлийнхэнд мэдээлж байлаа. Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард "Бидний олон жил ярьсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой шүүмжлэлүүдийг өнөөгийн МАН-ын удирдлага, Ерөнхий сайд ойлгож, энэ талаар алхамууд хийж эхэлсэн. Бидний сүүлийн 10 жилийн хугацаанд ярьж, хэлж, асуудал дэвшүүлж ирсэн ч өнөөгийн МАН-ын удирдлагууд үүнтэй санал нэгдэж байгаа. Бид нэг үзэл бодолтой, асуудлуудад адилхан байр суурьтай байгаа, хоёр намын 100 жилийн ой зэргийг хүндэтгэж, үйл ажиллагаагаа нэгтгэж байна" гэж байв. Мөн хүүгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, засагт гурван сайдын суудал авах тохироо хийснийг батлаагүй ч бас үгүйсгээгүй юм.

Тэгвэл өнөөдөр Н.Энхбаяр гурван сарын өмнөх үйлдэлдээ амаа барьж байгаа болов уу, аль эсвэл?.

МАН-тай хийсэн наймааны дагуу Н.Энхбаярын хүсэлтээр Улсын дээд шүүх өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр МАХН-ыг татан буулгасан билээ. Түүнээс хойш   Н.Энхбаяр эрх баригчдын амалсан тохирсныг тэвчээртэйгээр хүлээж байна. Тэр эргэн ирсний хүчинд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь үнэн.

Гэтэл эрх баригчид амалсан тохирсноо мартсан уу, өөрт нь  Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлын суудал өгч, Э.Эрдэнэжамъяанг нь Удирдах зөвлөлмийн гишүүн Б.Тулгыг намын орон тооны нарийн бичгийн дарга болгосноос өөрөөр  Н.Энхбаярт олигтой албан тушаал одоогоор “хялайлгасангүй”.

ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛДАГГҮЙ!

Н.Энхбаярт ийм л зүйл тохиолдоод байна. Эрх мэдлийн төлөө “тэвшээ” хүртэл зарчихсан түүний хувьд эрх баригчдын өгснийг нь авахаас өөр сонголтүлдсэнгүй. Ямар одоо наймаагаа буцааж, намаа дахин сэргээлтэй нь биш. Одоогоос гурван сарын өмнө тэрбээр намтайгаа, тамгатайгаа байсан. Одоо тамгагүй “хутагт”-ыг гөлөөг ч гэж тоох хүн МАН-д олдох болов уу.

Ядаж байхад эртний өстөн Ц.Нямдорж нь Засгийн гал тогоог хариуцаж байгаа. Н.Энхбаярын хүссэнээр засгаа задлаад, өөрөө ордноос хөөгдөх нь юу бол. Хэрэвзээ засгийг задлах дээрээ хүрвэл Ц.Нямдорж бүү хэл Л.Оюун-Эрдэнийн суудал эвгүйтнэ. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрыг чихдэж байгаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  шоронгоос суллуулж чадсан Ц.Нямдоржийн үгнээс Ерөнхий сайд  зөрж чадах эсэх нь эргэлзээтэй. МАН доторх өрнөж буй чимээгүй дайнд ялахад Ц.Нямдорж түүнд тусална.

Тэгэхээр өдгөө Монголын үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг хийсэн шигээ яваа  Н.Энхбаярын хүүгээ УИХ-ын гишүүн болгон наймаа бүтэлгүйтэж магадгүй, МАН-ын пентхаусаас сонсогдож буй хов живийг харахад  Сонгинохайрханы нөхөн сонгуульд өөр хүнийг дэвшүүлж мэдэхээр байна. У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын оронд саарал ордонд суухыг горилж буй хүн МАН-д цөөнгүй. Өөрийн хүнийг өөрийнхөө тойрогт сойх сонирхол Д.Сумъяабазарт багагүй бий.

Э.Батшугараас гадна Сонгинохайрханы шинэ, хуучин Засаг дарга нар гээд лав гурав, дөрвөн хүний нэр хэвлэлээр цохогдох болсон. Санаатай болон санамсаргүйгээр хэвлэлээр бичигдэж буй тэдгээр хүмүүс “Би нэр дэвшмээр байна” гэж намын удирдлагууддаа сануулж, анхааруулж буй хэлбэр нь.  Мэдээж, Н.Энхбаяр гараа хумхиад суухгүй. Наймаа, тохиролцоогоо намын удирдлагуудад сануулж яваа ч биз.

Ямар ч байсан олон нийтийн дунд явуулсан судалгааны дагуу нөхөн сонгуулийн нэр дэвшигчийг тодруулахаа саяхан болсон цахим хурлаараа МАН-ынхан шийдсэн. Нөхөн сонгуулийн үр дүнгээс МАН-ын цагаан байрны улс төр мөн хамаарна.

Н.ЭНХБАЯРЫН АЛДАА

Нэгэн цагт улсаа хөгжүүлж МАН-аас “өс авна” гэж мөрөөдөж суусан Н.Энхбаяр эргээд төрхөмдөө ирснийг таатайгаар хүлээж аваагүй хүн МАН-д олон. МАХН-д энэхүү нэгдлийг эсэргүүцэж, С.Ганбаатар АН-д элссэн нь хэдхэн сарын өмнөх явдал. Гэвч, МАН хамгийн том өрсөлдөгч МАХН-ыг худалдаж авсны хүчинд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Тиймээс тэд Н.Энхбаярт баярладаггүй юм аа гэхнээ гомдоох учиргүй.  Хэрэвзээ МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшсэн бол аядуу зөөлөн сонгууль болж Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулахад хэцүү байх байлаа.

Үнэндээ С.Ганбаатарын  “нэг л өдөр Ерөнхийлөгч болох” мөрөөдөл биелсэн бол Н.Энхбаяр Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлаас илүү том алба хаших байсан нь үнэн. Ядаж л Ерөнхийлөгчийн тамгыг атгах байсан байх.

Тиймээс Н.Энхбаярт амалсанаа биелүүлэх аль эсвэл ашиглаад хаях уу гэдгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шийдэх болно. Хэрэвзээ Н.Энхбаяр хүссэнийг нь өгөхгүй бол МАН-д тийрэн болоод түйрэн тавих гэж оролдож мэднэ. Ашиг сонирхлын төлөө намынхаа 50 мянган гишүүнийг МАН-д зарчихаж байгаа хүн Д.Амарбаясгалангаас тахиа донгодохоос өмнө гурвантаа урваж чадах ч биз. Гэхдээ намгүй, тамгагүй Н.Энхбаяраас эрх баригчид энэ байдлаараа “алтан улиас хуга мөргөх эвэр чинь хаана байна" гээд асууж, тавлаад сууж мэдэхээр байна.

Ноосоо тушаачихалгүй, эвсэж хамтарсан бол Н.Энхбаяраас эрх баригчид харин айж мэдэх байв. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ХахаХаха
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж