"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

COVID-19

"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй"

"Вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй"

“Дельта” хувилбар сүргийн дархлаа үүсэх аливаа боломжийг үгүй хийж байгааг Оксфордын вакцины багийн ахлагч тэргүүтэй эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тиймээс тэд бүх нийтийг хамарсан үр дүнгүй шинжилгээг зогсоож, Covid-19-тэй аль болох зохицож амьдрах саналыг холбогдох албаны хүмүүст уламжилсан юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийт хүн амыг халдвараас сэргийлэх боломжгүй болсон энэ үед халдварын хүнд хэлбэрээс зайлсхийх нь хамгийн үр дүнтэй арга гэжээ.

Оксфордын вакцины багийг ахалж буй профессор Эндрю Поллард “Дельта хувилбараар вакцин хийлгэсэн хүмүүс хүртэл халдварлаж байна. Энэ нь вакцинжуулалт сүргийн дархлаа тогтоож чадахгүй гэдгийг харуулж байгаа юм” гэжээ. Их Британид насанд хүрсэн хүн амын ¾ нь вакцины хоёр тунд хамрагдсанаас гадна вакцинжуулалтаар 66900 хүн өвчний хүндрэлээс сэргийлж чадсан гэж тус улсын Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлсэн юм. Гэвч мэргэжилтнүүд халдварын тархалтыг зогсооход энэ үзүүлэлт огт хангалтгүй гэж үзжээ.

Covid-19-ийн асуудлаарх бүх намын парламентын бүлэгт хандан профессор Эндрю Поллард хэлэхдээ “Бид вакцинаар сүргийн дархлаа тогтоох ямар ч боломжгүй боллоо. Учир нь вирусийн шинэ хувилбарууд вакцин хийлгэсэн хүмүүст хүртэл халдварлах чадвартай байна” гэсэн юм. Их Британи саяхныг хүртэл хэр олон британичуудыг вакцинжуулна төдий чинээ сүргийн дархлаа үүснэ гэж үзэж байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүл гэхэд вакцинжуулалт дархлаажуулалтын хамтарсан хороо өвлийн давалгаанаас сэргийлэх үүднээс 16-17 насныхан вакцин хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байв.

Гэвч Английн нийгмийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд вирусийн үзүүлэх ачаалал вакцин хийлгээгүй хүмүүсийнхтэй ижил байгааг тогтоожээ.

Зүүн Английн их сургуулийн анагаах ухааны профессор, халдварт өвчний мэргэжилтэн Пол Хантер “Вирус вакцин хийлгэсэн хүмүүст халдварлаж байгаа тул сүргийн дархлаа гэдэг ойлголтыг мартах хэрэгтэй боллоо. Түүнчлэн сүүлийн үеийн судалгаагаар вакцинжсан хүмүүс вирусээс 50 хувь хамгаалагдаж байгаа нь тогтоогдсон” гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Сovid-19-ийн талаар зөвлөгөө өгдөг профессор Хантер цар тахал нутагшмал шинжтэй болсон тул мэдээлэл цуглуулах болон бүртгэх аргаа өөрчлөх хэрэгтэй болсныг анхааруулжээ. “Бид халдварын тоо болон эмнэлэгт хэвтсэн эерэг тохиолдлуудыг мэдээлэхээс татгалзаж оронд нь Covid-19-ийн улмаас хүндээр өвчилж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх шаардлагатай байна. Ингэснээр бид асуудал бага учруулж байгаа өндөр тоон мэдээллээс айж сүрдэх шаардлагагүй болно” гэсэн юм. Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Сажид Жавид ирэх есдүгээр сараас эхлэн вакцины гурав дахь тун хийгдэхээр болсныг өчигдөр мэдэгдсэн.

Харин профессор Эндрю Поллард бүх нийтийг хамарсан шинжилгээг зогсоохоос нааш иргэдийг вакцинжуулах ажиллагаа хэзээ ч зогсохгүй гэдгийг анхааруулав. Тэрбээр “Хэрэв бид бүх нийтийн шинжилгээний хойноос хошуурч, шинжилгээний дүнг харж сэтгэлээ чилээсээр байх аваас иргэдийг вакцинжуулах хөтөлбөрийг үр дүнгүй явуулж, шийдвэрлэх боломжгүй зүйлийг шийдэх гэж цаг хугацаа алдах болно. Тиймээс зөвхөн шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, тавгүй мэдрэмжтэй байгаа хүмүүсээс шинжилгээ авч шаардагдах эмнэлгийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Нийгмийн харилцааны хувьд биеийн байдал сайн байгаа хүмүүс хичээл сургууль, ажил төрөлдөө явбал зохилтой” гэжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж