Лионель Месси Барселонаг орхисонтой холбогдуулан түүний дараагийн зогсоол хаана вэ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл тэрбээр Францын ПСЖ багт нэгдэж, хоёр жилийн гэрээ байгуулсан байна. “Sky Sports” сайтын мэдээлснээр ПСЖ түүнд нийт 104 сая ам.долларын цалин санал болгосноор багтаа элсүүлжээ. Тодруулбал, Мессигийн улирлын цэвэр цалин нь 25 сая фунт буюу ойролцоогоор 34.6 сая ам.доллар бөгөөд гэрээ байгуулсны төлбөр 25 сая фунт, гурав дахь жилдээ гэрээ сунгах сонголтод 25 сая фунтыг тус тус өгөхөөр амлажээ.
Өмнө нь Барселонад үлдэхийн тулд Месси цалингаа 50 хувиар бууруулж, таван жилээр гэрээгээ сунгахыг зөвшөөрч буулт хийсэн. Гэвч Барселона баг нь 2021-2022 онд баталсан цалингийн хязгаартаа хүрсэн байсан тул бүтээгүй. Улмаар наймдугаар сарын 5-нд Месси 17 жилийн дараа Барселонаг албан ёсоор орхиж буйгаа зарласан билээ.
Өдгөө 34 настай Месси “Би хайртай багаа орхихыг хүсээгүй учир надад үнэхээр гунигтай байна. Би ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Би хэзээ ч худлаа хэлж байгаагүй. Би үргэлж чин шударга байсаар ирсэн. Би өнгөрсөн жил явахыг хүссэн. Харин энэ жил би үлдмээр байсан. Тиймээс надад гунигтай байна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Месси Ла Лигийн сүүлчийн улирлын 35 тоглолтод 30 гоол оруулсан. Тэрбээр Барселона багийг 10 удаагийн Лигийн аварга, Аваргуудын лигийн дөрвөн удаагийн цомыг хүртэхэд хөтөлсөн.
ЭХ СУРВАЛЖ: BLEACHER REPORT
Холбоотой мэдээ