Арилжааны банкууд 3 хувийн зээл олгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд 3 хувийн зээл олгохгүй байна

Арилжааны банкууд 3 хувийн зээл олгохгүй байна

Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан.  Хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг олгож байсан билээ. Тодруулбал, бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар олгож байгаа юм. Гэвч иргэдийн дунд “тус зээлэнд хамрагдаж чадахгүй байна, танил талтай нь зээлд хамрагдаж байна” гэхчлэн шүүмжлэл их гарсан.  Зээл олголт хэр байгааг мөн арилжааны банкууд ямар шаардлага тавьж байгааг сурвалжилсан юм.

216 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ ҮЛДСЭН

Засгийн газрын өнгөрөгч долоо хоногийн хуралдаанд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт 33 хувьтай байна" гэж Сангийн  сайд танилцуулсан.  Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 33.3 хувь, 2021 оны гүйцэтгэл 54.2 хувь байна. Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийн гүйцэтгэл 88 хувь буюу 1.7 их наяд төгрөгийн зээл олгожээ.  Сангийн сайдын танилцуулснаар репо санхүүжилтийн зээл 623,5 тэрбум, ипотекийн зээл 561,6 тэрбум, хөдөө аж ахуйн зээл 319,6 тэрбум төгрөг гаргажээ. Нийт хөтөлбөрийн хүрээнд 216 мянган ажлын байр хадгалж үлдсэн гэх.

БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙН УЛМААС ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Албаныхны зүгээс тус зээлийн олголт хэвийн үргэлжилж, 216 мянган ажлын байрыг хадгалсан гэх тайлбарыг өгч буй. Гэтэл бодит байдалд банкуудад санхүүжилт байхгүйн улмаас уг зээлийг олгохгүй байгаа аж. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.

“Elephant mom and baby” брендийн захирал Т.Тэгшжаргал:

-Манайх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нийт арван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гурван сараас хойш зээл хөөцөлдөж байна. Эхлээд Хаан банкинд хүсэлтээ өгөөд хоёр сар хүлээсэн. Удалгүй тус банкнаас санхүүжилт дууссан гэсэн хариу авсан. Би Төрийн банкинд бичил бизнесийн зээлтэй хүн. Дараа нь Төрийн банкнаас гурван хувийн зээл хүссэн. Гэтэл гурван сая төгрөгийн зөрчлөө арилгуулчихвал болно гэсэн хариу өгсөн. Зээлээ төлөөд зөрчлөө арилгуулъя гэхэд Монголбанкны жагсаалтад оруулж зээлийн ангилал бууруулсан байсан.

Монголбанкны мэдээлэл засагдаагүй байна гэж явсаар байгаад Төрийн банк дахиад санхүүжилт дууссан гэсэн хариу өгсөн. Банкууд маш хариуцлагагүй байна. Дээрээс нь энэ зээл зөвхөн танил талтай хүмүүст өгч байгаа. Миний мэдэх хоёр, гурван хүн танил талаараа авсан жишээ байна. Хэрвээ 50 саяын зээл авч байгаа бол 5-10 хувийг нь өгөөд авдаг гэнэ. Энэ байж болох асуудал уу. Бид цар тахлаас болоод таван удаагийн хөл хорионд орж алдагдал хүлээчхээд байхад банкууд “хохь нь” гэдэг тайлбар хэлж болох уу. Хувь хүнийг маш их өрийн дарамтад орж байна. Бизнесээ гурван жилийн хугацаанд явуулж байна. Цар тахлаас өмнө 24 саяын материал татсан. Хоёр ажилтнаа цомхтгосон. Одоо үйлдвэртээ өртэй, ажилчдаа цалинжуулж чадахгүй байна. Залуу хүмүүсээ дэмжээд өгөөсэй.

-Хүнсний бизнес эрхлэгч Б.Мандалмаа:

-Гуравдугаар сараас хойш зээл хөөцөлдсөн ч бүтээгүй. Миний хувьд 20 жил хүнсний бизнес эрхэлж байна. Жинхэнэ үйлдвэрлэгч нарт энэ зээл хүрэхгүй байна. Бизнес эрхлэгчдийн хувьд барьцаа хөрөнгөний улмаас зээл авч чаддаггүй тал ажиглагддаг. Тэгэхээр энэ төрлийн бодлого маш муу байна гэж хардаг. Монголд бизнес эрхэлж буй хүмүүс маш их дарамтад байдаг. Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг холбоонууд их байдаг. Гэтэл яг бизнес эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж чаддаггүй. Бидний бас нэг алдаа нь бид өөрсдийн эрх ашгийн төлөө дуугарч, нэгдэж чадахгүй байна.

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ГУРВАН ХУВИЙН ЗЭЭЛ ХОЁР ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ, ҮҮНИЙ 90 ХУВИЙГ НИЙЛҮҮЛСЭН

Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очироос тодруулав.

-Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг энэ оны гуравдугаар сараас олгож эхэлсэн. Нийт хэчнээн төгрөг ЖДҮ эрхлэгч нарт олгосон байна вэ?

-Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх  их наядын төлөвлөгөөг Засгийн газар баталсан. Уг төслийн хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ хүрээнд одоогийн байдлаар наймдугаар сарын 9-ний өдөр буюу 19 дахь долоо хоногийн байдлаар 1.8 их наяд төгрөгийг Засгийн газар эдийн засагт нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл хоёр их наядын төлөвлөгөөтэй, үүний 90 хувийг нийлүүлсэн. Энэ хүрээнд 23.5 мянган зээлдэгчид зээл олгосон. Ангиллаар нь авч үзвэл орон нутагт 690 тэрбум, Улаанбаатар хотод 1.1 их наяд, аж ахуй нэгжид ойролцоогоор 1.1 их наядыг 5054 аж ахуй нэгжид олгосон. Иргэнд 18481 зээлдэгчид 618 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийтдээ 61 мянган хүсэлт буюу 6.3 их наядын хүсэлт ирсэн. Энэхүү ажлын хүрээнд судалгаанд байгаа хэмжээ нь 7000, судалгаанд ороогүй хүлээгдэж буй хэмжээ 1025, татгалзсан нь 5000 орчим зээл дээр байдаг. Ер нь гурван хувийн зээл иргэд аж ахуй нэгжийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилготой учраас Төрийн банк болон Хаан банк идэвхтэй оролцож байгаа.

Хаан банк нийтдээ 761 тэрбум төгрөгийн зээлийг 9706 зээлдэгчид, Төрийн банк 386.6 тэрбум төгрөгийг 8137 зээлдэгчид олгосон. Өөрөөр хэлбэл дээрх хоёр банк нийлээд нийт зээлийн 60 хувийг олгосон. Бусад банк буюу Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкууд байгууллагын зорилго нь корпорейт учраас энэхүү зээлд бага оролцсон.

-Өнөөдрийн байдлаар 1.8 их наяд төгрөгийг иргэдэд олгосон юм байна. Ер нь  хэр хэмжээтэй ажлын байрыг хадгалсан бэ?

-Банкнаас ирүүлсэн мэдээллээр 216 мянган ажлын байр хадгалсан гэсэн мэдээлэл байна.

-Иргэдийн зүгээс гурван хувийн зээл очих ёстой эзэндээ хүрч чадахгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Энэ нь Сангийн яамтай холбоотой юу?

-Сангийн яам гурван хувийн зээлд бодлогын хүрээнд оролцож байна. Эх үүсвэр бол арилжааны банкны эх үүсвэр юм. Арилжааны банкууд ямар шалгуур тавьж байна вэ гэвэл банкны зохистой харьцааг тавьж буй. Сангийн яамнаас бол НӨАТ төлдөг байх гэсэн ганцхан шаардлага тавьж байгаа. Тэгэхээр банкны шаардлага хангасан, НӨАТ төлөгч аж ахуй нэгжүүд энэ зээлд бүрэн хамрагдах боломжтой.

ЭНЭ ЗЭЭЛД ХАМРАГДСАНААР НУРУУН ДЭЭРЭЭС АЧАА АВААД ХАЯХ ШИГ БОЛСОН

Ажлын байрны дэмжих зээлд хамрагдсан иргэд ийнхүү ярьж байна.

Бизнес эрхлэгч Ж.Уянга: Би "Хүчит шонхор" зах дээр гэр ахуйн бараа худалдаалаад арав гаруй жил болж байна. Цар тахлын үеэр маш хүнд байлаа. Гурван хувийн зээл бидний амьдралд маш үр өгөөжтэй. Цаашид ийм зээл байнга байгаасай гэж бодож байна. Бизнес эрхэлж буй хүмүүс ихэвчлэн эмэгтэй хүмүүс байдаг. Эмэгтэй хүмүүс наймаа хийж байна. Энэ зээлд хамрагдсанаар нуруун дээрээс ачаа аваад хаях шиг болсон. Яг үнэндээ энэ зээлийг авахад барьцаа хөрөнгө дутсан. Гэхдээ батлан даалтын сан гэж байдаг. Тэрнээс та болгож болно гэж хэлсэн. Тэгээд материалаа өгөөд арав хоногийн дараа зээлээ авсан.

Хувиараа бизнес эрхлэгч Д.Атарцэцэг: Захиалгаар Монгол гутал оёод арав гаруй жил болж байна. Гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар ажилладаг. Иргэдээс фэйсбүүкээр захиалга авдаг. Одоохондоо лангуу байхгүй байна. Энэ зээлийг авахад хүсэлт явуулсан байсан. 7-10 хоногийн хугацаанд гарсан. Бухимдсан хүмүүс их байна. Танайх зээл авчихсан уу, манайх авч чадаагүй байна гэх мэтчилэн яриа их гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж