VS: Замын-Үүдийн асуудал сайжирсан, сайжраагүй

Хуучирсан мэдээ: 2021.08.11-нд нийтлэгдсэн

VS

VS: Замын-Үүдийн асуудал сайжирсан, сайжраагүй

БНХАУ-ын Тяньжин боомт дээр тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын импортын 4378 чингэлэг гацаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн долдугаар сарын эхээр Замын-Үүд дэх боомтын зөвлөлийг шинээр байгуулсан. Тус ажлын хэсэг зургаан хүнтэй. “Хэрэв 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс наймдугаар сарын 5-ны өдөр ажил урагшилж байгаа гэж мэдэгдсэн бол эсрэгээрээ аж ахуйн нэгжүүд байдал улам дордсон гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс хоёр талын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

Б.Отгонсүх
Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга

Гаалийн байгууллага хурдан шуурхай ажиллахыг хичээж байна. Хяналт, шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд нь хийж, өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох ажлыг хурдан шуурхай зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд импортын бараа бүтээгдэхүүн авто замаар 50-60 хувь өссөн бол ачаа барааны экспорт 10 орчим хувиар өссөн. Энэ хугацаанд импортын 747, экспортын 2656 вагон орж ирсэн байна. Экспортоор ачаатай 226 вагон, хоосон 2232 вагон гарсан. 20 хоногийн өмнө 50 мянган тонн орчим ачаа, бараа Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан учраас үүн дээр голчлон анхаарлаа хандуулж ажилласан. Өнөөдрийн байдлаар урд хөршийн хилийн боомт дээр үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сард багтааж татна. 30 тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Эрээний гаалийн орчимд 2000 машин байсан. Эдгээр машиныг нааш нь татсан. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан.

Тодруулбал өнөөдрөөс /2021.08.05/ эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж гурав дахин буурна. Тээврийн зардлын үнэ буурахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ мөн дагаад буурна гэж харж байна. Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хэд, хэдэн ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Эхний ээлжид экспорт, импортын ариутгалын байгууламжийг байгуулсан. Ингэснээр улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу ариутгах боломжтой болсон. Тус ариутгалын байгууламж нь нийтдээ 10 тонн бодисын нөөцийн савтай. 10 тонн бодисоор нийтдээ 1000 машиныг ариутгадаг. Ариутгалын байгууламжийн үйл ажиллагаа нь жигдрээд явж байна.

Д.Ангар
“Новел инвестмент” компанийн захирал, эдийн засагч

Замын-Үүд-Эрээний боомтын ачаа тээврийн эргэлт гацсан нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байна.Банкны өндөр хүү төлж эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч бараагаа захидаг. Өмнө нь бол ачаа бараагаа явдал чирэгдэлгүй оруулж ирээд зарж борлуулан дараа, дараагийн бизнесийн эргэлтийн мөнгөө гаргаж өмнөх зээлээ төлөх хэлбэрээр явдаг байсан.Харин одоо бол Тяньжин боомт дээр олон тооны бараа гацсаны улмаас бизнес эрхлэгчид маш хүнд байдалд орж байна. Өнгөрсөн тавдугаар сараас хойш  аж ахуйн нэгжүүд Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан асуудал үүссэн гэдгийг ойлгож тэвчээртэй хүлээцтэй хандсаар ирсэн. Ерөнхий сайд тус боомтод ажилласан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баривчилгаа хийж шинэ хүмүүсийг томилсон.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь байгаа олохгүй байна. Замын-Үүд дэх боомтын зөвлөл чадваргүй байна. Дарга нар нь Замын-Үүд дэх боомтын нөхцөл байдал сайжирлаа гээд яриад байдаг. Гэтэл бодит байдал дээр сүүлийн хоёр сарын хугацаанд сайжирсан зүйл алга. Энэ асуудлыг хурдан шийдэхийн тулд оновчтой шийдэл гаргаж ажиллах хэрэгтэй. Дарга нарын худлаа ярих бүрт аж ахуйн нэгжүүдийн өр нэмэгдэж, асуудал нь хүндэрч байна. МАН бол том нам. Гэсэн ч Замын-Үүд дэх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэдэг нь ичгүүртэй хэрэг. Тиймээс нэгэнт асуудал сайжраагүй учраас Замын-Үүд дэх боомтын зөвлөлийн дарга нарыг өөрчилж, ажил хийж чадах чадвартай хүмүүсийг томилмоор байна. Гэтэл дарга нарынх нь сайрхаж яриад байгаа ариутгалын хаалгыг иргэд Alibaba сайтаас захиалаад гурван хоногийн дотор угсруулаад босгочхож чадна. Ийм наад захын ажил хийчхээд өөрсдийгөө асуудлыг шийдсэн мэтээр ярьж болохгүй. Энгийн үед Замын-Үүд-Эрээний боомтын ачаа 2-3 сая төгрөгийн үнэтэй байсан бол нэг ачаагаа 30 сая төгрөгөөр авч байсан удаа ч бий. Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг болгож гурав дахин бууруулна гэсэн ч энэ шийдэл биш. Жолооч нар нь бүр явахаа больсон.Тээвэр зуучийн байгууллага хооронд үл ойлголцол гарсан гэсэн. Замын-Үүдэд асуудлын мөн чанараа ойлгож шийдлээ гаргаж чадахгүй будилсан дарга нар байна. Үүнийх нь горыг иргэд,  аж ахуйн нэгжүүд үүрч байна. Асуудлыг тодорхойлж оновчтой арга хэмжээ авч чадах хүнийг томилж өгөөч гэж МАН-аас хүсч байна.Тэгэхгүй бол иргэд, компаниуд туйлдаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж