Цаг уурын өөрчлөлтийн хор уршгийг таниулагч залуу идэвхтэн Грета Тунберг загварын Vogue сэтгүүлийн Скандинав дахь анхны дугаарын нүүрийг чимжээ. Сэтгүүлд ашигласан зургуудыг Шведийн зурагчин, консерватив үзэлт Адександров Клум дарсан байна. Сэтгүүлийн нүүрэн дээрх зураг дээр Тунберг биений өнгөтэй тансаг цув өмсөж, Стокхолм хотын ойролцоо модонд исланд үүлдрийн Гандальф нэртэй морьтой цуг сууж байх аж.
Ийнхүү Скандинавт хэвлэгдэж буй анхны дугаарын тухай сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Мартина Бонньер сэтгүүл дээрх редакцын зурвастаа “Энэхүү тэргүүн дугаарынхаа нүүрийг Тунбергээр чимсэн нь нэр төрийн хэрэг. Тунберг бол Скандинавын нүүр царай, шинэ үеийн төлөөлөл төдийгүй эх дэлхийг хайрлах хайр, байгальд ээлтэй байдлыг эрхэмлэгчдийн гол төлөөлөл болсон охин. Эдгээр бүх шинж нь бидний ирээдүйг харах үзэл бодолтой нягт нийлж байгаа нь гайхалтай” хэмээн бичжээ.
Грета Тунберг анх 2018 онд 15 настайдаа хичээлээ таслан байж Шведийн парламентын гадаа хүлэмжийн хийн ялгарлыг багасгахыг Засгийн газраас шаардан жагсаал хийж олны анхаарлыг татаж байв. Түүнээс хойш тэрбээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг залуучуудын хөдөлгөөнд оройлон оролцсоор өдгөө 18 нас хүрчээ. Энэ хугацаанд Тунберг цаг уурын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөний хамгийн алдартай идэвхтнүүдийн нэг болоод зогсохгүй Нобелийн энх тайвны шагналд гурван жил дараалан нэр дэвшиж байна.
Харин энэ удаад Скандинавын Vogue сэтгүүлийн нүүрийг чимэхдээ тэрбээр байгальд ээлтэй хувцас үйлдвэрлэл, хэрэглээг сурталчилж, эсрэгээр хүний хөдөлмөр мөлжиж, байгальд асар их хор хөнөөл учруулан үй олноор нь үйлдвэрлэж, бага үнээр зарагдан, жил бүрийн чиг хандлагаас хамааран хурдан хаягддаг чанаргүй түргэн загвараас татгалзахыг уриалсан байна.
Грета Тунберг сэтгүүлийн нүүрэнд зориулж даруулсан зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлж, дээрх үзэл бодлоо “Хувцас загварын салбар эх дэлхийн өмнө хариуцлага хүлээх цаг нь ирсэн гэдгийг олон хүн ухаарч байна. Тэднийг дагаад өөрсдийгөө байгальд ээлтэй, эко, ногоон, шударга гэх мэтээр нэрлэдэг хүмүүс ч олширсон байна. Хамгийн гол нь тэд энэ үзэлдээ үнэнч хандах нь л чухал юм” хэмээн илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN VOGUE
Холбоотой мэдээ