Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-наас цахим болон танхимаар эхэлнэ. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч ЭЕШ-ын товыг хойшлуулснаас их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ сунгажээ. Зарим сургууль нь ирэх долоо хоногоос элсэлтийн бүртгэлээ эхлүүлнэ гэв. Жил бүрийн намар оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх эсэх асуудал хөндөгддөг. Энэ талаар улсын томоохон их, дээд сургуулийн сургалтын албанаас тодрууллаа.
МУБИС: НЭГ КРЕДИТ НЬ 78-94 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга Н.Мягмарцоожоос тодруулахад “Элсэлтийн бүртгэл өнгөрсөн хавраас цахимаар эхэлсэн. Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн хүүхдүүдийн хувьд элсэлтийн бүртгэл нээлттэй байгаа. Манай сургуулийн сургалтын төлбөр энэ жил нэмэгдээгүй.
Мэргэжлийн онцлогоосоо шалтгаалж нэг кредит нь 78-94 мянган төгрөгийн хооронд 3-4 төрлийн шатлалтай байдаг. Жишээлбэл, олон хүнтэй ордог хичээл арай хямд байхад химийн бодис урвал хэрэглэдэг хичээлүүд нь өөр үнэтэй байдаг. Сүүлийн гурван жил сургалтын төлбөрөө нэмээгүй. Манай сургууль энэ жил 3000 орчим оюутан шинээр элсүүлэхээр төлөвлөсөн” гэв.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.msue.edu.mn/
МУИС: ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Билгүүн “Манай сургуулийн вэб сайт дээр зургадугаар сараас элсэлтийн бүртгэл эхэлсэн. Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмээгүй. Нэгдүгээр түвшний кредитийн үнэ 98600 төгрөг, бүрэлдэхүүн сургуулиуд нь харилцан адилгүй кредит авдаг. Оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог учраас нэг жилийн төлбөрийг дунджаар хэлэх боломжгүй.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://burtgel.num.edu.mn/
ХААИС: СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЭМЭХГҮЙ, 1500 ОЮУТАН ШИНЭЭР ЭЛСҮҮЛНЭ
ХААИС нь зургаан бүрэлдэхүүн сургуультай. Харъяа гурван эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Тус их сургуульд нийтдээ 1000 орчим эрдэм шинжилгээний ажилтан, багш нар ажиллаж байгаа бол 10 мянга орчим оюутан бакалавр магистр, докторт суралцаж буй. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох их сургуулийн нэг билээ.
Тус сургуулийн захирал, Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын ерөнхийлөгч, Т.Хэрүүга “Ирэх хичээлийн жилд нэг ч их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй. Манай сургуулийн хувьд ч төлбөрөө нэмээгүй. Энэ жил 1500 оюутан шинээр элсүүлж авна” гэдгийг хэлсэн юм.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://elselt.muls.edu.mn/
СЭЗИС: ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛЭЭ НАЙМДУГААР САРЫН 21-НИЙГ ДУУСТАЛ ХОЙШЛУУЛСАН
ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахтай холбогдуулан Санхүү эдийн засгийн их сургууль ирэх хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлээ наймдугаар сарын 21-нийг дуустал хойшлуулжээ. Элсэлтийн бүртгэлээ зургадугаар сард эхэлсэн. Сургалтын төлбөр нэмэгдээгүй гэдгийг элсэлтийн комиссоос мэдээлэв.
Элсэлтийн бүртгэлийн цахим хаяг: https://admission.ufe.edu.mn/
Холбоотой мэдээ