“Apple” компани хүүхдийн хүчирхийллийн эсрэг хэрэгжүүлэхээр болсон шинэ технологийнхоо талаар тайлбар хийлээ. Тус компани хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг харуулсан зураг сэлт бүхий мэдээллийг илрүүлдэг технологийг бүтээж хэрэглэхээр болсон нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайлбал, уг технологийг тагнуулын хэрэгсэл гэж үзсэн 5000 гаруй хүний гарын үсэгтэй захиа “Apple”-д иржээ. Харин “Apple” тус технологи зөвхөн “iCloud” цахим мэдээллийн санд байршсан хүчирхийллийн шинж агуулгатай зургуудыг хайж илрүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл хувь хүний мэдээлэл рүү нэвтрэхгүй гэсэн үг.
Харин энэ технологиор дамжуулан засгийн газрууд ЛГБТ хүмүүс болон төрийн эсрэг тэрс үзэлтэн хүмүүсийг хянах боломжтой болох талаар технологийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт анхааруулсан юм.
Гэвч “Apple” үүнийг эрс үгүйсгэж ямар ч засгийн газрын хүсэлтээр уг технологийг ашиглахгүй гэжээ. “Apple” олон засгийн газраас хамтран ажиллах санал хүлээн авч байсан ч бүгдэд нь татгалзсан хариу өгснөө онцолсон юм. Тэдний хэлснээр технологи зөвхөн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн дүр төрхийг илрүүлэхээр бүтээгдсэн тул өөр ямар ч зорилгоор ашиглах боломжгүй аж.
Мөн “Apple” уг технологийн илрүүлэх чадварыг онцлов. Тухайлбал, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудаас ирүүлсэн хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн зургийг таниулж, кодолсон тул ажиллагаанд доголдол үүсэхгүй гэжээ. Тиймээс технологи гэм зэмгүй хүнийг цагдаагийн газарт мэдэгдэх магадлал тэрбумд нэг байхыг онцолсон байна.
“Apple” эцэст нь хэлэхдээ “Энэ бол буруу тийшээгээ хэлбийсэн алхам бус эерэг өөрчлөтийг авчрах найдвартай систем” гэсэн юм. Мөн “Apple” хүүхдийнх нь гар утсанд садар самууныг сурталчилсан зураг орж гарах үед эцэг эхэд нь мэдээлдэг болох системийг боловсруулж байгаа аж. Гэвч дээрх хоёр систем нэг технологи дээр суурилахгүй бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хэзээ ч халдахгүй гэсэн байна.
С.НАРАНГАРАВ
Эх сурвалж: BBC News
Холбоотой мэдээ