Миний амьдралын 30 жил

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Миний амьдралын 30 жил

Зөөлөн зөөлөн дуугарч, бүсгүй хүний аядуухан зангаар хааяа нэг хацраа хонхойлгон инээмсэглэдэг замчин бүсгүйтэй нэлээд олон жилийн өмнө уулзаж байлаа. Олон жилийн өмнөх танил минь хуучин янзаараа, Замын II ангийн долдугаар хэсэгтээ. Зам сумаа үзэж, галт тэргээ угтаж үдсээр 30 жилийг ардаа орхижээ. Түүнээс нэгэнтээ би “Улаанбаатар-Амгалан хоорондын зам сумыг арван хуруу шигээ мэдэх үү?” гэж сорьсон, сонжсон ч юм шиг хэнэггүй асуулт асуучихаж билээ. Тэр хачин асуултын минь хариуг “Мэднэ шүү дээ” гэж товч, бөгөөд тодорхой хариулчихаад хацраа хонхойлгон урдаас зөөлөн инээмсэглэж билээ. Үнэндээ, 30 жил их хугацаа. Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил нь гарт орж, замын бэхэлгээ зам сумын үйлчилгээг хэрхэн хийх нь ёстой л үржүүлэхийн хүрд шиг цээжинд нь тов тодорхой явдаг буй за. Угаасаа, замчин бүсгүйчүүд гүдэсхэн, ил шулуун яриатай.

-Зам сумын үйлчилгээ эмэгтэй замчдад л ногддог юм даа. Гэхдээ бид эрчүүдээсээ дутахгүйг л хичээдэг ч зарим биеийн хүч тооцоо шаардсан ажилд бол яах аргагүй л ард нь ордог юм даа. Замын аж ахуйн ажлыг мэдэхгүй нэг нь бүдүүн хадуун юм шиг ойлгодог байх л даа. Үнэндээ бол замын арчилгаа, үйлчилгээ их нарийн, чимхлүүр ажил шүү дээ. Тэр тусмаа сумын башмакны цэвэрлэгээ, цахилгаан сумын үйлчилгээг эмэгтэй замчид голдуу хийдэг нь ийм учиртай хэмээн замчин хүний ажлын наад захыг тайлбарлалаа.

Б.Цэцэгмаагийн ажилладаг Замын VII хэсгийн мастераар Н.Ууганбаяр ажиллаж байна. Тэрбээр, өмнө нь Х.Мөнхболдыг мастераар ажиллаж байхад бригадын дарга, тус ангийн шилдэг залуусын нэг байсан билээ. Эдний хэсэгт өнөөдөр 60 орчим замчин ажиллаж байгаагийн нэлээд нь бүсгүйчүүд.

-Манай анги бахархмаар сайхан хамт олонтой. Олон хүний амьдрал энэ сайхан хамт олны дунд төвхнөж, ажил амьдралаа эхэлсэн дээ. Манай гэр бүл ч тэдний л нэг. Ажил, мэргэжилдээ гаргууд сайн замчид манайд олон бий. Бригадын дарга Д.Уламбаяр, Ц.Цэрэнганжид нарын залуу замчдад үлгэр дууриал болсон туршлагатай хүмүүс бий. Замчны ажлын нэг онцлог нь хамт олонтойгоо нэг сэтгэлтэй, ажил удирдагчаас өгсөн үүргийг яг л дүрмийн дагуу гүйцэтгэдэг онцлогтой. Ер нь, сүүлийн жилүүдэд манай замчид их залуужсан. Залуучуудтай ажиллах сайхан шүү дээ. Залуучууд ажил хийх арга барилыг нь заагаад, тайлбарлаад өгвөл сурахдаа хурдан. Мэддэг чаддаг бүхнээ хэлж өгөхийг хичээх юм. Шижигнэсэн сайхан залуус манайд ажиллаж байна даа гэлээ. Б.Цэцэгмаа ч өөрөө залуусыг араасаа дагуулсан тэргүүний замчдын нэг. Ажил даалгасан бол ажлын гүйцэтгэл 100 хувь. Залууст нөмөр нөөлөг болж байгаа ахмад туршлагатай замчин гэгдэх болжээ. Өнгөрсөн намрын Замын даргын үзлэгийн үр дүнгээр түүнийг “Тэргүүний төмөр замчин” цол, тэмдгээр шагнасан нь үүний баталгаа юм. Залуус маань ийм туршлагатай дадлагатай ахмад замчнаас чадах хэрээрээ суралцах хэрэгтэй дээ. Гуч гаруй жилийн туршлага гэдэг ямар ч мэргэжлийн ном, сурах бичгээс олохгүй эрдэм шүү дээ хэмээн тус ангийн инженерүүд түүнийг магтаж байна билээ.

Түүний ус нутгийг яривал Баянхонгор аймгийн Баянбулаг сум. Хот, суурин газраас ирсэн томчууд “Төмөр зам гэж хөгжиж байгаа сайхан байгууллага байна. Ажилчид нь өндөр цалинтай, хангамж сайтай юм” гэсээр ирцгээж. Тэдний энэ ярианаас дөнгөж 15 насыг шүргэн алдан явсан жаахан охин “Тэр төмөр зам гэдэг газар нь очъё” гэх бодол төрж. Тэгэхдээ түүний мөрөөдөл үсчин болох. Төмөр замчид үсээ засуулж л таарна. Төмөр замын үсчин болноо” гэсэн шийдэмгий бодол төрж л дээ. Өнөө эргээд харвал, учир мэдэхгүй хүүхдийн гэнэн мөрөөдөл мэт ч хожим ирээдүйгээ төлөвлөсөн л хэрэг шүү дээ. Сургуулиа төгсөх жил ангийн багш нь “Цэцэгмаа минь чи төмөр зам, төмөр зам л гэх юм. Тэнд чинь олон мэргэжил бий. Алийг нь сонгох вэ?” гэж. Өнөөх “Төмөр замын үсчин” гэдгээ хэлж. Ямартай ч Төмөр замын техникумын хуваарь авчээ. Намар иртэл үсчин биш замчны ангид орсон гэдэг. Оюутнуудын “Математикийн Гооёо” гэж хүндэлдэг Д.Гомбосүрэн багшийн ангид сурч, замчны мэргэжил эзэмшин Замын II ангийн долдугаар хэсэгт хуваарилагдсанаас хойш өнөөг хүртэл энэ хэсэгтээ ажиллаж байна.

-Анх ажилд орсон 1991 онд миний үеийн залуус ажиллаж байлаа. Энэ хамт олонтойгоо ижил дасал болж, амьдралын 30 жилийг бид хамтдаа үдэж байна. Би С.Олонбаяр, Л.Энхтуяа гээд хоёр сайхан найзтай. Олон жил үерхээд ирэхээр нэг нэгэндээ уусдаг шиг байгаа юм. Бас энэ хамт олноосоо нэг насны ханьтайгаа ч учирч, төрдөө бүл нэмжээ. Түүний нөхөр Ц.Хүрэлбаатар замчин мэргэжилтэй. Эднийх хүү охин хоёртой. Хүргэн, охин хоёр нь Баян зөрлөгт замчнаар ажиллаж байна. Бид хоёр үр ачаа тойруулсан эмээ, өвөө болцгоосон доо. Гурван ач, хоёр зээтэй. Ер нь, миний амьдралын гэрэл гэгээтэй бүхэн энэ хамт олонтой минь холбоотой шүү. Төмөр замын салбар хөгжөөд замчдын ажил хөдөлмөр улам өндрөөр үнэлэгдэх сайхан цаг ирж байна. Төмөр зам гэдэг сайхан байгууллага шүү. Зам дагасан хүн бүрийн амьдрал өөдөлж дэвждэг. Залуус минь ажил, мэргэжилдээ сэтгэлээ өгч ажиллаарай гэж захих байна даа” хэмээн яриагаа өндөрлөлөө.

И.НАРАНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж