Сөүл, Вашингтон хамтран цэргийн сургуулилалт зохион байгуулж байгаа явдалд Хойд Солонгос дургүйцэж, бүс нутгийн зөрчлийг өдөөж, тогтвортой байдалд заналхийлэх үйлдэл хэмээн буруушаажээ. Түүнчлэн Хойд Солонгосоос тэдний эсрэг гэнэтийн дайралт хийх хүчээ нэмэгдүүлэхээ амлажээ.
Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин дүү, эрх баригч ажилчдын намын удирдах албан тушаалтан Ким Ё Жон АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтыг шүүмжлэн “Вашингтон, Сөүл өмнө нь хамтдаа Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бодлогоо сэргээж, дахин Пёньянтай дайсагнаж байгаагаа харуулж байна. Үүний хариуд бид батлан хамгаалах, хариу цохилт өгөх, гэнэтийн дайралт хийх хүчээ зузаатгах болно” хэмээжээ.
Тэрбээр мөн “АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт бол маш бүдүүлэг бөгөөд өөрсдөө үхлээ эрж буй үйлдэл. Тэд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгаж, Хойд Солонгосын ард түмний аюулгүй байдалд заналхийлснийхээ хариуг хүртэх л болно. Бид өмнө нь тус хоёр улсад удаа дараа анхааруулсан ч тэд үл тоосон. Улмаар өдгөө энэ ноцтой, аюултай нөхцөл байдал үүслээ. Бид үүний хариуд цэргийн хүчээ нэмж, улам нэмэгдсээр байгаа АНУ-ын заналхийллийг эсэргүүцэх болно. Хойд Солонгосын эсрэг ямар нэг үйлдэл хийвэл тэр даруй хэд дахин хүчтэй хариу амсахдаа бэлэн байгаарай!” гэж анхааруулсан байна.
Дээр дурдсан АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт энэ сарын 16-нд эхлэн долоо хоног орчим үргэлжлэх юм. Талуудын мэдээлж байгаагаар дээрх сургуулилалтын зорилго нь гамшгийн үед бэлэн байдлыг хангах явдал аж. Гэхдээ энэ удаагийн сургуулилалтт цар тахлын нөхцөл байдлаас хамааран хүн цөөтэй, голцуу цахим байдлаар өрнөх гэнэ. Хэдий тийм ч Пёньян уг сургуулилалтыг хэмжээнээс үл хамааран Хойд Солонгосын ард түмний эсрэг заналхийлэл хэмээн хүлээн авч байгаа юм.
Тиймээс ч Сөүлийн ямар ч тайлбарыг үл тоон Пёньян сургуулилалтыг буруушаан, эсэргүүцэж, анхааруулга илгээсээр өдийг хүрчээ. Уг нь өнгөрсөн сард хоёр тал зөвшилцөн, өнгөрсөн онд Ким Ё Жоны дэлбэлж хаясан харилцаа холбооны оффисуудыг сэргээн босгохоор тохиролцсон нь Хойд Солонгосын талаас сайшаал, магтаал хүлээж байлаа.
Эх сурвалж: RT.COM