Украин улс руу дүрвэсэн Беларусийн тэрс үзэлтэн Виталий Шишов өнгөрсөн долоо хоногт гэрээсээ гүйх гэж гараад эргэж ирээгүй. Түүний цогцсыг нэг өдрийн дараа ойд дүүжлээстэй байхад нь олсон билээ. Украины нийслэл Киев хотод гарсан уг хэргийг орон нутгийн цагдаагийн газраас шалгаж, амиа хорлолт, эсвэл амиа хорлосон болгож харагдуулсан аллага байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Учир нь Шишовын удирддаг байсан “Украин дахь Беларусийн гэр” нэртэй байгууллагийн ажилтнууд залуугийн үхэлд Лукашенкогийн оролцоо байсан гэж буруутгажээ.
Даваа гаригийн хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Лукашенко “Виталий Шишов надад болоод Беларусь улсын хувьд хэн байсан гэж? Хэн ч биш шүү дээ” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм. Виталий Шишов өнгөрсөн жил Беларусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн хавчлагад өртсөн хүмүүсийг Украин руу зугтахад нь тусалдаг байв. Мөн энэхүү сонгуультай холбогдуулан Их Британи, АНУ-аас Беларусийн эдийн засгийн орлогийн гол эх үүсвэрүүдэд хориг арга хэмжээ авсан билээ. Үүнд үнсэн хужир, газар тосны бүтээгдэхүүнүүд орж байгаагаас гадна зам тээвэр, санхүүгийн үйлчилгээнд хориг тавьснаар Лукашенкогийн томоохон зорилтуудад саад учирчээ.
Их Британиас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээний талаар ямар байр суурьтай байгааг “BBC” агентлагийн сэтгүүлч тодруулахад тэрбээр “Чи тэр хориг арга хэмжээтэйгээ тонилж үз…Муу Америк үүлдрийн нохой!” гэж хариулжээ. Телевизээр шууд цацсан уг хэвлэлийн хурал нь сонгуулиас хойш үүсээд буй улс төрийн хямралын үеэр Лукашенко олон нийтийн өмнө анх удаа гарснаараа онцлог байв. Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 9-нд Беларусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн олон улсын зүгээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгийг хүлээсэн нь түүний хувьд “аврах олс” байсан гэхэд болно. Харин Беларусийн сөрөг хүчний адилаар Барууны хүчнийхэн үүнийг луйврын сонгууль болсон гэж үзсэн билээ.
Гэвч үүнээс илүүтэй сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэд хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал хийсэн нь Лукашенкогийн төрийн эрх барьсан 27 жилийн хугацаанд учирч байсан хамгийн том сорилт байв. Тус улсын цагдаагийн бие бүрэлдэхүүн бороохой, нулимс асгаруулагч хий ашиглан жагсаалыг хүчээр тараасан. Мөн олон мянган хүнийг баривчилсанаас 600 гаруй хүн өдгөө улс төрийн хэргээр ял эдэлж байна. Түүнчлэн Беларусийн сөрөг хүчний удирдагчдаас зарим нь шоронд сууж, зарим нь дүрвэн гарчээ. Лукашенкогийн хамт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулснаа зарласан Светлана Тихановская өдгөө Литва улсад амьдарч байгаа билээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS
Холбоотой мэдээ