Хөл хорионд хөсөр хаягдсан хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Хөл хорионд хөсөр хаягдсан хүүхдүүд

Хөл хорионд хөсөр хаягдсан хүүхдүүд

Бага насны хүүхэд бусдын амь насан хүрсэн харамсалтай, эмгэнэлтэй хэрэг нийгмийг цочроов. Тоглож наадах цэцэг цэврүү шиг насан дээрээ тэд хэн болчихов. Тэдний үйлдэлд хэн буруутай вэ. Хариулт нь томчууд бид. Хүүхэд томчуудын толь гэдэг шүү дээ.

Цар тахал, улс төржилт, эдийн засгийн хямрал, архидалт, гэр бүлийн салалт гээд нийгмийн эмзэг том асуудлын гол хохирогчид нь хүүхдүүд болсоор. Хоёр жил гэртээ хөл хориотой, гарах орох, сурах тоглох боломжоо хязгаарлуулсан хүүхдүүдийн эрүүл мэнд сэтгэгцэд өөрчлөлт гарч буйн эхний дохио энэ.  Монголын төр нь ч, эцэг эх нь хүүхдүүдээ хөл хорионд хөсөр хаясны гор гарч байна. Одоо яах вэ, ганц хоёр хоног нийгмээр шуугиж, гайхаад өнгөрөх үү.

Монгол Улс хүүхэд хамгийн ээлгүй орон. Тоглохоор гарч яваад амиа алдана. Тогтоол усанд ороод живээд үхнэ. Харамсалтай нь, тэдний өмнөөс хариуцлага хүлээдэг хүн байхгүй, төр байхгүй. Хүүхлдээ бид зөнгөөрөө өсвөл өс, хүн болбол бол, сурвал сур гээд хаячихдаг.

Цар тахлын үед сургууль цэцэрлэгээ хоёр жил хөл хорьсон улс Монголд байхгүй. Дотооддоо алдаагүй байж л хий сүржигнэн сургуулиа хааснаас болж цонх үеийн боловсролын асар их ялгаатай хүүхдүүд өсч өндийж байна.  Боломжтой айлуудын хүүхдүүд нь гэрийн багш хөлснөөд хичээл номоо нөхөөд үзчихэж байгаа бол боломжгүй айлын хүүхдүүд нь цахимаар хичээлээ ч авч чадахгүй байна.  Энэ цонх үеийн боловсролын ялгаа ямар их хохирол дагуулахыг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан хөл хорионд удсан хүүхдүүд хүн амины хэрэг үйлдэж эхэлсэн нь Монголын эмгэнэл болжээ.

УОК-ын шийдвэрээр сурч боловсрох, тоглож наадах эрхээ хязгаарлуулсан хүүхдүүд өнөөдөр гэртээ гар утастай өдөр хоногийг өнгөрөөж байна.

Гэтэл цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өмнөх оныхоос өсчээ. Улсын хэмжээнд түр хамгаалах байр нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2020 онд нийт 2147 хүүхэд, 2021 оны эхний хоёрдугаар сард нийт 541 хүүхэд үйлчлүүлжээ. Энэ тоог задлан авч үзвэл 877 нь үл хайхрах хүчирхийлэлд, 478 бие махбодын хүчирхийлэл, 373 нь сэтгэл санааны хүчирхийлэл, хараа хяналтгүй 253, 150 нь бэлгийн хүчирхийлэл, гуйлга гуйсан 22, амиа хорлох үйлдэл хийсэн 10 хүүхэд түр хамгаалах байранд очсон байна.

Өсвөр насныхан гэр бүлийн амьжиргаа орлогоо дээшлүүлэх, дүү нараа асрахад туслах, зэргээр нэмэлт үүрэг хүлээж эрх нь зөрчигдөх, хүчирхийлэл, үл хайхралтад өртөж байсныг Хүний эрхийн тайланд тусгажээ. Дээрх тооноос харахад хүүхдүүд хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, бие махбод зэрэг биедээ ахадсан зовлонг үүрч байгааг харж болно. Томчууд хүүхэддээ цаг гаргаж ярилцдаггүй, хараа хяналт муутайгаас гэмт хэрэгт холбогддог гэдгийг албаныхан хэлж буй. Хамгийн анхаарууштай нь өсвөр насны хүүхдүүдээ хөсөр хаясаар байгаад тэднийг гааз үнэрлэж мансуурах, мансууруулах бодис, элдэв сэдэл төрүүлэхүйц видео бичлэгүүдтэй нөхөрлүүлж яваагаа эцэг эхчүүд анзаардаг уу.  Бид өөрсдөө хүүхдээ эрсдэл рүү, хүнд гэмт хэрэг рүү түлхчихээд дараа нь тэднээс хариуцлага, зөв хүн байхыг нэхэх ёсгүй юм.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүүхэд хайрлагдахгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй, үл тоогдох тусмаа хатуу, хахир болдог юм байна. Иймээс бурууг томчууд бид өөрсдөөсөө хайж, хүүхдэдээ анхаарлаа хандуулах цаг болжээ.

Тиймээс та хүүхдийнхээ сэтгэл зүй, хэнтэй нөхөрлөдөг, хаана цагаа өнгөрүүлдэг гэдгийг анхаараад нэг үзээрэй.

ХҮҮХЭД СТРЕССТ ӨРТӨЖ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙ

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ, ЗӨВ ШИЙДЭЛ СУРГАЛТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Л.БОЛОРТУЯА

-Хүүхдийг анхааралгүй өнгөрөөх нь хүүхэд буруу зүйлийг сонирхох, өөрийгөө голох, өөртөө итгэлгүй болох, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зөв илэрхийлж чадахгүй болох зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хүүхэд стресст өртдөг. Тэд өөрсдийгөө стресст өртөж байгаагаа зөв таньж, томчуудад илэрхийлж чадахгүй, стрессийн нөлөөгөөр өөрийгөө буруутай гэж бодох, үймүүлэх, анхаарал нь сарнимтгай болох, орондоо шээх, хумсаа мэрэх зэргээр илэрхийлдэг. Тиймээс тэднийг сонсохгүй, шүүмжлэх, буруутгах, зодох, яагаад загнаснаа тайлбарлаж хэлэхгүй бол тэд бүх зүйлд өөрийгөө буруутгах хандлагатай, эсвэл бүх зүйлд дайсагнах, өшөө авах сэдэл үүсдэг. Иймээс тэднийг ойлгох, ярилцах, аливаа зүйлийг тайлбарлах, тэврэх, харилцаагаа эерэг байдлаар өрнүүлэх, тэвчээртэйгээр тэдний буруутай үйлдлийг тасралтгүй зөв тайлбарлаж өгөх нь чухал байдаг. Хүүхдийн сэтгэхүй, оюуны дүгнэлт хийх чадвар насанд хүрсэн хүнийг шиг хөгжөөгүйгээс гадна тэдэнд буруу зүйлийн талаар амьдралын туршлагагүйгээс шууд дагах дуурайх эрсдэл бий. Гэр бүлийн анхаарал сул, эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсрол бага, хүүхдэдээ цаг гаргах хомс байгаа зэрэг олон шалтгаан харагдаж байна. Заавал бурууг эцэг эх рүүгээ тулгахаас илүү нийгэм рүү чиглэсэн гэр бүлийн боловсрол, сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх арга зүйн контентууд их болоосой гэж хүсч байна.

ААВ, ЭЭЖ ХЭТЭРХИЙ УУРТАЙ БАЙХ НЬ ХҮҮХДИЙГ МАШ ТҮРЭМГИЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ, ТҮГШҮҮРТЭЙ, АЙДАСТАЙ, БОЛГОДОГ

СЭТГЭЛ ЗҮЙЧ Н.АРИУН-ЭРДЭНЭ:

-Томчууд бид ч яахав гадуур гараад хэн нэгэнтэй харилцаад  стрессээ тайлчихдаг. Тэгтэл хүүхдүүд энэ тал дээр маш хэцүү байдалтай байгаа. Аав, ээжүүд хүүхдээ хориод, өвчин зовлонгоос хол байлгаж байна гэж буй боловч өөрсдөө гадуур яваад, орой гэртээ харьж байгаагаа нэг л анзаарахгүй байх шиг. Хүүхдээ стресстэй байгааг мэдээд байгаа боловч ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь нууц биш юм. Мэдээж хүүхэдтэй ойр дотно ажилладаг аав, ээжүүд олон бий.

Хөл хорионы үеийн стресс, уур бухимдал нь бидний хүүхдийн ирээдүйд маш том гай, түйтгэрийг авчрах нь дамжиггүй. Учир нь хүүхдэд нийгмийн харилцаа маш том суурийг тавьдаг.
Хүүхдэд найз нөхөдтэй байх, ярилцах, сэтгэлээ нээх, өөрийгөө ойлгуулах, мэдрэх, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдэд аав ээжээс илүү найз нөхөд маш чухал байдаг.
Мөн зарим аав ээжүүд өөрсдөө сэтгэл зүйн асуудалтай байгаа нь хүүхдэд үнэхээр бэрхшээлтэй байна. Хэтэрхий ууртай харилцах, шаардлага өндөр тавих, үүрэг хариуцлагыг хэтэрхий хүлээлгэх, нөгөө талдаа хэтэрхий анхаарахгүй байх, үл тоох, хайхрахгүй байх, чи хүүхэд би том гэдэг хандлагаар тушаах, захирах зэрэг юм. Ийм харилцаа хандлага нь хүүхдэд айдас түгшүүр үүсгэх, нийгмийн харилцаанаас зугтаах, үргэлж бусдын ард нуугдах эрсдэлтэй.
Аав ээж хэтэрхий ууртай байх нь хүүхдийг маш түрэмгий, өөртөө итгэлгүй, түгшүүртэй, айдастай, болгодог. Сртессийн үед тархины ялгарах кортизол нь хүүхдийн тархины хөгжлийг удаашруулах ба эсийг гэмтээдэг. Мөн энэ нь тархины урд хэсгийг хатингаршуулдаг. Тэгэхээр хүүхдийн стресс маш аюултай. Сайн хөгжөөгүй байгаа тархины элементүүдийн ялгарах хэмжээг бууруулахаас гадна тархи гэмтэж, бүтцийг өөрчлөлтөд оруулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж