Эх дэлхий шатаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Эх дэлхий шатаж байна

Эх дэлхий шатаж байна

Сүүлийн үед улам нэмэгдсээр буй агаарын дундаж хэм, хэт хуурай уур амьсгал зэргээс шалтгаалан Европ, Умард Америк даяар асар олон түймэр гарч, маш олон ан амьтан, ой мод хүн зон хохирсоор байна.

Ялангуяа зуны турш үргэлжилсэн ноцтой хуурайшилт болон хэт халуун цаг агаар хавсарснаас болж, дэлхийн олон хэсэгт ойрын арваад жилд тохиогоогүй аюултай түймэр тархаж байна. Түүгээр зогсохгүй цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн өсөлтөөс шалтгаалж дэлхийн бусад хэсэгт ч гэсэн гал түймрийн эрсдэл маш өндөр болж байгааг эрдэмтэд анхааруулсаар буй.

Жишээлбэл, Европын хэд хэдэн улсад хэтэрхий халуун цаг агаартай өдрүүд үргэлжилж байгаа бол АНУ-ын Калифорни мужид урьд өмнө нь хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн аюултай, том түймэр дэгджээ. Түүнээс гадна зөвхөн АНУ-д л гэхэд нийт 100 гаруй түймэр санаа зовоож байна.

ГРЕК

Европ дотроо Грект хамгийн хөнөөлтэй түймрүүд дэгдэж байна. Зарим том түймрүүд өдгөө хоёр долоо хоног үргэлжилж байгаагаас болж, олон арван хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ.

Мөн Грекийн хоёр дахь том арал Эвиад гал түймрийн хөнөөл аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд гэрээ орхин зугтахад бэлтгэн хэрэгцээт эд зүйлсээ баглаж цаг үеийн байдлын талаарх шинэ мэдээллүүдийг чих тавин сонсож, түгшиж суугаа гэнэ.

Түймэр ассанаас хойшхи арав дахь өдөр буюу энэ сарын 7-ны байдлаар Грекийн нийт түймэр 57000 га талбайг хамарсан болохыг Европын ойн түймрийн мэдээллийн систем мэдээлэв. Харьцуулж үзвэл, Грект 2008-2020 оны хооронд гарсан түймрүүд дунджаар 1700 га талбайг хамарч байжээ.

ТУРК

Туркийн өмнөд эргийн хэсгүүдэд сүүлийн 10 гаруй өдөр түймэр ассанаас  найман хүн нас барсан байна. Түүнчлэн түймэр хэдийнэ ойгоос хальж, газар тариалангийн бүсэд тэлснээс болж, хэдэн арван мянган хүн гэр орноо орхин зугтацгаажээ. Аз болж өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр нутгийн зарим хэсэгт бороошсон нь түймэртэй тэмцэх үйлсэд багагүй нэмэр болж байгаа аж.

ИТАЛИ

Италийн Сицил, Сардин арал тэргүүтэй өмнөд нутгуудад хамгийн аюултай түймэр ассаар байна. Эхний түймрийг өнгөрсөн сарын 24-26-ны хооронд ассан хэмээн үзэж байгаа аж. Харин өдгөө эл түймэр нийт 10 мянга гаруй га талбайг хамарч, Сардин арлын баруун өмнөд хэсэгт л гэхэд 800 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болсон гэнэ.

ОХУ

Сибирийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тосгон нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь тус бүс нутагт нийт 155 гаруй түймэр дэгджээ. Ийн асар олон түймэр дэгдсэн нь хуурай, халуун цаг агаараас гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж, аюулгүй байдлын дүрмүүд зөрчигдсөнтэй холбоотой гэнэ.

АНУ

Калифорни мужийн өмнөд хэсэгт гал сөнөөгч нар мужийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн том түймэртэй нойр, хоолгүй тэмцэлдэж байна.

Анх дөрвөн долоо хоногийн өмнө Дикси замын ойролцоо эхэлж ассанаас болоод “Диксигийн түймэр” нэртэй болсон эл түймэр өдгөө 1875 км.кв талбайд шатаж байна. гэвч гал сөнөөгч нар түймрийн ердөө 21 хувийг арайхийн дараад буйг мужийн ойн түймрээс сэргийлэх департмент мэдээлжээ. Харьцуулж үзвэл Калифорнид Нью Йорк хотоос хоёр дахин том газар бүхэлдээ шатаж байна гэсэн үг юм.

Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар гал түймэртэй тэмцэхэд хамгийн их хүндрэл учруулж буй зүйл нь сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч буй дэлхийн дулаарал, хэт хуурай уур амьсгал гэнэ. Нөхцөл байдлаас дүгнэхэд энэ удаагийн түймэр түүхэн дэх хамгийн аймшигтай хэмээн нэрлэгдэж байсан өнгөрсөн оны түймрээс хамаагүй илүү хөнөөл учруулах төлөвтэй байна.

Гэвч харамсалтай нь энэ бол АНУ-ын өрнө зүгийн голдуу 14 мужид дэгдсэн 107 том хэмжээтэй түймрүүдийн ердөө нэг нь юм.

КАНАД

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бороо орсноос үл хамааран Канадын Бритиш Колумб дахь түймрүүд үргэлжлэн ассаар байна. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өдгөө нийт 279 түймэр шатаж байгаа тул эрсдэлтэй хэсгийн хэдэн арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж буй гэнэ.

Албаныхны мэдээлснээр энэ оны хавраас хойш тус мужид нийт 5800 км.кв талбай бүхий ой шатжээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
86
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж