Сурвалжлага: Хонх нь дуугарахад дамар нь таг хөдөлмөрийн зах зээл

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хонх нь дуугарахад дамар нь таг хөдөлмөрийн зах зээл

Сурвалжлага: Хонх нь дуугарахад дамар нь таг хөдөлмөрийн зах зээл

Ажилгүй иргэдийн тоо энэ жил 18.5 мянгаар өссөн байна.  Цар тахлаас болж өнгөрсөн онд гэхэд л 46 мянган ажлын байр цомхотголд орсныг МҮХАҮТ-аас мэдээлсэн.   Статистик харахад ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь, 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 4.2 хувь нь дипломын дээд, 0.7 хувь магистр түүнээс дээш боловсролын түвшинтэй байна.  Энэ бол зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээлэл. Бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоог хэлэхэд хэцүү. Ямар ч байсан бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээллийг харахад дээд боловсролын дипломтой ажилгүй иргэд жин дарж байна. 

“Зар мэдээ” сонины Даваа гаригийн /2021.08.09/ дугаарт “Цахилгаанчин ажилд авна. Мэргэжлийн үнэмлэхтэй, ажлын туршлагатай бол давуу тал болно. Ажилдаа хариуцлагатай хүн хайж байна” гэсэн зар тавигджээ. Дээрх зарыг ажил олгогч  гурван сарын өмнө тавьсан ч өнөөдрийг хүртэл тэнцэх олдоогүй байна.  Өнгөрсөн хугацаанд ажилд орсон ганц хүн нь үг даахгүй ажлаа хаяад явжээ.

Ажил олгогч хэлэхдээ “Тавдугаар сараас хойш тогтвор суурьшилтай ажиллах цахилгаанчин хайгаад олсонгүй. Зарчим, шаардлага тавихаар  ажлаа хаяад явчихдаг хүн олон болжээ. Асуудлаа ярилцаад шийдвэрлэж болдгийг залуус ойлгохгүй байна. Өөрт нь ямар нэгэн зүйл таалагдахгүй, өөрийн дураараа ажиллах боломжгүй бол шууд ажлаасаа гарчихдаг" гэв. Сүүлийн үед ажилгүйдэл ч, ажлын байрны илүүдэл аль, аль нь нэмэгдсэн болохыг статистик судалгаанаас харж болохоор. Үүний шалтгаан нь  ажлын ур чадваргүйгээс гадна ачаалал даах хүсэлгүй, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй, амар хялбар аргаар өндөр цалин авахыг ч ажилчид хүсэх болсон нь ажил олгогчдод таалагддаггүй бол ажил олгогчдын зүгээс үзүүлдэг дарамт шахалт, бүдүүлэг, дээрэнгүй харилцаа, хандлагыг ажилчид тэсвэрлэхгүй нь олон. Энэ Монголын хөдөлмөр эрхлэлтийн салбарын том бэрхшээл зовлон болоод удаж байгаа юм.

АЖИЛ ОЛГОГЧ: АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ БАЙЖ ЦАЛИНГАА ГОЛДОГ

Барилгын туслах ажилд авна. Ажилдаа хариуцлагатай, тогтвор суурьшилтай, ажилч хичээнгүй хүнийг ажилд авна” гэх зараар хүний нөөцтэй нь холбогдоход  “Өмнө нь анкет бөглөсөн хүмүүс дунд сонгон шалгаруулалт хийж ажилд авдаг байсан бол одоо  сонголт хийх боломж алга. Бараг ирснийг нь  авч байгаа" талаараа хэллээ. Ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь эхлээд цалингаа асуудаг нь ажил олгогчдод таалагддагүй аж. 

Тэрбээр “Би 2014 оноос эхлэн  хүний нөөцөөр ажиллаж эхэлсэн. Тухайн үед ажлын зар тавихад доод тал нь 30-40 хүн анкет бөглөөд 10-20 хүнийг сонгон шалгаруулалтад оруулдаг байлаа.  Гэтэл өнөөдөр зарын дагуу  10 хүн залгана, гэхдээ ирж анкет бөглөх нь цөөхөн.  Ажилд аваад удаагүй байхад л зарим нь хүнд, хэцүүг нь гайхаад явчихдаг. Ихэнх нь ажлын туршлагагүй байж цалингаа голдог” гэлээ.

Энэ мэт сул ажлын байр хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт ихтэй ч ажилдаа сэтгэлтэй зүтгэлтэй ажиллах боловсон хүчний дутагдалд Монголын хөдөлмөрийн зах зээл орсныг ажил олгогчид зовлон болгон тоочиж сууна. 

АЖИЛ ГОРИЛОГЧ: ЦАЛИНГАА  ӨГӨХГҮЙ ХУЛХИДДАГ

Харин ажил  горилогч иргэдийн хувьд авч байгаа цалин нь амьдралд хүрэлцдэггүй, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй зүйлийн хийлэдэг, нэхдэг, илүү цагаар ажилласны мөнгө өгдөггүй, цагтаа цалингаа тавьдаггүй, нийгмийн даатгалаа төлдөггүй тухай гомдоллож байна. Зарим нь ажлын байрны дарамт шахалт ихтэй, байгууллагын дарга удирдлагуудын зүгээс ажилтнуудаа компанийг нь авч яваа хүмүүс гэхээсээ тэжээж тэтгэж яваа зарц боол аятай ханддагаас болж ажлаа өөрчлөхөд хүрдэг талаараа иргэн Б.Болорхүү ярив.  Харин иргэн Н.Базар өмнөх ажиллаж байсан компани нь нийгмийн даатгалаа төлдөггүй, цалингаа цагтаа тавьдаггүйгээс болоод зээл авч амьдралаа дээшлүүлэх боломжгүйд хүрсэн тул ажлаасаа гарсан гэлээ.  Мөн хувийн хэвшилд ажиллахад гэр бүлтэй байсан ч ганц бие мэт ажиллахыг шаарддаг нь хэцүү байдаг гэлээ. Харин албаныхан хөдөлмөрийн  гэрээ байгуулж юу хийх, юу хийхгүй вэ гэдгээ эхлээд ярилцах нь олон эрсдэлээс хамгаална гэдгийг сануулж буй.  

ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТЭНЦВЭР АЛДАГДСАН

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан “Ажил олгогч байгууллагуудаас захиалга авч, иргэдийг зуучилдаг боловч эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдагдчихаад байна. Ажил олгогч байгууллагууд нь уул, уурхай, барилгын салбарт туслах, өрөгч, цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлийн хүн авах сонирхолтой байдаг. Бодит байдал дээр ажил захиалагчдын ихэнх нь дээд боловсролтой, мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа юм. Тухайлбал, хүний нөөц, хууль эрхзүйчийн орон тоо хайгаад байдаг. Гэхдээ манай хэлтэст ажил хайж ирэх хүн цөөхөн. Ажилд орох, ажиллах хүсэлтэй залуус байхгүй болж. Ихэнх нь  Өмнөд Солонгос руу явах  асуудлаар л хандаж байна. Тэгэхээр эрэлтэд тулгуурласан тусгай боловсролыг иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ажиллах хүчний эрэлтэд бөөний болон жижиглэн худалдаа, машин  мотоциклын засвар үйлчилгээ, барилгын туслах ажилтан, нягтлан бодох бүртгэл, барилгын инженер гэх мэт мэргэжлийн эрэлт өндөр хувийг эзэлж байна.

ХУВЬ ХҮНИЙ ҮНДСЭН ЗАН ЧАНАРТ СУУРИЛСАН УР ЧАДВАРЫГ ЧУХАЛЧИЛДАГ БОЛСОН

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 2021 оны нэгээс наймдугаар сар хүртэл нийт  9740 ажлын байрны 9740 захиалга ирэхэд 7155 иргэн бүртгүүлсэн байна.  Үүнээс ажилд зуучлах үйлчилгээнд 6546 хүнийг хамруулахад 4159 хүн ажилд орсон. Харин цагийн бол түр ажлын байранд 1304 иргэнийг зуучилсан байна. Гурваас зургадугаар сард  барилга, уул уурхайн ажил идэвхждэг бол есөөс арванхоёрдугаар сард  үйлчилгээтэй холбоотой ажлын байрны захиалга нэмэгддэг.

Тухайлбал, наймдугаар сарын 2-ны өдөр гэхэд  “Central Express” компани буюу CU 120 ажлын байр зарласан. Үүний хүрээнд  хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян зохион байгуулахад нэг өдөрт 64 иргэн ирж ярилцлагад ороход дөрвөн иргэнээс   бусад нь тэнцсэн.  Эдгээр иргэдийг насны бүлгээр нь авч  үзвэл, 18-25 насныхан 45 хувь, 26-30 насны иргэд 34 хувь, 31-35 насны иргэд 18 хувь, 36-40 насны иргэд гурван хувийг эзэлж байсан.

Ажил олгогчид шинээр ажилтан авахдаа ажил мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй  хувь хүний үндсэн зан чанарт суурилсан ур чадварыг чухалчилдаг болсон.

Тодруулбал, ажил горилогчийн найдвартай,  хариуцлагатай байдал, эерэг зөв хандлагатай байдал, цаг ашиглах, ачаалал даах, тасралтгүй суралцах, баг хамт олны нийлэмж, өөрчлөлтөд дасан зохицох чадварыг хамгийн ихээр чухалчилж байна. Хэдийгээр мэргэжил нь өөр ч үнэхээр ажиллах сонирхолтой байвал сургаад цааш нь дадлагажуулаад ажиллах сонирхолтой.

Залуус  ажилд орохдоо тухайн компанийн нэр хүнд, цаашид өсч хөгжих боломжтой эсэхийг чухалчилж хардаг болсон байна. Харин нэг хэсэг нь өөрөө  өөртөө ажлын байр бий болгох буюу гарааны бизнес эрхлэхийг чухалчилж  байна. Цагийн сонголт нь  уян хатан байх учраас  өөрт цаг зарцуулах боломжтой гэж үзэх болж. Өнөөгийн зав чөлөөгүй нийгэмд ажил, амьдралын зөв зохистой тэнцвэрийг олох гэдэг нь чухал шийдвэрлэх асуудлын нэг болоод байна. Ажил, амьдралын тэнцвэргүй байдалд орсноор стресс ядаргаанд орж, ажил хийх бүтээмж маш ихээр буурдаг. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд ихээр ажиглагддаг” гэлээ. 

                             ЗАГАС БАРЬЖ ӨГӨХӨӨР ЗАГАС БАРИХ АРГЫГ НЬ ЗААЖ ӨГӨХ ЦАГ БОЛЖЭЭ

Ийм үг бий. харамсалтай нь, Монголын төр загасыг нь барьж өгөх бодлого хэрэгжүүлсээр ирсэн нь хөдөлмөрийн зах зээлд доголдол үүсгэжээ. Монголд айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа "мөлжиж" амьдарч байдаг гэх албан бус судалгаа бий. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан гэртээ аав, ээж, эмээ өвөөгөөрөө тэжээлгэн амьдарч болдог нь Монголын нийгмийн онцлог. Төрийн халамж хэт данхайсан нь хөдөлмөрийн зах зээлд сөрөг үр дагавар авчирч байна. Халамжийн "буян"-аар хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдарч байгаа хүн Монголд олон. Энэ амьдралдаа дассан тэд ажил хийх сонирхолгүй байдаг.  Тэд бусдын шахалт шаардлага дор тогтсон цагийн хуваарьт баригдан,  байгууллагын тавьсан гэрээ нөхцөлийг мөрдөж ажил хийх дургүй байдаг гэнэ.  Хөдөлмөрийн зах зээлд гарсан энэхүү цоорхойг нөхөхийн тулд төр халамжийн бодлогоо эргэн харах цаг болсон байна.

Нөгөө талаар ажлын байрны илүүдлийг их дээд сургуулиуд үйлдвэрлэж байна. Тэд дөрвөн жил мөнгөө авсан бол тэр хүний цаашдын амьдрал хамаагүй гэсэн хүйтэн сэтгэлгээнээсээ салах ёстой болж байна. Учир нь, дээд боловсролын дипломчид "дорд" ажил хийх дургүй. Тиймээс ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангадаггүй аж. 

Түүнчлэн ажил олгогчид хандлагаа өөрчлөх цаг болсон. Цалин хөлсийг нь цагтаа тавихгүйгээс гадна нийгмийн даатгалаа ч төлдөггүй компаниуд олон. Ажилчдаа үнэт капитал гэж харахаасаа илүү зарц боол мэт үнэлдэг нь ч бий. Хөдөлмөрийн хөлсний хамгийн бага цалин өгөөд түүнийгээ "тэнгэрийн хишиг" мэт загнах захирлууд ч бий. Тэгэхээр хаана, хаанаа хандлагаа өөрчлөх цаг болсныг ч ажил олгогч, ажилтан, албаны хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрч сууна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж