Барилгачдын талбайн зүүн талд анхны Европ эмийн сан байрладаг. Түүхэн дурсгалт энэ барилгыг монголчууд “Цагаан хааны аптек” хэмээн нэрлэдэг байв. Гэвч өдгөө 100 гаруй жилийн түүхтэй хуучны тоосгон байшинг хүмүүс тэр бүр анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх болж.
Өнгөрсөн хавраас түүхэн дурсгалт барилгыг тойруулан хашаа татаж, засварлаж эхэлжээ. Хэдийгээр барилгын бүтцийг өөрчлөхгүйгээр засч байгаа нь сайшаалтай ч Чингэлтэй дүүргээс хяналт тавьж, мэргэжлийн сэргээн засварлах компани ажиллаж буй нь эргэлзээтэй.
Монголд түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварладаг мэргэжлийн компани гарын арван хуруунд багтам цөөн. Ингэхдээ тусгай эрх авдаг гэдгийг судлаач хэлсэн юм. Гэтэл өнөөдөр түүхэн он цагийг туулсан хуучны ховор барилгыг хэн дуртай нь засварлах нэрээр нурааж, эвддэг нь нууц биш болсон.
Барилгын хашаанд ажилчид байхгүй, нам гүмхэн угтав. Манаачаас нь асуухад “Өнгөрсөн хавраас л барилгыг засварлах ажил эхэлсэн. Барилгачид долдугаар сард хэд хоног ажиллаж байгаад больсон. Одоо энд барилгын ажилчид байхгүй” гэлээ.
"ЭНЭ БАРИЛГЫГ 2015 ОНД СОЁЛЫН ӨВД БҮРТГЭЖ АВСАН"
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН Г.ОЧБАЯР:
-“Цагаан хааны аптек” хэмээн нэрлэдэг энэ барилгыг 1909 онд барьсан. Өөрөөр Европ эмийн сан ч гэж нэрлэдэг. Энэ барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэж авсан. “Шунхлай” компанийн өмчлөлд байдаг. Одоо барилгын бүтцийг өөрчлөхгүйгээр засварлаж байгаа ч соёлын өвд бүртгэж авсан барилгыг мэргэжлийн сэргээн засварлах компаниар хийлгэж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай байгаа. Хэдийгээр барилгыг соёлын өвд бүртгэсэн ч тухайн өмчилж байгаа компанитай ямар ч гэрээ байгуулаагүй юм билээ. Анх “Энэ барилгыг буулгаж байна” гэхээр нь очоод уулзахад “Барилгыг нураахгүй. Засвар хийнэ. Модон ханыг нь хүртэл өөрчлөхгүй” гэсэн. Клубын үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Удахгүй дүүргийн хамгаалалтад авахаар НИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.
"ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД СУДАЛГАА МАШ ЧУХАЛ"
АРХИТЕКТОР Г.НЯМЦОГТ:
-Түүхэн дурсгалт барилга байшинг мэргэжлийн сэргээн засварлагч засах ёстой. Хуучин Түүх соёлын дурсгалыг сэргээн засварлах газар гэж байсныг 1990-ээд оны эхээр хувьчилсан байдаг. Одоо ч тэр үйлдвэрлэлийн баазын тоног төхөөрөмж архивт хадгалагдаж байгаа. Орчин цагт энэ газрыг нэн даруй байгуулах хэрэгтэй.
Миний хувьд түүх дурсгалын бүхий л барилгыг сэргээн засварласан хүн. Хүн нүдний эмчээр шүдээ эмчлүүлэхгүйтэй адил шүү дээ. Түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлахад судалгаа маш чухал. Тухайн барилгыг ямар материалаар барьж, ямар будгаар будсаныг нь судална. Тэрнээс биш хэн нэгэн мөнгө цацаад л тендер авч, будаг шунхдаад л болчихдог ажил биш.
АНХНЫ ЕВРОП ЭМИЙН САН 112 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ
Одоогийн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн хойд талд байрлах жижиг ногоон байшинг 1909 онд байгуулсан түүхтэй. Хувьсгалын өмнө Их хүрээнд Оросын консулын бие хамгаалах цэргүүд болон Оросын харьяат нарт үйлчлэх Европ эмнэлгийн амбулатори ажиллаж, монголчууд хааяа үзүүлдэг байжээ.
Тэр амбулаторийн харьяанд 1910-аад оны үед Европ эмийн сан байгуулсан байна. Хувьсгалын ялалтын дараа уг байшинд Цэргийн оёдлын үйлдвэр, Ардын засгийн цагдан сэргийлэх байрлаж байжээ. 1925 онд Эрүүлийг хамгаалахын харьяанд Европ эмийн санг байгуулж, 1930 онд уг байшингийн зүүн талд нэгэн шинэ байшин барьж, тэнд шилжүүлэн байрлуулсан нь нэгэн үе Нэгдүгээр аптек гэгдэж байв. Түүнээс хойш хотын аптекуудын удирдах контор олон жил байрлаж байсан юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ