Хятад “Covid-19”-ийн дөрвөн хувилбарын эсрэг үр дүнтэй вакцин гаргана

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятад “Covid-19”-ийн дөрвөн хувилбарын эсрэг үр дүнтэй вакцин гаргана

Хятад “Covid-19”-ийн дөрвөн хувилбарын эсрэг үр дүнтэй вакцин гаргана

Дэлхийн хамгийн том вакцин экспортлогч орон болсон БНХАУ энэ онд “Covid-19”-ийн эсрэг вакцины хоёр тэрбум тунгаар олон улсыг хангана гэж мэдэгдлээ. Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн пүрэв гаригт вакцины хамтын ажиллагааны талаар Хятадад болсон олон улсын форумд илтгэл тавихдаа энэ тухай дуулгажээ. Тэрээр мөн бага, дунд орлоготой орнуудад вакцин хандивлах зорилготой "COVAX" хөтөлбөрт 100 сая ам.доллар хандивлана гэж мэдэгдсэн юм.

Хятадын гадаад харилцааны яамны Олон улсын эдийн засгийн харилцааны газрын ерөнхий захирал Ван Сяолун хэлэхдээ “Хятад улс дэлхийн хүн амын 10%-ийг аюулгүй, үр дүнтэй вакцинаар хангахад бэлэн байна” гэсэн юм. Түүний хэлснээр, Хятад өнгөрсөн оны есдүгээр сараас хойш гадаад орнуудад нийт 770 сая тун вакцин илгээжээ. Үүний ихэнх нь хоёр талын зөвшилцлийн хүрээнд хийгдсэн бөгөөд үүнээс хэдэн арван сая орчим тунг хандивласан аж.

Харин АНУ-ын хувьд "COVAX" хөтөлбөрөөр дамжуулан 110 сая тун вакцин хандивласан гэж Цагаан ордон энэ долоо хоногийн эхээр мэдэгдэв. Хятадын вакцин үйлдвэрлэгч хоёр том компани болох “Синофарм”, “Синовак” ирэх жилийн  дундуур гэхэд тус хөтөлбөрийн хүрээнд 550 сая тун вакцин хандивласан байх гэрээ байгуулжээ. Эхний нийлүүлэлтийг энэ сард Бангладеш, Пакистан, Алжир улсууд руу илгээхээр болжээ.

Өөрийн улсын иргэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэдэн зуун сая хүнийг Хятадын вакцинаар дархлаажуулсан боловч халдварлах чадвар өндөртэй “дельта” хувилбараас хамгаалж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Тухайлбал, Индонез, Тайландын засгийн газар иргэдээ Хятадын  "Синовак” компанийн вакцинаар дархлаажуулсан юм. Гэвч вакцины бүрэн тунд хамрагдсан зарим иргэд нас барах тохиолдол гарсан тул эрүүл мэндийн ажилтнуудаа “Модерна” вакцинаар нэмэлт тунд хамруулахаар болсон аж.

Идэвхгүйжүүлсэн вирусээр бүтээсэн “Синовак”, “Синофарм” компанийн вакцинууд "дельта" хувилбарын эсрэг үр дүн багатай байгаа боловч вирусээс тодорхой хэмжээнд хамгаалж байгаа талаар БНХАУ -ын Өвчнийг хянах төвийн ажилтан Фэн Зижян зургадугаар сард "CCTV" телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тэрбээр гурав дахь тун нэмж хийлгэсэн тохиолдолд эсрэг биетийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг судалгааны дүн харуулсныг онцолжээ. Төрийн өмчит “Синофарм” компани "дельта" зэрэг дөрвөн үндсэн хувилбарт тохирсон вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж.

            С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж