Маш өндөр халдварлах чадварлах чадвартай “дельта” хувилбараас хамгаалахын тулд “Covid-19” тусаад эдгэрсэн хүмүүс ч вакцин хийлгэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулжээ. Учир нь вакцинд хамрагдаагүй боловч өмнө нь халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг саяхны судалгаа харуулжээ. Мөн АНУ-ын өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвүүд буюу “CDC” лабораторийн туршилтаар батлагдсан судалгааны дүнг өнгөрсөн Баасан гаригт танилцуулсан юм.
Уг туршилтаас “Covid-19”-ийн халдвар авсан хүнд вирус эсэргүүцэх дархлалын эсүүд бий болж байгаагаас гадна нэмж вакцин хийлгэснээр шинэ мутациудаас давхар хамгаалагдаж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь өвчлөөд эдгэрсэн ч шинэ хувилбаруудаас болгоомжлох ёстой аж. “CDC”-ийн доктор Рошель Валенский “Хэрэв та “Covid-19”-ээр өвдсөн ч гэсэн вакцин заавал хийлгэхийг зөвлөж байна. Учир нь ингэж байж л та улс орон даяар дэлгэрээд буй “дельта” вирусээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаална” гэжээ.
Мөн “Gallup”-ээс хийсэн шинэ судалгаагаар америкчуудын вакцин хийлгэхгүй байгаа гол шалтгаан нь “Covid-19” тусаад эдгэрсэн хүмүүс тус вирусээр дахиж өвчлөхгүй гэдэг итгэл үнэмшилтэй байжээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудаас урьд нь өвчлөөд эдгэрсэн хүмүүст вакцинжуулалт илүү их хамгаалалтыг бий болгоно гэдгийг зөвлөж байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эдгэрсэн хүмүүс вирусийн эхний хувилбараас хамгаалагдахаас бус одоо тархаж буй илүү өндөр чадвартай мутациас хамгаалах чадвараар сул байгааг цусанд хийсэн шинжилгээгээр илрүүлсэн байна.
“CDC” өөр нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Судлаачид 2020 онд лабораторийн шинжилгээгээр “Covid-19”-ийн халдвар авсан нь батлагдсан Кентакки мужийн оршин суугчдыг судалж үзжээ. Тэдний дийлэнх нь аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд халдвар авсан байв. Харин энэ оны тав, зургадугаар сард дахин халдвар авсан хүмүүсээс 246 нь вакцин хийлгэсэн байсан бол 492 нь вакцинд огт хамрагдаагүй байжээ. Үүнээс вакцинд хамрагдаагүй үлдсэн хүмүүс бүрэн вакцин хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад дахин халдвар авах эрсдэл өндөр байгаа юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн оны тав, зургадугаар сард Кентакки мужид давамгайлж байсан “альфа” хувилбараар өвчилсөн хүмүүс энэ жилийн хувьд шинэ хувилбараар халдварласан байна. Ийнхүү байгалийн дархлаа нь вакцинжуулалтын адил вирусийн хүчтэй олон хувилбараас хамгаалж чадахгүй байгаа нь тогтоогджээ. Гэвч “дельта” хувилбараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа хэрхэн тогтож байгааг хараахан судлаагүй байна.
АНУ-ын засгийн газрын халдварт өвчний мэргэжилтэн, доктор Энтони Фаучи хэлэхдээ “Covid-19-ийг тусаад эдгэрсэн хүмүүсийг вакцинжуулах нь сүргийн дархлаа тогтох цар хүрээ, хэмжээ аль алиныг нэмэгдүүлж байгаа нь тодорхой байна" гэв. Эцэст нь “CDC” өмнө нь өвчилсөн болон өвчлөөгүй бүх хүмүүст бүрэн вакцинд хамрагдахыг зөвлөжээ.
С.НАРАНГАРАВ
ЭХ СУРВАЛЖ: ASSOSIATED PRESS