АПУ ХК их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй анхны компани боллоо

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

АПУ ХК их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй анхны компани боллоо

АПУ ХК их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй анхны компани боллоо

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС (2021 оны 08 дугаар сарын 09) — Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд дундаас АПУ ХК зах зээлийн үнэлгээгээр ₮1 их наяд давсан анхны компани болж, түүхэн үйл явдал тохиолоо.

“АПУ ХК-ийн удирдлагын арга барил, компанийн засаглалын хөгжлийг шинэ түвшинд гаргасан ба ингэснээр үйл ажиллагаа, үнэ цэн өсөн нэмэгдэх боломжтой гэдгийг бусад томоохон компаниудад илтгэн харуулж байгаа явдал гэж билэгшээж байна. АПУ ХК нь хувьцаа эзэмшигчдэдээ тогтмол ногдол ашиг тараах бодлогыг сүүлийн жилүүдэд баримталж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж МХБ-ийн хамгийн идэвхтэй, хөрвөх чадвар хамгийн өндөр хувьцаа болсноор хөрөнгө оруулалтын багцад зайлшгүй багтах хувьцаа болж чадсан байна. Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа 97 жилийн түүхтэй хүнсний салбарын ууган үйлдвэр АПУ ХК-ийн нийт хамт олон, хөрөнгө оруулагчид, харилцагчид, хэрэглэгчид, түнш байгууллагууд та бүхэнд халуун баяр хүргэе.” гэж МХБ-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцоллоо.

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1992 онд Засгийн газрын шийдвэрээр хувьцаат компани болж өөрчлөгдөн, 2001 бүрэн хувьчлагдсан түүхтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд АПУ компани 100 гаруй сая ам.долларын гурван шатны хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шингэн хүнсний салбарын манлайлагч, зах зээлийн хөгжлийг тодорхойлогч, үндэсний ТОП компанийн нэг болжээ. Тус компани өдгөө 2000 гаруй ажилтантай, 8 охин компани, 1 хараат компани бүхий групп компанийн бүтэцтэй ажиллаж, 10,000 гаруй харилцагчдын дэмжлэгтэйгээр Монгол Улсын өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна. Түүнчлэн, БНХАУ, ОХУ-ыг экспортын стратегийн зах зээлээр тодорхойлсон бөгөөд 2019 онд ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний зэрэгцээ БНХАУ-ын зах зээлд шар айрагны борлуулалтын сүлжээгээ тэлэх ажлаа эрчимжүүлсний үр дүнд тус хоёр улсад экспортолсон нийт бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оныхоос даруй зургаа дахин нэмэгдээд байна.

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, Хайнекен болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон. Нэгдлийн үр дүнд АПУ ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орж, нийт гаргасан хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг болж, дэлхийн шар айрагны хэрэглээг тодорхойлон манлайлж буй Хайнекен компани тус компанийн хувьцааны 25%-ийг эзэмшигчээр бүртгэгдсэн. Ийнхүү дотоодын зах зээлд тэргүүлэгчийн байр суурийг бататгахын зэрэгцээ олон улсад шингэн хүнсний томоохон үйлдвэрлэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр буюу үнэлгээтэй компани болох эхлэл тавигдсан билээ.

“Монголын хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 30 жилийн хугацаанд АПУ ХК засаглалын нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэн хувьцаа эзэмшигч, хэрэглэгч, харилцагч тэргүүтэй төр, хувийн хэвшлийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулахад онцгой анхаарч ажиллаж ирсэн билээ. Энэ дундаа хүн төвтэй менежментийн бодлого хэрэгжүүлэхэд анхаарч компанийн эрхэм зорилго, үнэт зүйлсээ баримтлан аливаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлт бүхий цаг үед ажилтнуудаа хөгжүүлэх, ажлын байраа хадгалах төдийгүй олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлж “Тогтвортой хөгжлийн зорилт” дэвшүүлэн ажиллаж байна.” хэмээн АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхийг бичилцэж буй АПУ компани нь хөгжлийн дараагийн шатанд гарч, тасралтгүй хөгжил дэвшлийн сууриа бататган ажиллаж байна. Цаашид, зах зээл, технологийн дэвшил, бизнесийн амжилтаар тэргүүлэгч байр сууриа хадгалан бэхжүүлж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зарчмуудыг үйл ажиллагааны бүх шатандаа тууштай хэрэгжүүлэн, экспортоо тэлж, шинэ зах зээл, шинэ боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарсан уул уурхайн бус Монголын анхны компани болох зорилго тавиад байна.


КОМПАНИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Оноосон нэр: АПУ

Хэлбэр: Нээлттэй хувьцаат компани

МХБ-ийн хувьцааны бүртгэлийн ангилал: I

Хувьцаа эзэмшигчдийн тоо: 9189 (2021.07.27-ны өдрийн байдлаар)

Хөрөнгийн зах зээл дээрх байр суурь: АПУ компанийн хувьцааны эрэмбэ

Зах зээлийн үнэлгээгээр: 1

Арилжааны үнийн дүнгээр: 5

Эх сурвалж: МХБ-ийн 2021 оны эхний хагас жилийн арилжааны тайлан


ТҮҮХ: ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

Анх 1924 онд Архин завод нэртэйгээр одоогийн АПУ ХК-ийн үндэс суурь тавигдсан ба 1927 онд Чехийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анхны шар айргийг үйлдвэрлэж эхэлсэн.

Архи пивоны комбинат 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 49% нь хувьчлагдаж, 51% нь төрийн мэдэлд үлдсэнээр “АПУ” хувьцаат компани болж МХБ-д бүртгэгдэв. Улмаар хувьчлагдаагүй үлдсэн 51%-ийг 2001 оны 11 дүгээр сард Нийтийн дуудлага худалдаагаар АПУ ХК хувийн өмчид бүрэн шилжсэн.

2002-2016 онуудад нийт 100 гаруй сая ам.долларын 3 шатны хөрөнгө оруулалтаар Итали, Австри, Герман улсын орчин үеийн дэвшилтэт техник технологиор үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилж, дэлхийн стандартад нийцсэн үйлдвэр болсон.

2007 оны эхээр Тетра Пак савлагаатай, асептик сүүг зах зээлд борлуулж эхэлснээр одоогийн Сүүний үйлдвэрийн суурь тавигдаж, 2014 онд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы GEA компанитай хамтран шинэ сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. АПУ Дэйри ХХК нь 2017 онд бие даасан аж ахуй нэгж болж тусгаарлагдсан.

2017 онд Монгол Улсын шингэн хүнсний салбар, хөрөнгийн зах зээлийн хувьд урьд өмнө тохиож байгаагүй томоохон нэгдэн нийлэх ажиллагаа явагдаж, ХАЙНЕКЕН болон Шунхлай Групп компаниуд Монгол Улс дахь архи, шар айраг, ундааны үйлдвэрлэл, түгээлтийн бизнесээ нэгтгэн хүчирхэг нэгдлийг бий болгосон.

2019 онд АПУ ХК ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч “Татспиртпром” ХК-тай худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаалж, Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэх болов.


Бидэнтэй нийгмийн сүлжээнд холбогдоорой:

www.facebook.com/APUCompany

www.twitter.com/APU_Company

www.instagram.com/apu_company

mn.linkedin.com/company/apucompany

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж