Ирэх жил нийслэлд 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийх хэрэгцээ шаардлага үүссэн. Гэвч бүтээн байгуулалтын ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй байна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХЭЛТСИЙН ДАРГА Н.МӨНХБАЯР:
–Нийслэлд 0.07 га газар олгож байгаа юу. Хуулиараа 2028 оныг хүртэл сунгасан шүү дээ?
-Газрын тухай хуулиараа иргэнд 0.07 га газрыг эзэмшүүлэх асуудал дүүргийн Засаг даргын эрх байдаг. Тухайн дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг ИТХ-аар баталж, төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлдэг. Өнөөдрийн байдлаар тухайн дүүрэг ямар төлөвлөгөө баталсан тэрний дагуу ажиллаж байгаа.
-Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнөж, газар чөлөөлөлтийг эрчимтэй хийх болсон. Энэ онд хэчнээн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн бэ?
-Тухайн жилийн төсөв, хөрөнгө оруулалтаас хамаарч манай албанаас газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна. Жишээлбэл, Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам, дугуй болон явган хүний зам, инженерийн шугам сүлжээ гэх мэт ажлуудыг хийдэг. Өнгөрөгч 2020 оны байдлаар 90 газар чөлөөлөх ажлыг хийж, 1200 нэгж талбайг чөлөөлөхөд 22 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон.
Энэ жил нийт 215 ажлаас зураг төсөл, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн 102 ажил байна. Өнөөдрийн байдлаар 17 ажлыг бүрэн хийж дууссан. Одоо 85 ажлыг хийж байна.
-Энэ онд газар чөлөөлөх ажилтай холбоотойгоор хэчнээн төгрөг төсөвлөсөн бол?
-Энэ жил нийтдээ 5.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэр хөрөнгө маань одоо дууссан. Энэ төсвөөр 102 ажлаас 17 нь газрыг бүрэн чөлөөлж, ажил хэвийн үргэлжилж байна. Үлдсэн 85 ажилд төсөв байхгүй ч гэрээгээ байгуулж, нийслэлээс төсөв батлуулахаар ажиллаж байна.
Улсаас нөхөн олговор олгохгүй газар чөлөөлөлтийн ажлыг их хийдэг. Автозам барилаа гэж бодоход зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан айлуудын хашааг татуулдаг. Хэрвээ зөвшөөрөлтэй газар нь бүтээн байгуулалтад орвол талбайн хэмжээгээр нөхөн олговрыг олгодог. Ойролцоогоор гэр хорооллын 70-80 хувь нь зөвшөөрөлгүйгээр газраа сунгасан байдаг.
-Бүтээн байгуулалтын ажлыг төсвөөс газар чөлөөлөлтийн нөхөн олговор нь хэт давсан гэдгийг албаныхан хэлдэг. Тиймээс цаашдаа нийслэлд газар олголтыг зогсоох уу?
-Хэрвээ иргэн газар эзэмшиж байгаа бол Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дуусахаас нь өмнө газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг хийнэ. Иргэн газраа өмчилсөн бол газрыг нь зах зээлийн үнээр хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үл хөдлөх хөрөнгийг нь тооцож, улсаас харилцан тохиролцон нөхөн олговор өгдөг. Манай албанаас эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж, иргэдэд танилцуулдаг.
Үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй, илүү мөнгө нэхвэл дахин эд хөрөнгийн үнэлгээг өөрсдөөр нь хийлгэж, хоёр үнэлгээний зөрүү хол гарвал хөрөнгийн үнэлгээний институтээр аль нь үнэн зөвийг шалгуулдаг.
-Газар чөлөөлөлтийн дундаж ханш хэд байдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээг хийсэн газрын нэг метр квадрат нь 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн 250 мянган төгрөг давсан, төвийн шугам сүлжээнд ойрхон газар ч бий. Жишээлбэл, Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалтын 10 га талбайн газар чөлөөлөлтийн ажил байна. Иргэний өмчилсөн газрыг улс шууд хураан авч болохгүй. Тиймээс эхлээд иргэн, аж ахуй нэгжтэйгээ тохиролцож, зөв талаас нь ойлгуулдаг.
"Нийслэлд шинээр 0.07 га газар олгохгүй"
"Нийслэлд шинээр 0.07 га газар олгохгүй"https://news.mn/r/2461122/
Posted by News.mn on Monday, August 9, 2021
"НИЙСЛЭЛД ШИНЭЭР ГАЗАР ӨМЧЛӨХ БОЛОМЖГҮЙ"
ТУС ГАЗРЫН ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.ОТГОНГЭРЭЛ:
-НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан 52 байршлын 15,309 га газарт 2014-2016 онд цахим хэлбэрээр анх удаа явуулсан. Энэхүү газар өмчлөлийн цахим систем нь иргэдэд тэгш байдлыг хангах, газар өмчлөх боломжийг олгох, мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангаж байснаараа давуу талтай болсон. Тус байршлуудад одоогийн байдлаар дэд бүтэц асуудал шийдэгдээгүй байгаа. Цаашид энэ байршлуудад дэд бүтцийн төлөвлөгөөг холбогдох байгууллагууд нь гаргах байх.
-Огт 0.07 га газар аваагүй иргэд нийслэлд шинээр газар авч болох уу?
-Нийслэлийн хэмжээнд төлөвлөлт хийсэн газрын нөөц дууссан учир шинээр иргэдэд газар өмчлүүлэх боломжгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалтай уялдуулан нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа ба уг төлөвлөгөө хийж дууссанаар суурьшлын бүсэд газар олгох эсэхийг шийдэх , зохион байгуулах боломжтой болох юм. Мөн нийслэлд бүртгэлтэй иргэнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын 3.1-д зааснаар нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхээ эдлэх боломжтой юм. Энэ жил газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд эзэмшиж буй газраа өмчлөх эрхтэй болгохоор 2604 нэгж талбарын 141 байршил туссан байна.
Холбоотой мэдээ