Африкийн хамгийн том хийн ордыг исламын дайчдаас чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Африкийн хамгийн том хийн ордыг исламын дайчдаас чөлөөллөө

Африкийн хамгийн том хийн ордыг исламын дайчдаас чөлөөллөө

Руанда, Мозамбик улсын цэргүүд Мозамбикийн хойд хэсэгт байрласан исламист дайчдаас гол боомт хотыг булаан авсан талаар Руандагийн арми мэдээллээ. Африкийн хамгийн том хийн орд газруудын нэг Кабо Делгадо мужид байрлах Мосимбоа-да-Прая хот босогчдын сүүлчийн бэхлэлт байсныг онцолжээ. Харин бослого гаргачид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж. 2017 онд тус зэвсэгт бүлэглэлийнхэн Мозамбик улсад бослого үймээн гаргаж эмх замбараагүй байдал үүсгэж байв.

Тус бослого үймээнээр 3000 гаруй хүн амь насаа алдаж, 820 мянган хүн орон гэргүй болсон юм. Мозамбикийн арми дээрх мужид хяналтаа тогтоохын тулд бүлэглэлийнхэнтэй сүүлийн хоёр жилийн турш ширүүн тэмцэл хийсэн. Улмаар өнгөрсөн сард Руанда улсаас тусламжийн 1000 цэрэг илгээжээ. Руанда улсын Батлан хамгаалах хүчнийхэн Ням гаригт твиттер хуудаснаа “Хоёр жил гаруйн хугацаанд босогчдын түшиц газар байсан Мосимбоа-да-Прая хотыг Руанда, Мозамбикийн аюулгүй байдлын хүчнийхэн эргэн хяналтандаа авлаа” гэсэн юм.

Хүчний байгууллагийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа Рональд Рвиванга “AFP” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Тус боомт хот босогчдын сүүлчийн бэхлэлт болсон төдийгүй босогчидтой хийх тэмцлийн эхлэл боллоо. Бид тус бүс нутгийг бүрэн тогтворжуулахын тулд аюулгүй байдлын ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гээд орон гэрээ алдсан хүмүүс тун удахгүй гэр орондоо эргэн ирэх боломжтой болно гэсэн юм. Мозамбик улс гадны цэргийн хүчнээс туслалцаа авахаас зайлсхийж ирсэн ч босогчидтой хийсэн дөрвөн жилийн тэмцэл тэднийг багагүй туйлдуулсан юм.

Өндөр бэлтгэгдсэн, хатуу сахилга баттай Руанда улсын цэргүүд Мозамбик улсын сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийж чадаагүй зүйлсийг сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Мөн Өмнөд Африкийн хөгжлийн нийгэмлэгээс хэдэн зуун цэрэг илгээж, Европын холбоо цэргийн сургуулилтын  төвөө байгуулснаар хуучин Португал улсын колони байсан тус улс өдгөө олон улсын цэрэг бэлтгэх газар болсон байна. Ийнхүү гадны цэргүүд орж ирсэнээр Мозамбик улсыг исламын босогчидтой тэмцэл өрнүүлж буй Африкийн бусад улс орны адил хувь заяа хүлээж байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг шинжээчид сануулж байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж