Төрийн ордонд өнөөдөр /2021.08.09/ Оюутолгойн ажлын хэсгээс хөндлөнгийн хяналтын дүгнэлт гарсантай холбогдуулж мэдээлэл хийж байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Оюутолгойн асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсэг мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн үндсэн зорилго УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилготой. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон. Миний бие уг ажлын хэсгийг ахалж буй.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар хэтэрсэн. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар Засгийн газар Оюутолгойн ТУЗ-д удаа дараа хүсэлт тавьсны эцэст дэлхийн нэр хүндтэй шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлт гаргууллаа. 2021 оны гуравдугаар сард томилогдон таван сар гаруй хугацаанд ажиллаад шинжээчид өнөөдөр дүгнэлтээ ирүүлсэн байна.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум 450 сая, ам.доллараар нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас болоогүйг дурдсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүс нэмж хэлэх байх. Оюутолгойн төслийн менежментийн багаас Монгол Улсын Засгийн газарт ямар тайлбар өгч байгааг та бүхэн мэднэ.
Оюутолгойн гүний уурхай хоёр жилээр хойшилж ашиглалтад орж байгаа нь геотехникийн нөхцлөөс болсон гэдэг тайлбарыг ирүүлж байсан. Тэгвэл дэлхийд нэр хүндтэй шинжээчдийн баг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн болон хугацаа хойшилсон нь ямар нэгэн геотехникийн нөхцөлөөс болоогүй гэж дүгнэсэн байна.
"Рио Тинто"-гийн Монгол дахь захирал нартай хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр уулзалт зохион байгууллаа. "Далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлээч ээ. Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто"-гийн хүсч буйгаар ТЭЗҮ батлах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчдийн дүгнэлт ийм байдалтай гарч байхад далд уурхайн зардлыг хүлээн зөвшөөрч батлах боломжгүй. Өмнө батлагдсан ТЭЗҮ-ийн хүрээнд зэсийн үнэ ханш өндөр байгааг бодолцож том жижиг, хувьцаа эзэмшдэг эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлээч ээ" гэдэг шаардлага тавьсан.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН:
-Уг төслийн хамгийн гол нөөцийг бүрдүүлж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил тодорхой шалтгааны улмаас зардал хэтэрсэн асуудлыг 2019 оны долдугаар сард “Рио Тинто”, Оюутолгой компанийн зүгээс Засгийн газарт анх удаа танилцуулсан. Уг танилцуулгад “энэ асуудал урьдчилан тааварлаж, болзошгүй геотехникийн нөхцөл байдлаас болж зардал хэтэрлээ” гэж Монголын талд мэдэгдсэн. Зардал тухайн үед 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гуч хүртэлх сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажил хойшилсон гэж ярьж байсан.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал геотехникийн асуудалтай хамааралгүй гэж тодорхойлсон. Шинжээчдийн ажлын хэсэгт “Рио Тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох асуудал эхэндээ хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, гэрээ байгуулсан. Гэрээ хэлцлийн асуудал, цаашдаа дээрх нөхцөл байдалд тулгуурлан явагдана.
"ОЮУТОЛГОЙ"-Н ТУЗ-ИЙН ГИШҮҮН З.ГАН-ОЧИР:
-Дээрх асуудлыг Оюутолгойн ТУЗ авч хэлэлцэнэ. Цаашдаа далд уурхайн бүтээн байгуулалтад дахин зардлын хэтрэлт, төслийн менежментийн алдаа гаргахгүй байх талаар ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуудал үргэлжилнэ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Дубайн төлөвлөгөөний хүрээнд далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Харамсалтай нь, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэн, хоёр жилээр хугацаа алдсан явдалд хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын Засгийн газар гомдолтой байгаа. Үүний дагуу шинжээчдийг ажиллуулсан.
Цаашид хэлэлцээрийн явцад менежментийн багийн алдаанаас болсон гарсан зардлыг хэрхэн хариуцуулах вэ гэдэг олон ажил хийнэ.
Эрх зүйн маргааны хувьд Монгол Улсын Засгийн газрыг татварын маргаантай холбоотой асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн. Монгол Улсын Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг маргаанд “Рио Тинто”-г татаж оролцуулъя. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой гарсан алдаанд "Рио Тинто"-г буруутгаж сөрөг нэхэмжлэл гаргасан. Наймдугаар сард багтааж, сөрөг нэхэмжлэлийг Лондонд хэлэлцэж эхлэхээр цаг хугацааны төлөвлөгөөтэй явж байна.
АНУ болон Их Британийн үнэт цаасны хороонд жижиг хувьцаа эзэмшдэг төлөөллөөс “Рио Тинто”-г буруутгаж гомдол гаргасан асуудалд хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.
ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГО:
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй Ажлын хэсгийн гишүүд нэлээн дэлгэрэнгүй танилцаж байна. Мөн энэхүү дүгнэлтийг баталгаажуулж, гүнийн уурхайн чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхүүд мөн дүгнэлтээ өгсөн нь хэлэлцээрийг урагшлуулахад нөлөө үзүүлнэ. Шинжээчид болон зөвлөхүүд Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хэтрэлт юунаас болов гэдэг дээр нэлээн дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан. Үүнд санхүүгийн тал дээр дахин хөндлөнгийн аудит хийлгэх нь зүйтэй. Хугацаа хэтрэлтээс үүдэлтэй зардлын хэтрэлт дээр дэлгэрэнгүй дүгнэлт гаргуулах зүйтэй гэх зөвлөмжийг өгсөн. Тиймээс цаашид шаардлагатай арга хэмжээнүүдийг авна.
Холбоотой мэдээ