Гацсан, мартсан, "аньсан" бүтээн байгуулалтууд

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Гацсан, мартсан, "аньсан" бүтээн байгуулалтууд

Гацсан, мартсан, "аньсан" бүтээн байгуулалтууд

Шаваа тавьж туузаа хайчилан төсвөөс багагүй зардал мөнгө зарцуулсан бүтээн байгуулалтууд өнөөдөр сураггүй болжээ. Төлөвлөж, товлосон хугацаа нь хэдийнэ өнгөрсөн ч зарим нь ганц ширхэг хадаасгүй хадсангүй. Зарим бүтээн байгуулалт нь цаасан дээрээ "өтөлжээ". Ингээд бүтээгүй бүтээн байгуулалт буюу тууз хайчилсан мөрөөдлүүдийг эргэн сануулъя.


ДЦС-5 БАРИХ ТӨСӨЛ ТАГ МАРТАГДСАН НЬ

Үе, үеийн Засгийн газар, улс төрчдийн амлалтын бай болсоор эцэст нь царцаасан Дулааны  цахилгаан станц 5  барих төслийг анх 2011 онд эхлүүлж байв. Түүнээс өмнө арваад жил улстөрчдийн амлалт байсныг яриад  хэрэггүй биз. Төрийн шийдвэрээр 2017 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч сүүлийн есөн  жил цаасан дээр бичигдснээс өөр бүтээн байгуулалт өрнөөгүй.

Уг нь “ДЦС-5” төслийн шинэ байршил болох Хөлийн голын хөндийд 43 га газрын эзэмшлийн гэрчилгээг авч байв. 

Харамсалтай нь,  өмнөх Засгийн газар уг төслийг “мартах”-аар болж царцсан төслүүдийн жагсаалтыг нэгээр нэмсэн юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2019 онд ДЦС-5 барих төслийг үргэлжлүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ. Шалтгаан нь, уг цахилгаан станцыг барихаар концессийн гэрээ байгуулсан консорциум нь задарч хөрөнгө оруулагчгүй  болсон гэх. Уг консорциумд БНСЦ, Франц, Япон, Монгол дөрвөн орон оролцож байсан. Хэрэв уг цахилгаан станцыг төлөвлөгөө ёсоор 2017 онд ашиглалтад оруулсан бол өдрөөс өдөрт хэрэглээ нь нэмэгдэж буй цахилгааны нийлүүлэлтийг хангаж үр өгөөжөө өгөх байв.

ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦ ГАЦАВ

Монголын эрчим хүчний салбарт сэргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцын төсөл нь 30 жилийн настай. Анх 1991 онд энэ тухай  шийдвэр гарч байсан. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй.

Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг.

Гэвч засаг солигдсноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л урагшлаагүй.

Хамгийн сүүлд 2018 онд батласан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ. Энэхүү станцыг байгуулах талаар 1964 онд анх ярьж эхэлсэн түүхтэй.  Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас  эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.

САЙНШАНД САЙХАН ҮЛГЭР БОЛСОН НЬ

12  гаруй жилийн өмнөөс сураг нь дуулдаж дуншиж эхэлсэн бүтээн байгуулалт. 2010 онд хүнд аж үйлдвэрийн цогцолбор байгуулснаар үндэсний нийт бүтээгдэхүүн 12.4 тэрбум доллараар өсч, 396 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж бичиж байв.

Цогцолбор байгуулагдсанаар үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдал улам баталгаажиж, ажлын байр олноор бий болон хүн амын бодит орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбар хөгжих үндэс болох тухай эрх баригчид олонтаа ярьсан.

Сайншандад хүнд аж үйлдвэрийн цогцолбор барьснаар улс төрийн намуудаас тухайн үед сонгуулиар дэвшүүлсэн ашигт малтмалын орлогоос ард түмэндээ хүртээх зорилт биелэх боломж бүрдэнэ ч гэж ухуулж, сурталчилж байсан удаатай.

Хүнд аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд зэс, төмрийн хүдэр, ган хайлуулах, газрын тос боловсруулах, кокс, цементын үйлдвэр, цахилгаан станц, төмөр замын терминал, орон сууцны хороолол барьж Улаанбаатар хотын авто зам, Монгол Улсын авто замын сүлжээг хөгжүүлэхээр төлөвлөж байв. Мөн цогцолборыг дагасан хөнгөн үйлдвэр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, худалдаа, үйлчилгээний төв гээд 200 гаруй төрлийн бизнес хөгжинө гэж тооцоолж байжээ.

Харамсалтай нь, 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Засгийн газраас энэхүү хүнд үйлдвэрийн цогцолбор байгуулах шийдвэрийн дагуу 3512 га газрыг олгосныг цуцалсан юм. Учир нь  тусгай хэрэгцээнд авсан газарт өдийг хүртэл ямар нэгэн үйлдвэр бариагүй төдийгүй  аж үйлдвэрийн цогцолбор   байгуулах судалгаа хийсэн ч үр дүнгүй болсон аж. Тиймээс Сайншандын өмнө зүгт буй дээрх газрыг тусгай хэрэгцээнээс гаргаж Сайншандын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж иргэдэд өмчлүүлэхээр болсон талаар мэдээлсэн. Дээрх тусгай хэрэгцээний газарт Засгийн газраас 14 тэрбум төгрөг гаргаж геологи, ус, суурьшлын бүсийн судалгааг мэргэжлийн компаниудаар хийлгэж байжээ. Энэхүү аж үйлдвэрийн паркыг бодит амьдрал дээр барьсан бол галт тэрэгний оршуулга болох байсан талаар төмөр замчид ярьдаг. Учир нь мэргэжлийн судалгаагүйгээр интернэтийн олдоцыг ашиглан ТЭЗҮ-г боловсруулсан учраас хотгор газарт төмөр зам барьснаар галт тэргүүд эргэж гарч чадахгүй тийм нөхцөл байдалд хүрнэ гэж анхааруулж байсан юм. Цаасан дээр сүндэрлэсэн аж үйлдвэрийн цогцолборт 14 тэрбумыг зарцуулсан билээ. 

СУРГААС ЦААШГҮЙ "МАЙДАР ХОТ" 

Улаанбаатар хотоос 50 километр зайд орших Төв аймгийн Сэргэлэн суманд нэгэн хот сүндэрлэх болсон тухай яриа бүр 2009 оноос эхлэлтэй. Тэр нь Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот” юм.  Улмаар 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Гэвч өдийг хүртэл тус төслөөс "сургаас" өөр зүйл алга. Уг нь одоогоос таван жилийн өмнө буюу 2016 онд  эхний ээлжийн нээлтээ хийх ёстой байв. Эко хот гэж нэрлэгдэх тус хот нь 300 мянган оршин суугчтай байхаар төлөвлөгдсөн байдаг. Төслийн санаачлагч нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Майдарыг аялал жуучлал, бизнесийн хийгээд эко хот болгох зорилготой, цаасан дээр буусан төслийн ерөнхий танилцуулгаас харвал Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурхны бэлгэдэлтэй Майдар хотыг 11 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн юм. Иргэд ч багагүй мөнгөө хандивласан билээ. Гэвч одоо энэ талаар бодит мэдээлэл өгөх хүн алга. Дам сонсох нь ээ, Х.Баттулга төрийн тэргүүн байхдаа гадны нөлөө бүхий улстөрчидтэй уулзахдаа хөрөнгө оруулалт хийхийг санал болгодог гэлцдэг билээ. 

БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Эрчим хүчний доголдлыг хаах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц. Уг төслийн өртөг 1.2 тэрбум ам.доллар. Уурхайг түшиглэн 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 онд “Багануур-Пауэр” компанитай байгуулж байв. Гэрээнд тусгаснаар,  БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилсан хүчин чадал бүхий дулааны шинэ станцыг барьснаар иргэд, албан байгууллага, ААН-үүд нэг квт цахилгааныг 9 цент буюу 225 төгрөгөөр худалдан авахаар заажээ.

Уг төслийн бүтээн байгуулалт 2017 оноос эхэлсэн ч  2018 онд гацсан. Шалтгаан нь, тус цахилгаан станц барих төслийг эргэн харах шаардлагатай хэмээн үзсэнтэй холбоотой.

Ямартай  ч  2021 оны хоёрдугаар сард Шадар сайд С.Амарсайхан Багануурт баригдах  цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр  "Сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, хүний эрүүл мэндэд болоод байгаль орчинд хор нөлөөгүй, тухайн бүс нутгийн эдийн засаг, нийгэмд томоохон үр өгөөж өгөх, ажлын байрыг олноор нэмэгдүүлэх энэ мэт төсөл хөтөлбөрийг Монголын Засгийн газар бүх талаар дэмжинэ. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль журмын хүрээнд харилцан үр ашигтай ажиллах энэ төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ" гэдгийг онцолсон удаатай. 

ТҮЛЭНХИЙН ТӨВ ХЭЗЭЭ АШИГЛАЛТАД ОРОХ НЬ ТОДОРХОЙГҮЙ 

Түлэнхийн төвийн барилга нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжгүй болсноор 2011 онд Төрийн өмчийн хорооноос акт тавьж, Засгийн газраас эхний ээлжинд 3.8 тэрбум тэрбум төгрөгийн санүүжилтийг шийдэн, барилгыг нь нураах ажил эхэлсэн түүхтэй ч өнөөдрийг хүртэл шинэ барилга нь ашиглалтад орж чадалгүй ес дэхь жилээ үдэх болж байна.  Энэ хугацаанд хэдэн дүүргийн Тамгын газар, Төрийн өмчит газрын барилга ашиглалтад орсон бэ гэвэл гарын арван хуруу багадна. Улсын хэмжээнд ганц байдаг эмнэлгийн барилга гацдаг шалтгааныг "Төсөв батлагчдад ашиггүй" гэдгээс өөрөөр тайлбарлах боломж алга. 

Барилга ашиглалтад оролгүй найман Засгийн газрын нүүр үзсэн шалтгааныг холбогдох хүмүүс төсвөөс баталсан хөрөнгө оруулалтын зардал нь хаанаа ч хүрэлцээгүй, дээр нь газрыг нь хувийн компани авсан зэргээс шалтгаалж, маргаан гарсаар 2021 онтой золгосон. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг татсанаар 6.8 сая ам.долларыг барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн нь ажлыг нэлээд урагшлуулсан байна.

Төлөвлөснөөр бол  долоон давхар, 250 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн Түлэнхийн төвийн шинэ барилга 2019 онд ашиглалтад орж, гэмтэж бэртсэн хүмүүсээ багтааж шингээхэд хэцүү байгаа Гэмтлийн эмнэлэг дангаараа үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэх байв. 

Барилгын ажил 90 гаруй хувьтай явж байгаа гэх бөгөөд хэзээ ашиглалтад орох нь мөн л тодорхойгүй байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж