Пакистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөв

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

Пакистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөв

Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр 27 настай Нур Мукадамыг хэрцгийгээр хороосон хэрэг долдугаар сарын 20-ны өдөр нийслэл Исламабад хотод гарсан бөгөөд талийгч бүсгүйн танил болох 30 настай Захир Жаффер хэргийн сэжигтнээр татагджээ.

Пакистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөв

Эмэгтэй хүний амь насанд хүрсэн хэргийн мэдээг Пакистан улсын сонины нүүрнээс олж харна гэдэг ховор. Энэ нь тус улсад энэ төрлийн гэмт хэрэг бага гардаг гэсэн үг биш юм. Гэвч Пакистан улсын дипломатчийн охины толгойг тасдан хороосон хэрэг нийгмийг бүхэлд нь цочроож, эмэгтэйчүүдийн эрхэд халдсан аливаа хэрэг замхраад өнгөрдөг тухайн улсын хуулийн системд томоохон цохилт өглөө. Орон нутгийн цагдаагийн газраас мэдээлснээр 27 настай Нур Мукадамыг хэрцгийгээр хороосон уг хэрэг долдугаар сарын 20-ны өдөр нийслэл Исламабад хотод гарсан байна. Талийгч бүсгүйн  танил болох 30 настай Захир Жаффер хэргийн сэжигтнээр татагджээ.

Хэрэв Мукадам нэр хүндтэй айлын охин биш, хэрэг Пакистаны нөлөө бүхий гэр бүлтэй холбогдоогүй, аллага Исламабад хотын баян чинээлэг дүүрэгт гараагүй байсан бол тус хэрэг гэмт хэргийн статистик мэдээлэлд дурдагдаад өнгөрөх байсан нь эргэлзээгүй юм. Бүсгүйг өнгөрснөөс хойш олон нийт твиттер хуудаснаа “#JusticeforNoor” хэмээх үгийг давалгаалж, “Gofundme” фейж хуудас шүүх хурлын зардалд зориулж, 50 мянган ам.долларын хөрөнгө босгожээ. Учир нь хэргийн газрын болон шүүх эмнэлгийн хангалттай нотолгоо байгаач хэргийг  үнэн мөнөөр тогтоолгохын тулд бүсгүйн ар гэрийнхэн чамгүй тэмцэл өрнүүлэх шаардлагатай тулгарах аж.

Тус улсын худалдаа, төслийн менежмент эрхэлдэг, гэр бүлийн өмчит компаниудын нэг “Ahmed Jaffer & Company Ltd”-ийн захирлын хүү Жафферийг хэргийн газраас баривчилсан бөгөөд түүнийг санаатай аллага үйлдсэн гэж буруутгажээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид олны  анхаарлыг татсан энэхүү хэргээр дамжуулан тус улсын парламентаас гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох тухай хуулийг батлахыг уриалж байгаа юм. Хууль батлагдсан тохиолдолд зөвхөн Исламабад хотын хүрээнд үйлчлэх боловч эрх баригч намын удирдлагад байдаг нийслэл хот гэдэг утгаар бусад мужуудыг ижил төстэй хууль тогтоомж батлахад түлхэц болно гэж үзэж байна.

Парламентын дээд танхим болох Сенатаас уг хуулийн төслийг баталсны дараа Исламын үзэл суртлын зөвлөлд хэлэлцүүлэхээр илгээсэн байна. Тэнд өргөн барьсан хуулийн төсөлд Исламын шашны хууль тогтоомжид харшилсан зүйл байгаа эсэхийг нягтлах аж. Тус зөвлөл нь 2016 онд эрэгтэйчүүдэд эхнэртээ "хөнгөн хэлбэрээр гар хүрэх"-ийг зөвшөөрсөн хуулийн төслийг санаачилж байжээ. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхийг завдаж байсан тэднийг хууль тогтоомжид үзүүлэх нөлөөгөө ашиглан хуулийн батламжид саад учруулж болзошгүй гэж таамаглаж буй юм.

МУКАДАМЫН СҮҮЛЧИЙН ДУУДЛАГА

 

Талийгч бүсгүйн найз, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Захра Хайдер CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Нур Мукадамыг "хайртай хүмүүсийнхээ төлөө мянган бээрийг туулсан охин" гэж тодорхойлсон бөгөөд талийгаач машин барих, түргэн хоол идэх, "бороо орох үест дээвэр дээр бүжиглэх" дуртай нэгэн байжээ. Харин эцэг нь болох Өмнөд Солонгос, Ирландад элчээр ажиллаж байсан Пакистаны нэр хүндтэй дипломатч Шаухат Мукадам охиноо амьтдад хайртай, гэр бүлээ хөгжөөж чаддаг, зөөлөн сэтгэлтэй нэгэн байсан гэдгийг “CNN” агентлагт ярьжээ.

Бүсгүйг өөд болохын урд өдөр буюу долдугаар сарын 19-ний өдөр Шаухат Мукадам эхнэртэйгээ Ид аль-Адха шашны баярыг угтан дэлгүүр хэсэхээр гарсан аж. Нар жаргахын үед гэртээ ирсэн тэд охиноо байхгүй байгааг олж мэдэн утас руу нь залгасан боловч унтраалттай байжээ. Ийнхүү тэд найз нөхдөөс нь сураглаж эхэлтэл Нур ч эцэг эхтэйгээ холбогдон найзуудтайгаа Лахор хот руу аялахаар болсноо дуулгасан нь сүүлчийн дуудлага байв.  Маргааш үдээс хойш нь буюу долдугаар сарын 20-ны өдөр цагдаа нар түүний эцэгтэй холбогдож охин Нур нь Захир Жафферийн гэрт нас барсан байдалтай олдсоныг мэдэгджээ. Аллагын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.

ПАКИСТАНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ШААРДАЖ БАЙНА

Нур Мукадамын үхэл эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил аюулын харанга дэлдэж буй Пакистан дахь охид эмэгтэйчүүд рүү нийгмийн анхаарлыг зүй ёсоор татсан юм. Пакистаны Хүний эрхийн яамнаас өгсөн мэдээллээр тус улсын 15-49 насны эмэгтэйчүүдийн 28 орчим хувь нь 15 наснаасаа бие махбодийн хүчирхийлэл амссан байдаг аж. ДЭМБ-аас 2008-2018 онд Пакистаны гэр бүлийн орчинд явуулсан судалгаанд дурдсанаар эцгийн эрхт ёс ноёлсон тус улсад гэр бүлийн хүчирхийллийг хэвийн зүйл гэж үздэг бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад төдийлөн мэдээлдэггүй байна.

Эмэгтэйчүүд хүчирхийллийн талаар мэдэгдэхээс зайлсхийдэг нь зөвхөн нийгмийн хэм хэмжээ төдий биш, харин хууль эрх зүйн тогтолцоо тэдний эсрэг байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Сахар Бандиал “Пакистаны эрүүгийн шүүхийн систем гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг хосуудын болон гэр бүлийн хоорондын асуудал гэж үздэг” гэжээ.

Үндсэн хуулиндаа заагаагүй боловч тус улсын зарим муж энэ талаархи өөрийн гэсэн хууль тогтоомжтой байдаг. Тухайлбал, Синд, Балучистан мужууд бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, хэл амаар үйлдсэн гэр бүлийн хүчирхийллийг албан ёсоор хориглодог бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон этгээд хорих ял сонсох юмуу хохирогчид нөхөн төлбөр төлдөг байна. Харин Пенжаб мужид гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль тогтоомж байдаг боловч эрүүгийн хариуцлагад татдаггүй аж.

Нур бүсгүй өнгөрснөөс хойш төрөлх хотынх нь иргэд түүний дурсгалыг хүндэтгэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөн хэдэн өдөр жагсчээ. Түүний инээмсэглэсэн төрх бүхий хөрөгний өмнө цагаан лаа асааж, цагаан цэцэгс өргөсөн байв. Цаашлаад Дублин, Лос Анжелес, Нью-Йорк, Лондон, Торонто зэрэг хотуудад энэхүү жагсаалын "оч ассан" юм. Том эгч Сара Мукадам талийгч бүсгүйн талаар “Тэр дэлхийг өөрчлөхийн тулд ирсэн. Тэр үргэлж энэ тухайгаа ярьдаг байсан" гэжээ. Түүний хамт олон хүн бүсгүйн золгүй үхэл эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах хуулиудыг батлахад хүчтэй түлхэц үзүүлнэ хэмээн найдаж байна.

С.Нарангарав

Эх сурвалж: CNN News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж