Хуулийн сайдын гууль!

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хуулийн сайдын гууль!

Хуулийн сайдын гууль!

Засгийн газрын харъяа Тагнуулын ерөнхий газраас “Nonaadam”-ыг гадны тусгай албадаас санхүүжүүлсэн гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар хэвлэлээр цацсаны дараа, хүн амины хэргээр Мааньтад 25 жилийн ял эдлэж байгаад таван жилийн өмнө суллагдсан Хонхэрэйдийн Б.Энхбат гэгч жагсаалд оролцсон хүмүүсийг хэвлэлээр ил цагаан заналхийлэв.

Бусдын амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн эрүүгийн гэмт хэрэгтэнтэй ямар нэгэн хариуцлага тооцсон талаар лав ЦЕГ тайлбар мэдээлэл  хийгээгүй, таг чиг л байна. Иргэдээ жагслаа, цуглалаа, зул өргөлөө гэж  баривчилдаг цагдаа нар рецидивуудыг эсэргүүцээгүйг бодоход эрх баригчдын эсвэл хууль хүчнийхний өөрсдийнх нь зорилготойгоор зохион байгуулсан хэвлэлийн бага хурал байсан ч биз. Товчхондоо "эсэргүүцээд, шүүмжлээд байвал эрүүл мэнд амь насаа алдана шүү" гэсэн анхааруулгыг эрх баригчид хүн амины онц ноцтой гэмт хэрэгт ял шийтгэл эдлэж явсан хүнээр дайчихаж байна гэж хардагдав, харагдав.

Монголын цагдаа, төрийн байгууллагууд иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж явсан удаа нэг хоёроор тогтохгүй.  Жишээ нь, гүтгэлэг мэдээлэл тараадаг хуурамч хаягуудтай тэмцэхээр хоёр жилийн өмнө "Дархан монгол ногоон нэгдэл" төрийн бус байнууллагатай хамтарч ажиллах санамж бичгийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба үйлдэж явсан. Зарим аймаг сумдын Засаг дарга нар иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлээд уул уурхайн компаниуд дарамталж шантаажлах нь хэвийн үзэгдэл болоод удаж байна.  Гурван жилийн өмнө Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаярын гарын үсэгтэй албан бичигт Гутайн даваанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хоёр компанийг "нам дарж" өгөөч гэсэн хүсэлтийг Босоо Хөх Монголынхонд тавьсан нь сошиалд бөөн шүүмжлэл дагуулж байсан билээ. Энэ мэтээс харахад  эрх баригчид рецидивүүдтэй нэг хөнжилд орцгоосондоо ичиж, нуухаа ч байж.

Хуультай, дүрэмтэй, хөл толгойтой улсад  хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн  камерын өмнө бусдын амь насанд илтэд заналхийлж буй нь хойшлуулашгүйгээр баривчлах ёстой гэмт үйлдэл мөн. Тэр үнэхээр бусдын амь нас, эрүүл мэндийг хохироовол хариуцлагыг нь хэн үүрэх вэ?. Иргэдээ хамгаалаагүй цагдаа юу, рецидивүүдийг турхирсан эрх баригчид уу.  Б.Энхбатын энэ үйлдэлд хуулийн сайдаас тайлбар нэхэх нь хууль ёсных юм. Монгол ардчилсан хүнлэг энэрэнгүй хууль дүрэмтэй улс мөн бол шүү дээ. 

Эх оронч нэр зүүсэн босоо, хэвтээ хөх монголууд иргэдийг ил цагаан заналхийлэх нь байдаг зүйл болж хувирсан. Түүнийгээ сошиалд ид бахтай нь аргагүй цацна. Гэвч тэднийг хэн ч баривчлахгүй, саатуулахгүй. Учир нь, тэд эрх мэдэлтнүүдийн "нохойд барьдаг мод" болохоор тэр.  Тэгэхээр  Хонхэрэйдийн Б.Энхбатын хийсэн хэвлэлийн бага хурлыг мэдээг үзэхэд ардаа эзэдтэй рецидивүүдээс ард түмэн өөрсдийгөө хамгаалахгүй бол “миний цагдаа намайг өмгөөлөх” нь лөөлөө болжээ.  Товчхондоо, Б.Энхбат гэгчийн энэхүү сүрдүүлэг цаашдаа дарга нарын давуу эрх, дабль стандартыг шүүмжилсэн хэн боловч гадаадын тагнуул болоод шоронд орох үгүй бол рецидивүүдийн гарт эрүүл мэнд, амь насаа алдах хоёр сонголттой нүүр тулах мэдэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, зандалчдад алуулах уу, шоронд суух уу, эсвэл амаа үдэх үү. Ийм гурван сонголттой нийгэм бүрэлдэж байгаа нь  энэрэнгүй ардчилсан Монголын эмгэнэл болох нь.

   Өнгөрөгч долдугаар сард "ноёдын наадам"-ыг эсэргүүцсэн “nonaadam” жагсаалд оролцов. Өчнөөн зуун хүний амийг авч одсон цар тахлын үед иргэдээ хөл хорьчхоод эрх баригчид үзэгчгүй наадам нэрийн дор өөрсдөө тусдаа баярлахыг эсэргүүцсэн юм. Түүнээс Монголын өв соёл, уламжлал, үндэсний баяраа хэн ч үгүйсгээгүй, эсэргүүцээгүй. Тэгээд ч наадам бол Монгол Улсы өв соёл, үндэсний баяр. Харин эрүүл монгол иргэд бол Монголын улсын дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм. Бүтэн хоёр жил шахам ажил орлогогүй, цалин мөнгөгүй, хөл хориотой, өвчин зовлонтой байхад эрх баригчид 10 тэрбумаар зуун жилийн ойгоо тэмдэглэх нь угаасаа шударга бус. Шударга ёс ярьж төрийн эрхэнд суусан хүмүүсээс иргэд шударга ёс хүссэн төдий.

Учир нь тэнд иргэд нь эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй эмнэлгийн гадаа үхэж байхад энд дарга нар морь уралдуулж, бөх барилдуулж баярлаж цэнгэж болохгүйд иргэд бухимдсан, жагссан. Иргэдийн эсэргүүцэл жагсаалыг эмэгтэй гишүүд ч дэмжсэн. Цар тахлын үед наадам хийхгүй байхыг Засгийн газраас УИХ-ын эмэгтэй гишүүд шаардаж хэвлэлийн бага хурал хийлгэсэн.  Тэгээд ч иргэдийг жагсахаас  өмнө  энэ жилийн наадмыг өнжих шийдвэрийг гаргаснаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаараа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Тэгэхээр Ерөнхий сайдыг ч, УИХ-ын гишүүдийг ч Хятадын тусгай албад санхүүжүүлсэн болж таарах нь ээ.

Жагсаалд оролцсон иргэдээ гадаадын тагнуул “нэр хоч” зүүж буйн цаад шалтгаан нь нэн ойлгомжтой харагдаж байна. Иргэдийнхээ амыг барих. Явандаа "Фашистууд үйлд­вэрч­ний эвлэлийн гишүүдийг баривчлаад явлаа. Би үйлдвэрчний эвлэ­лийн гишүүн биш учраас тоосонгүй. Фашистууд еврейчүүдийг баривчлаад явчихлаа. Би еврей биш учраас мөн л тоо­сонгүй. Коммунистуудыг баривчлаад явахад нь ч тоосонгүй. Адаг сүүлд нь намайг баривчлахаар ирлээ. Намайг өмөөрөх хэн ч үлдсэнгүй" гэгч л болно.  Энэ бол жинхэнэ айдас хүйдэс.  1937 оны хэлмэгдүүлэлт анх Японы тагнуулаар эхэлсэн байдаг.

Нөгөөтэйгүүр эрх баригчид рецидивээр иргэдээ дарамтлуулж, сүрдүүлж,  гадны тагнуул болгон айлгаж, ичээх гэж байгаад эдийн засгаараа туг тахих вий.

Баталгаа, нотолгоо нь байхгүй бол “Nonaadam”-ыг Хятадын тусгай албаныхан санхүүжүүлсэн гэж баримтгүй цуурах нь хоёр улсын харилцаанд сэв суулгаж мэднэ. Тэгвэл  юун наадам манатай. Улсаараа дампуурна гэсэн үг.  

Хил дээр гацаа үүсэх төдийд  хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бараа таваарын үнэ хэд дахин өсчихсөн статистиктайгаа эрх баригчид бодитойгоор танилцах ёстой болов уу. Тэгвэл ядаж л хэнээр юу хэлүүлэхээ сайн ойлгох биз ээ. Монгол Улсын экспортын 96.1 импортын 40 гаруй хувийг Хятад Улс эзэлдэг. Харамсалтай нь, Монголын эрх баригчид хүний эрхийн мэдрэмжгүйн дээр дипломат харилцааны бодлого алга.

Эцэст нь сануулахад, рецидив гэмт хэрэгтэн хууль, цаазаас айж, эмээхгүйгээр ил цагаан иргэдээ заналхийлж байгаа нь хууль сахиулах салбар өнөөгийн сайдын өнгөн дээр гууль болж буйн тод жишээ юм. Төр түрийний бөөснүүдээ толгойдоо гаргачихжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж