“Бүх цаг үеийн хамгийн чадваргүй ЗГ ажиллаж байна”

Хуучирсан мэдээ: 2021.08.09-нд нийтлэгдсэн

“Бүх цаг үеийн хамгийн чадваргүй ЗГ ажиллаж байна”

Ажил төрөл тань гацаж хүндэрсэн үү, харин илүү хялбар шуурхай болсон уу гэдэг асуулт асуугаад үз.

“Бүх цаг үеийн хамгийн чадваргүй ЗГ ажиллаж байна”

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй түүний үүсгэн байгуулсан шинэ нам болон Ардчилсан намын шинэчлэл, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сайн байна уу. Өнгөрөгч тавдугаар сард та Иргэний оролцооны нэгдэл намыг байгуулсан. Шинэ намаар тань сонин сайхан юу байна вэ?

-Тавдугаар сард би нам байгуулахаа нийтэд зарласан юм. Дараа нь улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргаж намын нэр баталгаажуулалт хийлгэж авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл намаа үүсгэн байгуулах хуралд бэлтгэх ажлыг удирдаж байна. Үүсгэн байгуулах хурлын төлөөлөгчдийг бүх аймаг, дүүргээс сонгосон. Төлөөлөгчдөд үүсгэн байгуулагчдын хурлын зарыг хурлаасаа хоёр сарын өмнө хүргүүлсэн. Одоо аймаг дүүргүүдэд салбар ажлын хэсэг байгуулах, үүсгэн байгуулагчдын хурлын үеэр болох сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх, нам үүсгэн байгуулах 801 гишүүдийн бүртгэлийг хүлээж авах ажил ид дундаа явж байна. Үүсгэн байгуулах хурлаа есдүгээр сарын 9-ний өдөр товлож, бэлтгэл ажлаа хийж байна .

-Шинэ нам байгуулахдаа Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулсан  шалтгаан нь юу байсан бэ. Зарим хүмүүс их гайхаж хүлээж авсан?

-Давхцал гараагүй ээ. Бид үүсгэн байгуулах ажлаа яг хуулийн дагуу дэс дараагаар нь хийхэд дөрвөн сарын хугацаа шаардагдах юм билээ. Тэр цагийн төлөвлөлтөөр явж байна.

-Шинэ нам байгуулснаар Ардчилсан намын хагарлыг улам дэвэргэсэн гэж зарим хүмүүс харж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Одоогоор манай Иргэний оролцоо апп-ыг татан авч гишүүнээр элсэж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь өмнө нь ямар нэгэн намд байгаагүй хүмүүс байна. Шинэ хүмүүстэй хамт улс төрд зүтгэхээр эвлэлдэн нэгдэж дээ гэж ойлгосон.

-Таны харж буйгаар АН шинэчлэгдэх боломжтой юу. АН ер нь шинэчлэгдэж чадах уу?

-Маш хэцүү байдалд байгаа даа. Бүх зүйл залуучуудаас нь л шалтгаална.

-Сүүлийн үед иргэдийг үзэл бодлоо илэрхийлсний төлөөх хууль, хүчний баривчилгаа хэрээс хэтэрч байна. Та хүний эрхийн төлөө дуугардаг цөөн улстөрчдийн нэг. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-МАН засгийн эрхэнд гарсан үед үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, чөлөөт хэвлэлийн эрх чөлөө байнга хумигддаг. Энэ бол сүүлийн 30 жилд үргэлж давтагдаж байсан дүр төрх. МАН-ын шинэ үеийн залуус засгийн эрхэнд гарлаа, өөрсдөө эрх чөлөөтэй нийгэмд өсөж өндийлөө, одоо л энэ нам хүний эрхийг ойлгож хүндлэх байх гээд бодох гэхээр л өмнөх дүр төрхөө улам сэргээх юм хийгээд байна. Шинэ дэвшилттэй зүйл харагдахгүй, ажил мэддэг хүн цөөн, төрийн албыг шимэгчлэх сүлжээ болгож ашиглаад байгаа нь харамсалтай байна. Дээрээ хүний эрхийг хүндлэхгүй, хэвлэлийн бага хурал ч хийлгэхгүй, хүний үг хэлэх эрхийг хааж боогоод байхаар хэт давруу зарим нөхөд шууд эрүүгийн хэрэг хийхээ зарлаж байна. Энэ бол МАН-ын буруу манлайлалтай шууд холбоотой. Дээрээ суудлаа олж хүний эрхээ бат хамгаалдаг болох хэрэгтэй.

–Одоо байгаа эрх баригчдын бодлогыг хэрхэн харж байна вэ? 

-Бидэнд мэдэгдэхгүйгээр чив чимээгүй байдлаар маш олон хууль дүрэмд сэм өөрчлөлт орж байна. Тэрний үр дүнд ажил хийх, аж ахуй авч явах, төрийн бус байгууллага ажиллуулах гээд ер нь л энгийн ард иргэдийн хийдэг бүх ажилд саад учирч байна.

Хүмүүс  эрх баригч нам сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу гэдгийг ганцхан л зүйлээр хэмжиж болно. Ажил төрөл тань гацаж хүндэрсэн үү,  илүү хялбар шуурхай болсон уу гэдэг асуулт өөрөөсөө асуугаад үз. Төрийн хийх ёстой ганцхан ажил бол татвар төлөгчдийнхөө ажилд учирч буй саад бэрхшээлийг арилгалцах, тэдэндээ үйлчлэх байдаг. Төрд ажиллаж байгаа хүн бол нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдгийг эд нар нэг л  ойлгохгүй байх шиг байна. Нийтийн эрх ашигт нийцтэй, хүртээмжтэй шийдлүүдийг гаргаж чадахгүй байна.  Замын-Үүд дээр ийм аймшигтай гацаа үүсч хэдэн мянган хүний амьжиргаа түгжигдэж байсан түүх манай урьд өмнөх төр засгуудын үед ер гарч байгаагүй. Тэгэхээр зөвхөн тэр гацаанаас харахад өнөөдөр бүх цаг үеийн хамгийн чадваргүй засгийн газар ажиллаж байна. Гацаа үүсгэж байгаа ур чадваргүй хүмүүсийг яаралтай сольж мэргэжлийн чадварлаг хүмүүсээ төрд урьж ажиллуулах хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
69
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж