Сурвалжлага: Харъяаллаар хүүхдийн эрхэнд халдах уу? | News.MN

Сурвалжлага: Харъяаллаар хүүхдийн эрхэнд халдах уу?

Сурвалжлага: Харъяаллаар хүүхдийн эрхэнд халдах уу?

Сурвалжлага: Харъяаллаар хүүхдийн эрхэнд халдах уу?

Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн хотод түгжрэл нүүрлэдэг. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн харъяаллын дагуу сургуульдаа хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэж албаны хүмүүс үзэж байна.

Ингэснээр эцэг эх нь Сонгинохайрхан дүүргийн харъяалалтай хэдий ч ажлын газрынхаа ойролцоо Баянзүрх дүүрэгт байр түрээсэлдэг бол заавал харъяа дүүргийн сургуульдаа хүүхдээ бүртгүүлэхээр журамлах гэнэ. Нийслэлийн төвийн сургуулиудын удирдлагуудын зүгээс  уг шийдвэрийг зөв гэж харж байгаагаа хэлсэн юм. Учир нь сургуульд шинээр элсэн суралцах хүүхэд харъяа боловсролын байгууллагад суралцаагүйгээс олон асуудал үүсдэг байна. Тухайлбал, сургуулиуд ачааллаа дийлэхгүй байх, замын түгжрэл нэмэгдэх, нэг ангид нэмэлтээр хүүхэд авснаас болж сургалтын чанар мууддаг гэсэн тайлбарыг өглөө.

СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ХУВИЙН СУРГУУЛИАС ХАРЬЯАЛЛЫН СУРГУУЛЬ РУУ ШИЛЖИХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭН

Нийслэлийн лаборатори Нэгдүгээр сургуулийн захирал Р.Энхбат:

-Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газраас өгсөн чиглэлийн дагуу сургуулиуд цахим элсэлтийг зохион байгуулна. Хамран сурах тойргийн дагуу хүүхдүүдийг бүртгэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор бичиг баримтын зөрчил болон бусад зүйлсийг хянах тусгай хяналтын ажилтан сургуулиудад хуваарилах болж байна. Нэгдүгээр сургууль 2021-2022 онд таван бүлэгт 250 орчим хүүхэд авахаар төлөвлөсөн. Анги дүүргэлтийн хувьд, хамран сурах тойргийн хүүхдүүдийн статистикаас хамаарна. Манай сургуульд энэ жилийн байдлаар 3700 орчим хүүхэд сурч байна. Харъяаллын бус сургуульд хүүхдээ шилжүүлж суралцуулах сонирхолтой эцэг, эх олон байдаг.

Нэгдүгээр ангиас бусад ангиудад шилжилт хөдөлгөөний харъяалал харгалзахгүй. 2-12 дугаар ангийн сурагчдын хувьд Covid-19 халдвартай холбоотойгоор эцэг, эхийнх нь эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа зогсож, хувийн сургуулийн төлбөрөө төлж чадахгүй болсон гэдэг шалтгаанаар сүүлийн хоёр жилийн хугацаанд өргөдөл, хүсэлтүүд ирсэн. Мэдээж, сурах орчин нөхцөл, сургалтын чанараа анхаарч байж тэр хүүхдийг авах, үгүйг шийддэг.

Анги дүүргэлт ачаалалтай байгаа учир харъяаллын дагуу улсын сургуульд хүүхдээ өгөх хүмүүсийн тоо өссөн. Бидний хувьд энэ асуудлыг дур мэдэн шийдвэрлэх ямар ч боломжгүй. Та Сүхбаатар дүүргийн тэр байрны хаяг дээр түр оршин сууж байгаа юм байна. Тиймээс манай сургууль хүүхдийг чинь хүлээж авахгүй гэж хэлэх боломжгүй. Нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүд бол заавал цахимаар бүртгүүлэх учир түр оршин сууж байгаа, байнгын хаяг дээрээ эцэг, эх нь оршин суудаггүй бол яах ёстойг миний хувьд одоогоор баттай шийд гараагүй учир мэдэхгүй байна. Ямартай ч энэ асуудлын талаар яамнаас мэдээлэл хийнэ гэсэн.

Энэ талаар БШУЯ-ны харъяа лаборатори 23 дугаар сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын тавдугаар сургуулиас тодруулахад мөн ижил тайлбарыг өгсөн юм. 23 дугаар сургуулийн тухайд нийт 2500 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд энэ намрын нэгдүгээр ангийн хүүхдийн элсэлтийн квот болон нэрийг Нийслэлийн боловсролын газраас өгнө гэв.

Хамран сурах тойрогтой холбоотойгоор цахим бүртгэлд үүсэх асуудлын талаар боловсролын яамнаас тодруулахад:

-2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид нийт 81375 сурагч элсэн суралцана. Цахим бүртгэлийг хийхэд бэлэн болсон. Нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар бүртгэх нь хамгийн оновчтой бөгөөд эрсдэлгүй арга. Ингэснээр нэг сайн гэсэн сургуульд элсэх сурагчдын бөөгнөрөл буурна. Мөн хотын төвийн замын хөдөлгөөнийг саармагжуулах боломжтой. Нийслэлийн боловсролын газраас хамран сурах тойрогтой холбоотойгоор үүсэх асуудлуудыг нарийвчлан судалсан. Хамгийн гол нь нэгдүгээр ангийн сурагчдыг бүрэн хамруулах, гурван ээлжээр хичээллэж буй байдлыг бууруулах зорилготой. Мөн байнгын оршин суудаг хаяг дээрээ оршин суудаггүй ч нийслэлд ажиллаж, амьдарч байгаа бол тухайн харъяа тойрогтоо л хүүхдээ сургана.

Хэрэв нэгдүгээр ангид элсэх гэж байгаа бол ямар нэгэн байдлаар ажлынхаа газрын ойролцоо эсвэл өвөө, эмээгийнх нь гэрийн ойролцоо сургуульд бүртгүүлэх боломжгүй. Түрээсийн байр болон түр оршин суугаа тодорхойлолт байсан ч хаягийн зөрчил үүсвэл тухайн хүүхдийг цахимаар бүртгэх боломжгүй болно. Яамнаас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийнэ гэв.

Шинээр сурагч болж байгаа хүүхдийг сургуульд сургахын тулд нийслэлд амьдарч байгаа хүмүүс заавал хаяг дээрээ амьдрах хэрэгтэй болж байна. Хэрэв өөр дүүрэгт хүндэтгэн үзэх шалтгаанаар аж төрдөг бол хүүхдээ сургуульд зөөхөөр эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэг нь заавал ажлаасаа гарах шийдвэрийг гаргахаас өөр сонголтгүй болжээ. Энэ нь хүүхдийн амьдрах, сурч боловсрох үндсэн эрхэнд халдаж буй том жишээ. Бүх л бүтэн улсын нийслэл байж боловсролын салбар нь хүнд сурталтай шийдвэр гаргаж байгаад эцэг эхчүүд ч гомдолтой байна.

ХЭДИЙГЭЭР ТЕХНОЛОГИ ХӨГЖСӨН Ч БИД АРДЧИЛСАН УЛСАД АМЬДАРЧ БАЙГАА

ИРГЭН Д.ОРГОДОЛСҮРЭН:

-Энэ намар миний хүү нэгдүгээр ангид орно. Гэтэл надад цахим бүртгэл, нэгдүгээр ангийн элсэлтийн талаар авсан мэдээлэл алга. Боловсролын яамнаас танхим, теле хичээлийг сөөлжилж орохоор боллоо гэдэг мэдээ л уншсан. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй хүмүүст цахимаар бүртгүүлнэ гэдэг боломжгүй санагдаж байгаа. Хэдийгээр технологи хөгжсөн ч бид ардчилсан улсад амьдарч байгаа. Хүүхдээ аль сургуульд сургах нь хүний эрхийн асуудал. Гэтэл боловсролын газраас нэрсийг нь хуваарилж, хамран сурах тойргийнхоо оногдсон сургуульд хүүхдээ сурга гэдэг шийдвэр гаргасан нь буруу. Иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ оршин суудаг хүн хэчнээн байгаа билээ. Хотын түгжрэл ямар их болдог билээ. Тиймээс эцэг, эх нь ажлын газрынхаа ойролцоо сургуульд хүүхдээ өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гэр, ажил хоёрын хаяг өөр болохоор бүртгэл дээр асуудал их гарах байх.

ЭХЛЭЭД ХАЯГЖИЛТЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ

ИРГЭН Д.УРАНХАЙЧ:

-Анги танхимын хүрэлцээг харвал зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Боловсролын газрын хийж байгаа харъяа сургуульд нь хүүхдийг элсүүлнэ гэдэг миний хувьд зөв шийдвэр. Гэхдээ эхлээд хаягжилтын асуудлыг шийдэх ёстой. Дүүрэг хооронд шилжих, өөр байранд нүүж орсон тохиолдолд хуучин хаягаа солиулж амжаагүй хүмүүс байгаа. Тэгэхлээр энэ тохиолдолд хүүхдүүд хохирно гэсэн үг. Холын дүүрэгт байлаа гэж бодоход сурах гэж байгаа хүүхэд явдал дундаа ядрана гэх мэт олон бэрхшээл үүснэ гэж бодож байна.

 

БОЛОВСРОЛЫН ЯАМНЫХАН АМЬДРАЛД БУУСАН ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ

ИРГЭН Д.ЧИМГЭЭ:

-Халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж хичээл сургалтыг эхлүүлэх нь зөв. Миний охины ээж, аав нь гадаадад байдаг учраас би хичээлийг нь зааж өгдөг. Улсын сургуульд сурдаг хүүхдүүдийн хувьд эмээ, өвөөгийндөө амьдарч байгаа тохиолдолд харъяа хол сургуульд хүргэж өгөх гээд явж байна гэдэг хэцүү. Боловсрол хүүхдэд маш чухал зүйл. Тиймээс яамны удирдлагууд нь амьдралд ойр шийдвэр гаргаж, түүнийгээ хянаж ажиллаж чаддаг байгаасай гэж хүсч байна. Хэн ч хүүхдээ сайн сургуульд сайн боловсрол эзэмшүүлэхийг хүснэ. Гэтэл улсаас заавал янз бүрийн шалтаг хэлж хүүхдийн эрхэнд халдаж болохгүй. Улсын төсөвт суудаг тэр олон тэрбум төгрөгөөр жил бүр сургууль барьж чадвал гурван ээлжээр ачаалалтай хичээллэдэг сургуулийн тоо ч цөөрнө.

ХАМРАХ ТОЙРОГТ БИШ ХАГАС ДУТУУ ОЛГОЖ БАЙГАА БОЛОВСРОЛД АНХААРАХ НЬ ЧУХАЛ

ИРГЭН О.ЗОЛЗАЯА:

-Манай том хүүхэд хоёрдугаар ангид орно. Өнгөрсөн хичээлийн жил ганцхан сар танхимаар орсон. Хүүдээ хичээлийг нь би өөрөө зааж өгсөн. Одоогийн байдлаар зарим үсгээ сайн мэдэхгүй л байна. Тэгэхлээр цахим бүртгэл, хамран сурах тойрог гэхээс илүүтэй сургалтын чанар, хагас олгож байгаа боловсролд анхаарах нь зүйтэй болов уу. Хүмүүс энэ сургууль сайн гэж бодоод л хаа байсан нөгөө захаас төв рүү хүүхдээ зөөж байна. Захын дүүргүүдийн сургалтын чанарыг төвийн сургуультай ижил болгож чадвал хүмүүс хүссэн хүсээгүй хүүхдээ сургана. Бас харъяа хороо, байрны хүүхдийг  бүртгэж авна гэдэг хүнд суртлыг халах хэрэгтэй. Миний иргэний үнэмлэхийн хаяг өөр дүүрэгт бүртгэлтэй байдаг. Түүнээс болж одоо байгаа хаягийнхаа ойролцоох сургуульд хүүхдээ бүртгүүлэх гэж бөөн ажил болсон. Хүмүүсийн ажил, амьдралын нөхцөлийг харгалзаж бодитоор биелэх боломжтой шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Сургуулиуд сургалтын хөтөлбөр, анги дүүргэлт зэрэгт анхаарлаа хандуулахгүзй бол улсын сургуульд хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байна шүү дээ.

Харъяа бус хүүхдүүд нэг ангид олон орсноос болж сургалтын чанар муудаж, багш  хүүхэд нэг бүртэй тулж харилцах боломж ч багасдаг болохыг эцэг эхчүүд хэлж байв. Хамран сургах тойргийг батлахдаа аль болох тухайн хүүхдийн гэрт ойр сургуульд хамруулах болон тухайн сургуулийн хүчин чадал зэргийг харгалзан зохицуулалт хийдэг аж. Хэрэв энэ шийдвэр хэрэгжвэл эцэг эхчүүд, боловсролыг яамны дунд багагүй, маргаан зөрчил үүсч магадгүй байна.

Гэрэл зургийг Г.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-09 103.212.119.225

Улсын сургуулийн багш нарыг сэлгээгээр ажиллуулчих. Төрийн албан хаагч л юм бол сургуулийн захиргаатай биш НБГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг болгоод аль сургуульд ажиллуулахыг НБГ мэддэг болгочих. Сургалтын чанар нийтээрээ сайжирна. Бүх сургуульд гэрэл гэгээ тусна.

Avatar

Зочин 2021-08-09 202.126.90.66

харьяалалаараа сурах нь хамгийн зөв шийдэл. бас цахим бүртгэл үнэхээр амар хүндрэл чирэгдэлгү юм бнлээ. өнгөрсөн жил цахимаар бүртгүүлж хүүхдээ сургуульд оруулсан. хүүхэд бүртгүүлэх гэж бөөн бичиг цаас очер дараалал бололгүй үнэхээр амар бсан шүү. бас сургууль нь гэрт ойрхон болохоор хичээлд хүргэж авах гэж их цаг зарцуулахгү хүүхэд ч ядрахгү амар шүү.

Avatar

Уншигч 2021-08-09 202.9.40.43

Мөрддөг бол сайн байна. Даанч авилагач нар нь самарч өгөх байхдаа.

Avatar

Зочин 2021-08-09 66.181.168.82

МАН хийж л байвал бүгдийг нь шүүмжил доош нь хийх даалгавар авсан нөгөө худалдагдсан гэдэг нь л байх даа ядахдаа зөв юман дээр дэмжээд нийгмийг зөв тийш нь залуурдахад өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулы гэсэн сэтгэлгүй, улс хөгжвөл манай намын үед, бусад үед нь сөнөж байвал баярладагт л НАМЧид-ын асуудал байгаа юм.

Avatar

Зочин 2021-08-09 12.14.148.163

Хайч гэсэн нэртэй хүмүүс их байдаг юм байна

Avatar

Зочин 2021-08-09 43.228.130.24

Хүүхдээ аль сургуульд сургах нь хүний эрхийн асуудал гэх юм. Хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Таны хүүхэд эрхээ эдэлсэнээр тухайн тойргийн нэг хүүхэд гэрийнхээ ойр сургуульд орж чадахгүй, чадсан ч ангидаа олон хүүхэдтэй тул сурч чадахгүй болж эрх нь зөрчигдөнө. Та гэрийнхээ ойр сургуулийг голж байгаа бол хүүхдээ хувийн сургуульд оруул, эсвэл тэр сургуулиа хөгжүүл гэж холбогдох хүмүүст нь шаард.

Avatar

Зочин 2021-08-09 202.131.243.186

Хамран сургах тойргоо баримтлах нь зүйтэй . Хамран сургах тойргийн сургуулийн сургалтын чанар тааруу бол сайжруулахын тулд " Таны төлөө ажиллана , зүтгэнэ " гэж сонгогдсон дүүрэг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө шахах , шаардах хэрэгтэй . Түүнээс сайн сургалттай гээд төвийн гэгдэх сургуулиуд уруу ямар ч хамаагүй аргаар оруулах гэж зүтгэх нь шийдэл биш . Таны хүүхдийн эрх бусад хүүхдийн эрхээр хязгаарлагдана гэдгийг санах хэрэгтэй .

Avatar

Зочин 2021-08-09 202.131.243.186

Facebook – р давалгаалах дуртай хүмүүс хүүхдүүдийнхээ хамран сургах тойргийн сургуулийн сургалтын талаар давалгаалан , хариуцах хүмүүсийг нь шахах хэрэгтэй .

Avatar

Зочин 2021-08-09 112.72.6.94

Маш зөв шийдвэр байна. 2000 оноос өмнө хүүхэд бүр гэрийн ойрхон сургуульдаа явцгаагаад маш амар байсан. Одоо харин ихэвчлэн хол ойрын сургууль шилж сонгон оруулж тэр хүүхдүүдээ хүргэж өгч авах гэж машин замд ачаалал түгжрээ үүсгэж, эцэг эх өөрсдөө ч ядарч байдаг. Энэ бүгд цэгцрээд хүүхдүүд гэртээ хамгийн ойрхон сургууль руугаа өөрсдөө гүйгээд л орчихдог болчихвол хичнээн амар байхсан. Өнөөдөр уншсан хамгийн зөв сайхан мэдээ байлаа

Avatar

Иргэн 2021-08-09 202.21.114.170

Тойрогтоо сурах хамгийн чухал, энэ түгжрэл утаа сайн сургуульд хүүхдээ өгөх гэсэн асуудлаа болж гарч байна. Бага боловсролы бүхэлд нь үнэгүй болгох асуудлыг ч одоо шийдэх ёстой. Тэгэж байж түгжрэлээс сална, утаанаас сална. Хаа байгаа увсаас хүүхдээ хотод сургаж байна. Энэ бол эрүүл биш сэтгэлгээ.

Avatar

Зочин 2021-08-09 202.9.46.185

Энэ шийдвэр зөв. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүс бол боловсролыг мөнгө олх арга болгосон хүмүүс.

Avatar

Зочин 2021-08-09 202.179.25.44

Хамран сургах тойрог чухал. Эцэг, эжхчүүд өөрсдийн харьяалалаа амьдарч байгаа газраа шилжүүлэх боломжтой. Бусад улс орнууд өргөн ашигладаг арга. Монголчууд юуны өмнө шүүмжлэдэг сэтгэхүйнээсээ сал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж