Хойд Солонгосын бүс нутгуудад сүүлийн үед хүчтэй аадар бороо орсон нь эдийн засгийн хямрал, хүнсний хомсдол үүсэх эрсдлийг дагуулж буй. Тиймээс Ким Жон Ун гамшигт өртсөн бүс нутгуудад тусламж үзүүлэх ажилд цэргийн хүчээ дайчлахаар болжээ. Эрх баригч Ажилчны намын Цэргийн төв комисс зүүн өмнөд Хамгён мужид хуралдаж, борооны улмаас үүссэн хохирол, нөхөн сэргээлтийн асуудлыг хэлэлцсэн талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “KCNA” өнөөдөр мэдээлэв.
Ким хуралд оролцоогүй ч цэргийн тусламжийн ажлыг яаралтай эхлүүлж, бүс нутгуудыг шаардлагатай зүйлсээр хангах даалгаврыг цэргийн удирдлагуудад өгсөн байв. “KCNA” борооны улмаас үүссэн хохирлын хэмжээг тодорхой мэдээлээгүй боловч цэргийн комисс гамшигт нэрвэгдсэн газар нутгийг сэргээн босгох, хүмүүсийн амьжиргааг тогтворжуулах, “Сovid-19”-ээс урьдчилан сэргийлэх, газар тариалангийн алдагдлыг бууруулах зэрэг ажлуудыг судалж үзсэн гэжээ.
Хойд Солонгос сүүлийн үед цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хязгаарлахад чиглэгдсэн олон улсын хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн хямралд өртөх төлөвтэй байгаа юм. Өмнөд Солонгосын төв банк Хойд Солонгосын эдийн засгийг сүүлийн 23 жилийн түүхэн дэх хамгийн том хямралыг үзэж байна гэжээ. Түүнчлэн сунжирсан цар тахал, өнгөрсөн жилийн далайн хар салхи зэрэг байгалийн хүчин зүйл нэмэрлэсэнээс хүнсний хомсдол үүсэх аюултай тулгараад буй билээ.
Хойд Солонгос “Covid-19”-ийн нэг ч тохиолдлыг бүртгээгүй боловч хилээ хаан худалдаагаа зогсоож урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээг авсан. Өмнөд Солонгосын хууль тогтоогчид өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос үүсээд буй хямралыг давахын тулд нэг сая орчим тонн будаа шаардлагатай байгаа талаар мэдээлсэн бөгөөд дайны үед хэрэглэх зориулалттай цэргийн нөөцийн будаагаа шавхсан гэжээ.
С.Нарангарав
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ