УИХ-ын дарга Г.Занданшатар наймдугаар сарын 3-нд том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалгаа хийхийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Дөлгөөнд үүрэг өгсөн. Тэгвэл спикерийн өгсөн үүргийг эсэргүүцэн “Энэ нь иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг. Том мөнгөн дэвсгэрт гаргах УИХ-ын даргын шийдвэр хэрэгжвэл нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно” хэмээн өнгөрсөн Пүрэв гаригт Ардчилсан намаас мэдэгдсэн билээ.
Монгол Улсын хувьд 1994 онд 5000-ын, 1995 онд 10 мянгын, 2006 онд 20 мянган төгрөгийн дэвсгэртийг хамгийн сүүлд гүйлгээнд оруулж байв. Том мөнгөн дэвсгэрт гаргахад иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөгийн ханш сулрах сөрөг хүлээлт үүсгэдгийг мэргэжилтнүүд хэлсэн. Тэрчлэн иргэд бэлэн мөнгө хэрэглэх нь багасч цахимаар төлбөр тооцоогоо хийдэг болсон энэ үед шинэ мөнгөн дэвсгэрт гаргах хэрэгцээ байхгүйг эдийн засагчид хэлж байна. Ингээд тэдний байр суурийг хүргэж байна.
МӨНГӨН ДЭВСГЭРТИЙНХЭЭ ТООГ ТОМРУУЛНА ГЭЖ ЯРИХ НЬ САНХҮҮГИЙН МЭДЛЭГ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ
Эдийн засагч Д.Амгалан:
-Том мөнгөн дэвсгэртийг төгрөгийн худалдан авах чадвар сулраад гүйлгээнд ашиглагдах боломжгүй хэмжээнд очсон үед гаргадаг. Монгол Улсын эдийн засгийн нэгдсэн гол үзүүлэлтүүд эмзэг байгаа нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах нь төр эдийн засгийг удирдаж, хяналтаа хийж чадахаа больж гэдэг сэтгэгдлийг л иргэдэд төрүүлнэ. Дэлхийн бусад улс орнууд бэлэн бус тооцоо буюу дижитал хэлбэр рүү шилжиж байхад бид мөнгөн дэвсгэртийнхээ тоог томруулна гэж ярих нь санхүүгийн мэдлэг чадвар сул байгаагийн илрэл. Олон улсад бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гэмт хэргүүдийг багасгахын тулд бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээх үзэл санааг дэмжиж байна. Тухайлбал, хээл хахууль, татвараас зайлсхийх, мөнгө угаах, мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэх терроризмыг санхүүжүүлэх зэрэг гэмт хэргүүдийг багасгахыг хичээж байна. Мөнгөн дэвсгэртийнхээ хэмжээг томруулах нь эдийн засаг буруу тийшээ явж байгаагийн нэг хэлбэр. АНУ-д гэхэд 100 ам.доллараас дээш байхгүй шүү дээ. Инфляци өндөр, цалин бага, инфляцийн өдөөж байгаа хүчин зүйлүүд идэвхтэй байгаа энэ үед буруу санал гэж харж байна.
ЕВРОПТ ЭСЭРГЭЭРЭЭ ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТҮҮДИЙГ АШИГЛАХАА БОЛЬЖ БАЙГАА
Эдийн засагч Ч.Отгочулуу:
-Монгол Улс хоёр жил дараалан сонгууль хийж бэлэн мөнгө тараасны улмаас инфляци өндөр байгаа. Инфляцын түвшин өндөр, иргэдийн сарын орлого бага байх тусам төгрөгийн ханш суларна. Том мөнгөн дэвсгэрт гаргах нь өнөөдрийн нөхцөл байдалд шаардлаггүй гэж харж байна. Иргэд том мөнгөн дэвсгэрт гаргахад төгрөгийн ханш суларч бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци гаарсан юм байна гэдэг буруу хүлээлт үүсгэдэг. Тухайлбал, жижиглэнгийн үнэ бүхлээр тогтож үнэ өсөх хандлага ажиглагддаг. Үнийн өсөлт, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг харьцангуй тогтвортой байх үед том мөнгөн дэвсгэртийг нийлүүлэх хэрэгтэй. Европт эсэргээрээ том мөнгөн дэвсгэртүүдийг ашиглахаа больж байгаа. Монголд төдийгүй дэлхийн улс орнууд бэлэн мөнгөнөөс илүү цахимаар төлбөр тооцоогоо хийж байхад шинэ мөнгөн дэвсгэрт гаргах шаардлагагүй. Бэлэн мөнгийг ихэвчлэн хууль бус үйл ажиллагаанд ашигладаг. Тиймэээс төгрөг тэгтлээ үнэгүйдчхээгүй байхад энэ нь оновчгүй.
ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ ГАРГАХ НЬ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД АШИГГҮЙ
Эдийн засагч Ө.ГанЗориг
-Улаанбаатар хотын иргэд гүйлгээ хийхдээ бэлэн мөнгөнөөс илүү дижитал хэлбэрийг түлхүү ашиглаж байна. Тиймээс том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах нь тийм ч оновчтой шийдвэр биш. Нийслэлийн хувьд инфляцаас шалтгаалан 20 мянган төгрөгийн дэвсгэртийн худалдан авах чадвар муудсан. Тиймээс том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг нь инфляци өргөн хүрээнд явагдаж төгрөгийн худалдан авах чадвар муудаж байгааг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр. Сүүлийн жилд төгрөгийн худалдан авах чадвар суларсан. 2006 онд 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлсэн. Гэхдээ одоо бол тэр үе нь биш. 1000, 5000, 10000 төгрөгийн дэвсгэрт ач холбогдол нь багасч байна. Мөнгө дижитал хэлбэрт шилжиж иргэд кредит карт, интернет банк зэргийг өдөр тутамдаа ашиглах болсон. Тиймээс том мөнгөн дэвсгэрт гаргах нь нийслэлчүүдийн хувьд ашиггүй. Харин хөдөө орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг учраас том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах нь богино хугацаанд хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Улс даяар интернетид холбогдсон учраас том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргалаа гэхэд 5-10 жилийн хугацаанд хэрэгцээгүй байх магадлалтай.
Э.БУРАМ