“Токио 2020” хамгийн эко олимп боллоо

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

“Токио 2020” хамгийн эко олимп боллоо

“Токио 2020” хамгийн эко олимп боллоо

2021 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпийн 32 дахь наадам энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Япон улсын Токио хотноо зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус наадмын энэ удаагийн онцлог “хамгийн ногоон” гэдэг тодотгол байв. Тодруулбал, “Токио-2020” түүхэн дэх хамгийн байгальд ээлтэй олимпоор тодорч байна.

Олимпийн хотхон дотор ус төрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагаас гадна тамирчдын орыг картонон цаасаар хийсэн байв. Мөн олимпийн тэмцээний эрчим хүчийг ус төрөгчийн хийгээр хангаж байгаа аж. Цаашлаад аль болох дахин боловсруулсан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэсэн зэрэг нь ийн тодотгол хүлээхэд нөлөөлжээ.

 ОУОХ -ны Корпораци ба Тогтвортой хөгжлийн менежер Мари Саллоис “Бид 2015 оноос хойш Олимпийн наадам зохион байгуулагчидтай өргөн хэлэлцүүлэг явуулахдаа нөхөн сэргээгдэх байдлыг чухалчлахын ач холбогдлыг онцолсоор ирсэн.  Энэ бол Олимпийн наадам зохиохын мөн чанар болсныг ч үгүйсгэх аргагүй. Учир нь бид одоо л асуудлыг хөндөж тавихгүй бол ирээдүйд учрах гарз хохирол илүү их байх болно” гэжээ.

Олимпийн медалуудыг ч мөн дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн гэдгийг дурдах хэрэгтэй. Тодруулбал, медалуудыг зургаан сая ширхэг хуучин гар утас, 78 мянган тонн гаруй загвар нь хуучирсан компьютер болон бусад электрон хог хаягдлаар хийжээ. Хаягдсан металуудыг дахин боловсруулах боломжтой бөгөөд үүнийг хотын олборлолт гэж нэрлэдэг байна. Энэхүү боломжийг олж харсан тус наадмын зохион байгуулагчид хуучин гар утас, компьютер зэрэг эд хэрэглэлээ хандивлахыг хотын оршин суугчдаас хүссэн байжээ.

Тус төслийн багийнхан хэлэхдээ байгалийн нөөц баялагаар хомс Япон зэрэг улс орнууд дахин боловсруулах технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг гэсэн юм. “ReNet Japan” группийн гүйцэтгэх захирал Такаши Курода “Дахин боловсруулалт бол дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Тэр дундаа аж үйлдвэржсэн улс орнууд алт, мөнгө, хүрэл гэх үнэт металуудыг дахин боловсруулж хэрэглэхээс өөр аргагүй. Тиймээс бид энэ жишгийг Олимпийн наадмын дараа дараагийн зохион байгуулагч нарт түүчээлэх болно” гэжээ.

Олимпийн наадам өндөрлөсний дараа үүнд зориулж босгосон хотхоныг нийтийн орон сууц, сургууль, худалдааны төвийн зориулалтаар ашиглах гэнэ. Мөн Токио хотын захиргаа хотын тогтвортой хөгжлийн хүрээнд тус бүсийг эрчим хүчээ устөрөгчөөр хангадаг хотхон болгох болгохоор зорьж байгаа аж. Наадмын зохион байгуулагчид Олимпийн наадмын үеэр нийт гурван сая тонн орчим хий ялгарна гэж тооцоолж байсан ч эцсийн дүнг наадмын дараа танилцуулахаар болжээ.

С.Нарангарав

Эх сурвалж: TRT World

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж