- Хэнтий аймгийн Биндэр сумаас 15-20 км хойт зүгт байдаг Дарьт гэдэг газарт өчигдөр /2021.8.7/ атгасан гар шиг хэмжээтэй мөндөр оржээ. Энэ талаар Биндэр сумын Засаг даргын тамгын газраас тодруулахад:
-Өчигдөр сумын төвөөс хойш 10-20 км зайд байрлах Дарьт гэдэг газар мөн Ширээт гэдэг газарт хүний атгасан гар шиг хэмжээтэй мөндөр орсон. Бороо орж байгаад ойролцоогоор 10 минут орчим хугацаанд мөндөр орсон. Малчид болон тус газарт байрладаг айл өрхүүдийн байшингийн дээвэр хууларч, машины цонх нь хагарсан зэрэг хохирол учирсан мэдээлэл ирсэн.
Байгалийн үзэгдэл түр зуур болсон учраас иргэд аймгийн Онцгой байдлын газарт дуудлага, мэдээлэл өгөөгүй байх. Иргэд маань дор бүрнээ аадар бороо, ширүүн салхи гарах талаар мэдээлэлтэй байсан. Цаг агаарын аюулт үзэгдэл болох тухай мэдээллийг аймгийн онцгой байдлын газар тогтмол мэдээлдэг. Гэхдээ гэнэт орсон мөндрөөс болж хохирсон айл өрх олон байна. Тусламж шаардлагатай өрхүүдэд сумаас туслах болно. Өнөөдрийн байдлаар тус газарт оршин суугаа айлын хүмүүстэй холбогдоогүй байгаа” гэсэн юм.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан зургаас харвал мөндөр атгасан гарсан хэмжээтэй бөгөөд айлуудын цонх, машины шил зэргийг хагалсан дүр зураг харагдаж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар сэрүүсч, аадар бороо орох тул малчид иргэдийг голын ойролцоо байрлахгүй байх, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байгаа. Тиймээс иргэд та бүхэн цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлж бага насны хүүхдэдээ мөн анхаарал сайн тавихыг зөвлөж байна.
Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас өнөөдөр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг мөн анхааруулжээ.
Холбоотой мэдээ