Токио 2020 олимпийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн алтан медалийн төлөөх тоглолт өнөөдөр/2021.08.08/ болов. Энэ тоглолтод АНУ-ын супер бүрэлдэхүүнтэй баг Японы багийг 90-75 гэсэн харьцаатай ялж, долоо дараалан олимпод түрүүллээ.
WNBA-ийн од тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн АНУ-ын баг тоглолтын эхнээс онооны тэргүүллийг авч, илүү явсаар ялжээ. Тус багийн төвийн тоглогч Бриттни Гринер өндөр нуруугаа ашиглан 30 оноо, таван самбараас бөмбөг авалт, гурван хаалт хийв. Түүнд А’жа Уилсон 19 оноо, долоон самбараас бөмбөг авалт, таван ашигтай дамжуулалт, таван хаалт хийж тусалжээ. Ерөнхийдөө, АНУ-ын эмэгтэйчүүд өндөр нуруугаа ашиглан өрсөлдөгчөө ялсан гэхэд хилсдэхгүй. Тэд багаараа будагтай талбайгаас 58 оноо авч, 12 хаалт гүйцэтгэжээ.
АНУ-ын багийн ахмад тоглогчид болох Диана Таураси, Сью Бөрд нар олимпийн таван алтан медаль хүртсэн амжилттай болж, түүх бүтээлээ.
Акацүкигийн тав хэмээх хочтой Японы сагсан бөмбөгийн баг ч том амжилт үзүүлсэн. Тус улсын сагсан бөмбөгийн эмэгтэй баг ердөө тав дахь удаагаа л олимпод оролцож байгаа ч мөнгөн медаль хүртлээ. Тус багийн гишүүн Рүи Мачида хагас шигшээ шатанд Францын багийн эсрэг олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 18 ашигтай дамжуулалт өгсөн билээ.
Хүрэл медалийг Францын шигшээ баг хүртсэн.
Холбоотой мэдээ