Бруней улсад өчигдөр “Covid-19”-ийн найман тохиолдол бүртгэгдсэнээр тус улс хязгаарлалтын дэглэмээ чангатгалаа. Долоон тохиолдол нь орон нутагт гарсан бол гадны орноос илэрсэн нэг тохиолдол байгаа аж. Орон нутгийн халдварын тухайд өнгөрсөн оны тавдугаар сарын 6-наас хойш бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ.
Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр шашны сүм хийдийг хаах, сургуулиудыг онлайн сургалтад шилжүүлэх, ресторанд хооллохгүй байх, дотор болон гадна спортын байгууламж, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв, кино театруудыг хаах зэрэг арга хэмжээг хоёр долоо хоногийн турш хэрэгжүүлэх аж.
Үүний зэрэгцээ, дэлхий нийтийг түгшээсэн “Дельта” хувилбар тархсантай холбогдуулан Бруней улсын Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн газраар зорчигсод амны маск тогтмол зүүж байх удирдамжийг гаргажээ. Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс ч уг удирдамжийг дагана гэжээ.
Бямба гаригт найман шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Бруней улсад “Covid-19”-ийн нийт тохиолдлын тоо 347 болжээ. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр гаднаас илэрсэн нэг тохиолдол нь долдугаар сарын 30-нд Малайзын Куала Лумпураар дамжин Ойрхи Дорнодоос ирсэн 37 настай эрэгтэй аж.
С.Нарангарав
Эх сурвалж: Xinhua agency
Холбоотой мэдээ