Тойм: Олимпийн медальтнууд эх орондоо ирэв

Хуучирсан мэдээ: 2021.08.08-нд нийтлэгдсэн

Тойм: Олимпийн медальтнууд эх орондоо ирэв

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ М.ЭНХСАЙХАНД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн эрх үүргийн хүрээнд улс төрийн хилс хэргээр буруутгагдан шүүхээс ял шийтгэл хүлээж, ШШГЕГ-ын харъяа 409 дүгээр ангид хоригдож байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан  М.Энхсайханд уулчлал үзүүлэх зарлигийг наймдугаар сарын 5-нд гаргав.

Түүнийг  Тавантолгойн гэрээг боловсруулахдаа террорист үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж прокуророос буруутгасан боловч шүүх хэргийг нь нотлож чадаагүй тул албан хэрэгцээнд унаж байсан хуучин авто машины хэрэг тохоод 4 жил 6 сарын ял оноосон юм.

Энэ хэрэг дээр ажилласан шинжээчийн 2019 оны аравдугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй болохыг урьдчилан дурьдах нь зүйтэй” гэсэн байдаг. М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцээгүй, Засгийн газраас төслөө эргүүлсэн татсан. Төсөл хэрэгжсэн бол Монголын эдийн засагт дор хаяж 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд орж ирэх байлаа.


ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТАНХИМААР БОЛОН ЦАХИМААР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛНЭ

Засгийн газар наймдугаар сарын 4-нд хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаныхан танилцуулав.  

БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:

-Хүн амын дунд вакцинжуулалт бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Монгол Улсын хэмжээнд нийт иргэдийн 60 гаруй хувь нь вакцинд хамрагдсан. Энэ дотроос сургууль цэцэрлэг, багш ажилтнууд хоёр дахь тундаа хамрагдаад, ирэх сарын 1-н гэхэд 90 гаруй хувьд хүрнэ. Цар тахлын улмаас 185 мянга орчим хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Тийм учраас ирэх есдүгээр сард үе шаттайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, 12-17 насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь вакциндаа хамрагдсан байна. Нийт 220 мянган хүүхэд вакцины хоёр дахь тунгаа авчээ. Вакцинжуулалт өндөр байгаа учраас эрдэмтдийн тооцоолсноор өдөрт гарч буй халдварын тоо буурна. Есдүгээр сард халдварын тоо буурах таамаг байна. Гэхдээ эрсдэл бий.

Засгийн газрын шийдвэр маш том эрсдэл дагуулсан шийдвэр боллоо. Тухайлбал, 0-11 насны хүүхдийн дунд өвчлөл өндөр байна. Улсын хэмжээнд халдвар авсан 180 мянга гаруй иргэдийн 20 хувь нь хүүхэд буюу халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байгаа юм. Вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдийн эрсдэлийг тооцох ёстой.


МОНГОЛД ВАКЦИНЫ III ТУНГ ХИЙХ БОЛООГҮЙ

Вакцины гуравдугаар тунг хийх эсэх нь иргэдийн сонирхлыг ихэд татаж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг сая 987 мянга 603 иргэн буюу нийт хүн амын 61.1 хувь нь дархлаажуулалтын хоёр тунд хамрагдаад буй. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бүрэн тунд хамрагдсан ч халдвар авах эрсдэл өндөр байгаа учир гуравдугаар хийж магадгүй гэж мэдээлсэн.

МЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

-ДЭМБ-ын хийсэн судалгаагаар вакцин халдвараас 90-95 хувь хамгаалдаг болох нь батлагдсан. Хүний биед хамгаалах буюу дархлааны эс 1-2 тунг хийлгэснээр тогтдог. Одоогоор Монгол Улсад гуравдугаар тунг хийнэ гэсэн зөвшөөрөл, ямар нэгэн захирамж гараагүй байна. Бид нэмэлт тунг хийх боломж, нөхцөл юу байгааг судалж байна. "АстраЗенека" вакцины хоёр тунг хийлгэсэн иргэн дараагийн удаа аль үйлдвэрийн вакцин хийлгэх нь зүйтэй болон гурав дахь тунг хэрэв хийхээр бол иргэд өөрсдийн сонголтоор вакцинаа сонгох боломжтойг судлах ажил үргэлжилж байна. Зарим улсад гуравдугаар тунг өөрийн хүсэлтээр хийлгэж эхлээд байгаа. Халдварын тархалт, нийтийн дархлаа зэргийг харгалзаж зорилтот бүлгийнхэнд гол төлөв нэмэлт тунг хийж байна. Монголд ч мөн ялгаагүй хийж эхлэх бол 60-аас дээш насныханд хийж магадгүй. Наймдугаар сард гуравдугаар тунг хийж эхлүүлэх ажил хугацааны хувьд хойшлоод байгаа.


ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Токио-2020 олимпийн наадмаас медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан тамирчид наймдугаар сарын 4-нд эх орондоо ирлээ. Тодруулбал, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар болон мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллаеи тэргүүтэй баг, тамирчид тухайн өдрийн оройн 23.05 цагт Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Олон улсын нисэх буудлын гадна талбайд Монголынхоо баг тамирчдыг угтан авахаар гэр бүл, найз нөхөдийн төлөөлөл цуглажээ.Олимпийн медальтнуудтай хамт жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийн өргөлтийн тамирчид гээд 40 хүний бүрэлдэхүүнтэй эх орондоо ирэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж