Спортын сэтгүүлч Ч.Амартүвшин хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийг байртай болгох "АЛТАН ОХИН" аяныг санаачилж, өчигдөр /2021.8.7/ эхлүүлсэн. Энэх хандивын аянг тамирчин бүсгүй хүсэхгүй байгаа учир цуцалж буйгаа цахим хуудастаа бичжээ.
Тодруулбал, Токиогийн олимпийн наадам өндөрлөх дөхөж, олимпийн баатрууд эх орондоо эхнээсээ ирлээ. Монгол түмэн хайртай тамирчдаа халуун дотноор хүлээн авч, баяр хүргэн шагналын хур буулгаж эхэллээ. Сангийн яамнаас ч орон байрны 30 хувийн урьдчилгаа өгөх сураг дуулдав. Сангийн яам ганц нэг бус олимпийн тамирчиддаа бүгдэд нь ийм эрх олгоосой.
Жишээ нь гэхэд гадаадын дөрвөн улсын өндөр үнэтэй саналаас татгалзаж, монгол эх орноо сонгосон М.Анхцэцэг маань одоо болтол түрээсийн байранд амьдарч байна. Эмэгтэй хүнд ахадсан спортоор хичээллэж, шилбэ нь гэмтэлтэй ч Олимпийн хүрэл медалийн төлөө эцсээ хүртэл тэмцсэнийг улс орон даяараа бүгд харлаа. Анхаа маань одоо наймдугаар сарын 15-нд түрээсийн байрнаасаа гарах гэж байгаа гэнэ.
Олон сар хүнд бэлтгэл хийж, олимпод оролцоод, буцаж ирээд л ар гэр, орон байрны асуудалд санаа зовдог. Монгол эмэгтэй хүн тулдаа энэ их бэрхшээлийн ард гардаг байх даа. Улаанбаатар хотын захирагч нэг юм бодно гэдэгт итгэлтэй байна.
Хэдэн тамирчидтайгаа ойр байдаг болохоор сэтгэл өвдөх юм. Багш нь зардалгүйн улмаас ганцаараа хоёр ч тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Хорь хүрээгүй байхдаа ганцаараа явж байгаад гараа гэмтээсэн дээ. Ёстой хатаагдсан Болд шиг мундаг охин шүү. Ар гэртээ санаа зовохгүй болчихвол Анхаа маань оон олон тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэтэй байна. "Алтан охин" М.Анхцэцэгтээ сэтгэлийн бэлэг илгээцгээе хэмээн хэлсэн юм.
Харин тамирчин М.Анхцэцэг тус аяныг зогсоож өгөхийг хүсч, цахим хуудастаа “Хөдөө явж байгаад хальт сүлжээ ороод хартал хандивын аян эхэлжээ. Би өөрөө хүсээгүй болохоор энэ постыг устгуулж энэ аяныг зогсоож байна. Дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Дараа дараагийн удаа иймэрхүү зүйлийг заавал надаас зөвшөөрөл авч байж нийтлэхийг хүсч байна. Олон хүнд хүргээд өгөөрэй ямар ч хандивын аян байхгүй шүү” гэжээ.
Холбоотой мэдээ