Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга:
-Бид нар ажлаа аваад таван жил болж байна. Олимпоос олимпийн хооронд ажлаа дүгнэдэг. Манайхан олимпийн боломжит 12 эрхээс есийг нь авсан. Есөн тамирчны зургаа нь анхны олимпдоо оролцлоо. Зургаан тамирчны дундаж нас 23. Бид таван жилийн өмнө 18-20 настай залуучуудыг авъя гэж бодсон. Нийт таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн тамирчны найм нь шилдэг наймд шалгарлаа. Медалийн тоо цөөхөн ч гэсэн залуучуудыгаа дэмжсэн бодлого зөв барьжээ. “Covid”-той холбоотой тэмцээн уралдаан цөөхөн байсан ч олимпийн эхний гурван өдөр гарааныхаа өмнөх сэтгэл зүй дээр алдсан. Миний хувьд залуучуудыг сонгосондоо баярлаж байгаа. Одоо гуравхан жилийн дараа Парисын олимп болох гэж байна. Өнөөдрийн тамирчид ид амжилт гаргах насан дээрээ очно. Бид шигшээ багийг авахад дундаж нас нь 27-28 байсан. Таван жилийн хугацаанд их залуужуулсан. Шигшээ багийн дараагийн дасгалжуулагч нарт залуу баг бүрдүүлж өгсөндөө сэтгэл хангалуун байна. Казахстанд болсон олимпийн эрх олгох Азийн тэмцээний үеэр нийт тамирчдын 60 хувь нь “Covid-19”-ийн халдвар авсан. Мөн эрх олгох дэлхийн тэмцээнээр багийн тал тамирчид халдвар авсан. Статистик ярихад 1980 оноос хойш 41 жилийн хугацаанд Монголчууд найман удаа олимпод оролцож, нийт дөрвөн удаа медалийн төлөө барилдсан байдаг. Энэнтэй харьцуулахад бид энэ жил таван удаа медалийн төлөө барилдлаа. Энэ үзүүлэлтээрээ ч манай эмэгтэй баг дэлхийн чансаанд эхний тавд орж байгаа. Ирэх 10-р сард дэлхийн аварга байгаа. 10-р сарын ДАШТ-ий дараа ажлаа хүлээлгэн өгье гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж, дараагийн шигшээ багийн багш нартай хамтарч ажиллана. Таван жилийн хугацаанд их хэрүүл тэмцэл үзсэн ч зөв бодлого барьсан. Би 2019 онд олимпийн аварга төрүүлнэ гэж амласан ч чадсангүй. Мөн эрэгтэй шигшээ багийн тамирчдыг медальд хүргэж чадсангүй. Тиймээс өөрийн хүсэлтээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэж өгнө.
18:00
Т.ТУЛГА ХАРАМСАЛТАЙГААР ЯЛАГДАЖ, ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
Т.Тулга дагах барилдаанаа Унгарын Исмаил Мусукаевын эсрэг хийж, 4-2 гэсэн харьцаатай ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Оноо 3-2 байхад манай талаас челленж дарсан ч амжилтгүй болж эсрэг тал оноо авсан юм.
16:00
Т.ТУЛГЫН ЭСРЭГ ИСМАИЛ МУСУКАЕВ
Олимпийн чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг-ын медальтнууд өнөөдөр/2021.08.07/ тодорно. Энэхүү жинд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Т.Тулга 17.45 цагаас Унгарын Исмаил Мусукаевтай барилдана. Т.Тулгат олимпийн эхний барилдаанаа Японы Такүто Отогүротой барилдаж, 6-3-аар ялагдсан. Азаар Япон тамирчин алтан медалийн төлөө шалгарч, Т.Тулгат дагах барилдаан хийх эрхтэй болов.
Харин түүний өрсөлдөгч Исмаил Мусукаевын хувьд эхлээд Аргентины Агустин Дестрибатсыг ялж, шөвгийн наймд шалгарсан. Гэвч манай бөхийг ялсан Такүто Отогүро түүнийг ялж, цааш шалгарсан. Өөрөөр хэлбэл, Такүто Отогүрод ялагдсан хоёр бөх дагах барилдаанд учраа таарчээ.
Өдгөө 28 настай Унгар бөхийн хувьд дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальтай.
Т.Тулга, Исмаил Мусукаев нарын хэн ялсан нь хүрэл медалийн төлөө дэлхийн аварга Оросын Гаджимурад Рашидовтой барилдана.
Холбоотой мэдээ