Токиогийн олимпийн эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн финалын тоглолт өнөөдөр/2021.08.07/ болж, АНУ-ын шигшээ Францыг 87-82 гэсэн харьцаатай ялж, эх орондоо Токиогийн олимпийн 100 дахь медалийг авчирчээ.
АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй баг дөрвөн олимп дараалан түрүүлж байна.
АНУ-ын эрэгтэй шигшээ баг энэ олимпийн нээлтийн тоглолтоо Францын эсрэг хийж, ялагдал хүлээсэн. Харин өнөөдөр АНУ-ын залуус тэс өөр тоглолтыг үзүүлж, нэгдүгээр үеэс онооны тэргүүллийг үүсгэж улмаар ялалт байгуулав.
Тоглолтын дараа алтан медаль хүртсэн Кевин Дюрант “Ялалтын цаг ирлээ. Энэ бол хож эсвэл гэртээ харь гэсэн л тоглолт байлаа. Цуврал биш, ганц тоглолт. Тиймээс тоглолтын эхнээс л өөрийгөө бүрэн дайчилсан. Бэлдсэнээрээ л тоглож, амжилт гаргалаа” гэжээ.
Энэхүү тоглолтонд мөн нэгэн түүхэн үйл явдал тохиосон нь Жавейл Макги ээжийнхээ адилаар олимпийн алтан медаль хүртэв. Түүний ээж Памела Макги сагсан бөмбөгийн тамирчин бөгөөд 1984 оны Лос Анжелесын олимпод эх орноо төлөөлөн алтан медаль хүртэж байжээ. Ийнхүү олимпийн түүхэнд ээж хүү хоёр алтан медаль хүртсэн анхны тохиолдол энэ болов.
Холбоотой мэдээ